МОСКВА. /Ёнхап/. Крымын Автономит Бүгд Найрамдах Улсын парламент энэ сарын 6-нд хаалттай хуралдаж, Крымын статусын талаар санал асуулгыг энэ сарын 16-нд явуулахаар шийдсэн нь Украины нөхцөл байдлыг дахин хурцатгав.
Украины зэвсэгт мөргөлдөөн, хямралт байдал арай гэж намдсан боловч байдал дахин хурцдах өндөр эрсдэлтэй болоод байна. Уг нь энэ сарын 30-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулж Крымын Автономит Бүгд Найрамдах улсын бие даасан статусыг нэмэгдүүлэх эсэхийг шийдэхээр тогтоод байсан боловч түүний наана бас нэгэн гэнэтийн санал асуулга явуулах шийдвэр гарав. Энэ нь Украины харьяанаас гаралгүйгээр бие даасан статусаа нэмэгдүүлэх биш, бүр Украины харьяанаас гарч ОХУ-ын бүрэлдэхүүнд орох асуудал юм. Крымын хүн амын 60 хувь орос үндэстэн бөгөөд тэд Киевт тогтсон шинэ засгийн газраа эсэргүүцэж байгаа, мөн Крымын газар нутаг түүхэн удаан хугацаанд Оросын бүрэлдэхүүнд байж ирсэн зэрэг хүчин зүйлсийг тооцож үзвэл энэ сарын 16-ны санал асуулгаа дэмжигдэх магадлал өндөр.
Крымчүүд Киевийн шинэ Засгийн газрыг хууль бус цэргийн эргэлтээр засгийн эрхийг авсан гэж үзэн тэдэнтэй яриа хэлцээ хийхээс татгалзаж, тэдний удирдлагаас гадуур засгийн газар парламент байгуулж, хууль сахиулах байгууллагатай болсон нь Крымын хойгт албан бусаар тусгаар улсын статустай улс бүрэлдэж амжсаныг харуулж байна. Энэ нөхцөл байдалд 16-ны санал асуудлыг дүн хэрхэн гарах вэ гэдэг бараг ойлгомжтой мэт санагдана.
Гэхдээ ОХУ Крымын шийдвэрийг хүлээж авах эсэх хараахан тодорхойгүй хэвээр байна. Үүнээс өмнө Ерөнхийлөгч В.Путин Крым дэх орос үндэстний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс цэрэг хүртэл илгээсэн удаатай. Харин Крымыг өөрийн орны бүрэлдэхүүнд авна гэдэг бол өөр асуудал. Тэрээр өмнө Украины асуудлаар Европын удирдагчидтай уулзахдаа Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдах ёсгүй гэж хэлсээр байсан. Тусгаар улсын нэг хэсгийг өөртөө авах үйлдэл нь олон улсын хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Харин энэ бүхнийг сөрөн байж Крымыг өөртөө авах нь Орост тийм ч амаргүй байх болно.
Хэрэв Крым Оросын бүрэлдэхүүнд орвол Украины зүүн хэсгийн нутгуудад Орост нэгдэх хөдөлгөөн газар авч, энэ нь Орос Украины харилцааг улам хурцатгаж зэвсэгт мөргөлдөөний нөхцөл байдал үүсэж ч болно.
2008 онд Гүржид дайрсны дараа ОХУ Гүржээс салан тусгаарласан Абхаз, Умард Осетийн тусгаар тогтнолыг дэмжиж байсан боловч тэднийг өөртөө нэгтгээгүй билээ. Ерөнхийлөгч В.Путин Крымын санал асуулга явуулах шийдвэрийн талаар мэдээ авмагц аюулгүй байдлын зөвлөлийг шуурхай зарлан хуралдуулсан. Гэхдээ шуурхай хурлаар ямар шийдвэр гарсан нь нууц хэвээр байгаа. Мөн ОХУ-ын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Крымын асуудлаар хараахан тоймтой шийдвэр, байр сууриа илэрхийлж чадахгүй байгаа.
Одоогийн байдлаар Крымын санал асуулгаар ОХУ-д нэгдэх шийдвэр гарсан ч ОХУ Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж үзэх үүднээс тэдний шийдвэрийг хүлээн авахгүй байх магадлал өндөр харагдаж байна. Харин ОХУ тухайн нөхцөл байдлыг Украины шинэ Засгийн газрыг номхтгох нэг арга хэрэгсэл болгож болох юм.
А.Цацралт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих