Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд суурь өвчтэй болон эрүүл хүүхдийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх "Зуны чийрэгжүүлэх сувилал” ажил тусгагдсан нь биелэлээ олж, эхний ээлжийн 10 хүүхдийг авч сувиллаа эхлүүлжээ. Тус сувилал нь 0-5 хүртэлх насны 30 хүүхдийг хамруулан ээлжээр 10 хоног үргэлжлүүлэн сувилах бөгөөд сумын эрүүл мэндийн төвийг түшиглэн анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог аж.
Хүүхдийн сувилал нь хүүхдийг шар сүү, хар цайнд өдөр бүр ээлжлэн оруулж, насанд нь тохирсон иллэг массаж хийн, элсэн дээр тоглуулж нар ус агаараар эмчилдэг байна. Мөн хүүхэд бүрийг тусгайлан витаминжүүлж, эцэг эх асран хамгаалагч нарт хүүхдийн асаргаа сувилгаа, хөхөөр болон нэмэгдэл хооллолтын чиглэлээр сургалтад хамруулж, өөрсдөөр нь хоол хийлгэх зэрэг хөтөлбөртэй юм байна.
Сувилуулагч хүүхдүүдэд "Сувиллын карт” нээж, биеийн ерөнхий байдал, жин өндөр, витаминжуулалт, асаргаа сувилгаа, хооллолтын талаарх мэдээллийг өдөр бүр тэмдэглэн, үр дүнг сувиллын сүүлийн өдөр тооцож, эцэг эх болон удирдлагуудад мэдээлэх аж. Мөн сувилалд сувилуулсан хүүхдийн сувилгааны картыг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрт хавсарган, үечилсэн дүгнэлт бичиж, зөвөлгөө өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих