Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт албаны нохой
бэлтгэлийн сургуулийнхан сургалтаа явуулж байна. Энэ үеэр Хилийн 0151
дүгээр ангийн МСҮТ-ийн Албаны нохой сургалтын төвийн ахлах багш, ахлах
дэслэгч Ж.Өлзийбаяртай уулзаж цөөн хором ярилцлаа.
-Албаны нохой бэлтгэлийн сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна. Сургалтынхаа талаар мэдээлэл өгөөч?
-ХХЕГ-ын даргын тушаалаар албаны нохой сургагч хөтлөгчийн анхан шатны
сургалт явуулахаар Баянчандмань дахь тусгай бэлтгэлийн цогцолборт гарч
ирээд байна. Манай сургалт ерөнхий болон тусгай бэлтгэлийн гэсэн гол
хоёр чиглэлтэй. Одоогоор ноход маань ерөнхий мэдлэгийн сургалтаа
боломжийн хэмжээнд сурсан. Тусгай бэлтгэлийн сургалт эхлээд удаагүй
байна.
-Албаны нохойг бэлтгэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Ер нь бол ямар ч нохойг албанд ашиглахад бэлэн болгоход зургаан сарын
хугацаа шаардлагатай. Бид гурван сарын хугацаанд бэлтгэж байна. Энэ бол
маш бага хугацаа. Нохой, сургагч хоёулаа маш их хичээллэж байж сая
албанд бэлэн болно. Үүний зэрэгцээ хэн хэн нь их ядардаг.
Онол, ерөнхий бэлтгэл, хэрэглэлтэй дасгал, хөөн барилт, мөр судлал,
сонгон ололт зэрэг хичээлүүд орно. Манай энд ирсэн ноход бүгд урд нь
ямар нэгэн сургалтад огт хамрагдаагүй. Ихэнх нь бас нялх, залуугаараа
байгаа л даа. Нохой сургагч хөтлөгчийн хувьд мөн ялгаагүй. Нохой
сургалтын талаар ямар нэгэн мэдлэггүй хүмүүс ирдэг.
Эзэн нь нохойноосоо, нохой нь эзнээсээ айдаг улс л ирнэ дээ. Харин
гурван сарын дараа гэхэд эзэн нохой хоёулаа хил хамгаалалтад бэлэн
болоод л гарна. Үүний төлөө зорин ажиллаж байна. Газар орон дээр нь
сургалтыг зохион байгуулах нь маш үр дүнтэй. Ингэснээр зургаан сарын
сургалтыг гурван сард багтаах боломж бүрдээд буй юм.
-Нохой сургагч нарт тавигдах нийтлэг шаардлага гэж бий юу?
-Одоогийн байдлаар хилийн анги, отрядоос захиалгаар хүмүүс нь ирж
байна. Тэгэхээр энэ хүмүүс дунд нохойнд ямар ч дөргүй бас хайргүй
сэтгэлгүй хүмүүс ч бий. Нохой сургагч хүнд байх хамгийн чухал чанар бол
тэвчээр. Маш их тэвчээртэй байх хэрэгтэй. Нохой нь өгсөн даалгаврыг 100
удаа буруу хийсэн ч тэвч. 100 удаа буруу хийчихээд нэг удаа зөв хийхэд
нь баярлах хэрэгтэй.
Тэгж байж үр дүнд хүрдэг л дээ. Бас нэг чухал чанар нь нохой гэлтгүй
амьтан хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй. Манайхны нэг буруу ойлголт бий л
дээ. Нохойг зодож сургадаг гэдэг. Энэ бол буруу. Нохойг хэзээ ч зодож
сургахгүй. Дан хайр, урамшуулал, магтаалаар нохойг сургана шүү дээ.
Нохойны нүд эзэндээ бүгдийг хэлээд өгчихнө. Айж, баярлаж, эзнээсээ юм
горьдож буйгаа ч хэлнэ шүү.
-Албаны нохдын хоол унд мөн тусгай байх уу?
-Тэгэлгүй яахав. Тусгай хоолтой. Манай ноход өдөрт дөрвөн литрийн хоол
иднэ. Сургалтад хамрагдаж буй нохдын хамгийн дуртай хичээл нь мөр
судлал. Мөрөө зөв таньж судалж чадсаных урамшуулал болж цэг бүр дээр
хоол байна. Бүх мөрөө зөв олж чадвал эцсийн цэг дээр нь тавагтай хоол нь
хүлээж байна. Тиймээс тэр хамгийн дуртай хичээл нь.
-Албаны нохой сургалтын төвийнхөн сүүлийн үед олон нийтийг хамарсан ямар үйл ажиллагаанд оролцов?
-2014 он гарсаар Монголын нохой сургалтын холбоотой хамтарч Дундад
Азийн хоньч нохойн үзэсгэлэн болон бүх нохойн үзэсгэлэнд оролцлоо. Мөн
немц овчарк нохойны үзэсгэлэнд оролцож үзүүлэх тоглолт хийсэн байгаа.
PPTV телевизээр овчарк нохойнд сургалт хэрхэн явуулах нэвтрүүлэгт
оролцсон.
Харин шинэ Монгол телевизийн нэвтрүүлэгт нохой сургагчдаа оруулсан.
Иймэрхүү чиглэлээр байгууллагаа, албаны нохой сурталчилах ажлаа явуулж
байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
Дэд ахлагч Г.Нямгэрэл
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих