Аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд 7 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд анхан шатны эмнэлгүүдийн эмч нарт ХӨЦМ (Хүүхдийн өвчний цогц менежмент)-ийн эмнэлзүйн шинэчилсэн сургалтыг зохион байгуулж сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 20 гаруй эмч нарыг оролцуулж байна. Уг сургалт нь эмч нарын бага насны хүүхдийг үзэж, оношлох, эмчлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготой.
Зорилт:
1. Бага насны хүүхдэд илрэх эмнэлзүйн аюултай ерөнхий шинжүүдийг мэдэх
2. Бага насны хүүхдийг өвчний эмнэлзүйн шинжээр зөв ангилах
3. Хүүхэд бүрийг ХӨЦМ-ийн дагуу үнэлж сурах
4. Ингэснээр цаашид эмчилгээг зөв тогтоож, эхэд оновчтой зөвлөгөөг өгч, давтан илрэх үзлэгийн хугацааг товлож сурах юм.
Сургалт нь 2 сараас 5 хүртэлх насны өвчтэй хүүхдийн үнэлгээ, ангилал, эмчилгээнд орсон өөрчлөлт, Эхэд зөвлөх, нярайн менежментэд орсон шинэчлэл, Хүүхдийг эмчлэх, Нярай хүүхдийн менежмент, Давтан үзлэг сэдвүүдээр хийгдэж байна.
Сургалтыг орон нутгийн сургагч багш болох БОЭТ-ийн Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн П.Баярмаа, Төрөх тасгийн нярайн эмч Ж. Дэлгэрмаа , Мянганжаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч Ж. Мөнхцэцэг, ЭМГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гантуяа нар удирдан чиглүүлэн явуулж байна.
Энэхүү сургалтын үр дүнд өрх, сумдын их эмч , бага эмч нарын бага насны хүүхдийг үзэх, оношлох, эмчлэх мэдлэг, ур чадвар дээшилнэ гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих