Хүннү гүрэн байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын буриад сурын харвааны шилдгүүдийг өчигдөр шалгаруулав.
16 аймгийн 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон энэ харваанаас хоёр мэргэн шинээр төрсөн бол хоёр харваач спортын мастер, гурван харваач дэд мастерын болзол хангажээ.
Эрэгтэй харваачдыг Дорнод аймгийн Сэргэлэн сумын уугуул Хэрлэн сумын харьяат, "Цацраг трейд”, "Дорнын гэрэгэ” компанийн харваач З.Ариунбат манлайлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, "Алдар” спорт хороо, "Жем интернейшнл” компанийн харваач Б.Батбаатар удааллаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Орхон аймгийн харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү гуравдугаар байрт шалгарав.
Эмэгтэй харваачдаас Хөвсгөл аймгийн Бүрэнтогох сумын уугуул, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, "Бурхан халдун” группийн харваач Ж.Нямдаваа түрүүллээ.
Хоёрдугаар байрт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, "Дорнын гэрэгэ” ХХК-ийн харваач, үндэсний сурын спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа шалгарч, Өмнөговь аймгийн харьяат, "Таван толгой транс” ХХК, "Ажнай” корпорацийн харваач, үндэсний сурын Монгол Улсын мэргэн, спортын мастер С.Баярмаа удаах байрыг эзэлжээ.
Х.Эрхэм
Өнөөдөр сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих