Намрын сүүл сарын саран над дээр тусч, би хачин гоё зүүднээс гэнэтхэн сэрчихэв. Яльгүй жавартай ч тунгалаг саран тооноор асгасан энэ шөнө би ээжийгээ зүүдэлжээ. Гэхдээ хачин гоё зүүд л дээ, тантай хамт зургаа авхуулаад инээд хөөр дүүрэн явж байх юм. Ийм үед та зөөлөн босч ирээд бүүр түүрхэн нойрон дунд миний өмнүүр сар халхалан нимгэн тэрлэг унинаас өлгөдгийг санаад би яаран босч, ээж тандаа захидал тэрлэн сууна. Энэ л Дорнын догшин сарнаас үрээ харамласан таны сэтгэлийг би тухайн үед тэгтлээ ухаарч яваагүй юм байна.
Яг одоо цагийн зүү шөнийн 02 цаг 25 минутыг зааж байна. Ээжээсээ холдож үзээгүй болоод тэр байхдаа таныг хачин их санах юм. Түүнээс биш та над дээр ирээд буцсан цагаас хойш нэг сар ч болоогүй л байна. Өдийд та шөнө дөлөөр нойроо хулжаан хүүгийнхээ тухай бодож байгаа байх. Дорнын их талд өглөөдөө цагаан манан хөлбөрч, дэрсэн толгойдох цан бага үд хүртэл буухгүй байгаа нь мэдээж. Ийм л буцаж байгаа цагийн хормойд хүүгээ хүлээн суугаа ээжийн сэтгэл яахин тайван байгаа аж дээ. Хэдийгээр налгар тайван ч Дорнын говьд цагийн салхи сэвэлзэж, өглөө оройн жавар сэтгэлийг тань жиндүүлэхийн хэрээр та муу хүүгээ санаж байгаа гэдэгт эргэлзэх юм алга.
Харин аав маань зэрэгцэн нойроо хулжаагаад "Миний хөгшин унтаа унт, тийм том болсон эр хүний төлөө санаа зовоод яахав” гэж ээжийг тайвшруулж байгаа ч өөрөө цаанаа муу хүү маань яаж будилж явдаг бол доо. За эр хүн ч тэгээд аргаа олчихно гэж өөрийгөө тайвшруулж байгаа даа гэж бодохоос ээж аав хоёртоо гүйгээд очмоор санагдах үе алийг тэр гэх вэ. Харин хариуд нь та "Ямар юмных нь эр хүн байх билээ. Гэрээсээ ч хол явж үзээгүй балчир амьтан. Болох бүтэхгүй хүмүүстэй нийлж дарвих вий дээ. Хүрээ газар ч манай энэ хөдөө биш шүү дээ” гэж үглэхээр аав юу ч яриад нэмэргүйг ойлгоод чимээгүй болж байгаа даа. Таны энэ яриа аавын сэтгэлийн мухардах биднийг гэсэн зовнилыг нэмдэг байх шүү ээжээ. Тэртэй тэргүй хүүгээ гэсэн аавын сэтгэл ил биш ч далд шаналан болж явдгийг харин би үеийнхнээсээ түрүүлж мэдэрсэн гэхэд нэг их онгирсон болохгүй байх аа ээжээ.
Тэгэхээр миний ээж санаагаа бүү зовоож бас аавыг давхар шаналгаад байгаарай. Хүү нь алзахгүй, мөдхөн өвлийн амралтаараа тандаа очино. Гэхдээ ээжээ би та хоёрын юу ярьж байгааг яг хэлж байгаа биз. Тэгээд дараа нь дүү нарын тухай яриа руу эргэж, Уламбаяр хил дээр цэргийн алба хааж байгаагаас эхлээд Сулинхээрийн хязгаарт багшилж байгаа Сарангэрэлийн тухай бас л зовнилт яриа өрнөсөөр байгаа. Харин Нарангэрэлийн хувьд нялх амьтан юугаа ч мэдэхгүй бөх гэгч унтаж байгаа байх. Дэргэд байгаа болоод ч тэр үү, бага юм болохоор түүний төлөө тэгтлээ санаа чилээдэггүй байх. Бас л тэгээд мөдхөн цагийн жамыг дагаж таниас явж, дөрвөн зүгт сэтгэл чилээх байх даа. Таны хувьд бол цэрэгт явсан Умбаа маань фронтод яваа мэт л санагдаж байгаа биз.
Цэргийн гэргий болсон дүүгийн хувьд ч санаагаа чилээж л байгаа. Тэгэхээр та санаагаа бүү зовоогоорой, Умбаа олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн хилээ хамгаалаад л байж байгаа. Хуучин цаг биш хил хягаар ч маш тайван болсон шүү дээ. Дүүдүүгийн хувьд ч тэр, амьтны үр сургаж яваа болохоос биш хилийн хайчинд явж байгаа биш юундаа санаа зовох вэ. Ээжээ би таны юу бодож байгааг яг биччих шиг боллоо. Яг л хэлж байгаа биз. Миний хувьд бол бүр санаа зовох хэрэггүй ээжээ, Нээрээ тийм шүү ээжээ, би чинь том эр хүн болчихсон шүү дээ, Санаагаа чилээж юугаа хийхэв дээ. Амьдралыг бүрэн дүүрэн таних нь юу юм, юутай ч гэрэл сүүдрийг ялгахтайгаа болсон байх аа.
Гэхдээ л "Хөгцтэй хад шиг муу хүү нь ээждээ бол манцуйдаа дэрвэлзэх мяндас цагаан үр нь шүү дээ” гэж амьдарлыг бүү хэл орчлонг таньсан буурал найрагч П.Бадарч хэлсэн байдаг даа. Тэгэхээр 25 насыг шүүрч яваа үр нь тандаа нялх л байж таарна. За өөрийгөө нялх гээд яахав ээ, эрхлэх л гэж байгаа ухаан нь энэ байх даа. Ингэхэд нэгэн насыг зөвхөн дүү бид нарын төлөө үрж яваа болохоор ээж таньдаа их л зовох юм. Биеэ бодож байхгүй бол болохгүй шүү ээжээ. Хүн ер нь ээжийнхээ дэргэд байхад тэр хүний тухай огт боддоггүй аж.
Харин амьдрал аяны харгуй хүйн салаа замаар алслах тусам ээжийнхээ энэрэл хайр, ямархан аугаа их энэлэн шаналанг тээж явдгийг мэдэрдэг юм байна. Бүр мэдрэх мэдрэхдээ элгэндээ амталж мэдэрдэг юм байна. Өдөртөө ангийнхаа олон нөхөдтэй үймэж бужигнаад нэг л мэдэхэд орой болно. Харин орой гэртээ харьсан үед ээжийгээ их санана, гэртээ ганцаараа эр хүний зовлон их хойно доо, ээжээсээ эхлээд бүгдийг л санана. Танд тэгтлээ зэмлүүлж байгаагүй ч бас чиг хоосонгүй, зэм гэм зөндөө л байж дээ, Энэ бүгдийн цаана таныг гомдоочихсон байх вий гэж өөрөөсөө асуухад бас л ичмээр, харамсамаар. Тэгтлээ гомдоох зүйл хийж яваагүй ч ялих шалихгүй зүйлээр гомдоосон нь бишгүй юм шиг ээ.
Тэгээд эргээд зүүдээ нэхэн санасан чинь тантай авхуулсан зургаа хальсан
дээрээс буулгасан юм байна. Түүнийгээ гаргаж харсан чинь ээжтэйгээ
татуулсан хөрөг гэдэг чинь энэ ерөнцийн ямар ч эрднээс үнэтэй бололтой.
Би тантай авхуулсан зургаа удаан гэгч ширтээд байсан чинь ерөөсөө шүлэг
бичмээр болоод болдоггүй. Тэгээд нэг шүлэг бичлээ. Та уншаарай, бас
зураг явууллаа. Намайг шүлгээ бичиж дуусаад сүүлчийн цэг хатгахад
өглөөний 6 цаг дөнгөж өнгөрч байна. Баяртай ээжээ, би хичээлдээ явлаа.
Тандаа маш их хайртай шүү.
Улаанбаатар хот Маахуур толгой 2000 он намрын сүүл сар.
Ээжтэйгээ татуулсан хөрөг
Ээжтэйгээ татуулсан хөрөг
Эрлэг зугтам эрхэмсэг
Ээжтэйгээ татуулсан хөрөг
Бурхад атаархам гоёмсог
Энгэртээ мацуулан тэвэрч
Элгэндээ тоссон ижий зураг
Аавын минь бага насыг
Аргадаж тэвэрсэн хатан зураг
Үймэх шувуудын сүүдрээс
Үрээ харамласан эх зураг
Нялхын сүү даахины үнэр
Намайг тэвэрсэн бурхан зураг
Ээжтэйгээ татуулсан хөрөг
Эрлэг зугтам эрхэмсэг
Ээжтэйгээ татуулсан хөрөг
Бурхад аатархам гоёмсог
С.УУГАНБАЯР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих