Жинхэнэ монгол наадмаа үзэх гэсэн наадамчид алдартай хэдэн уяачийн эрлийз морьдыг дээгүүр давхихыг харж дэмий л бухимдаж, цэвэр монгол адуу уралдуулахаар зориуд авчирсан хөдөөгийн уяачид нутаг нутгийн зүг гомдолтой буцсан юм.
2011 оны зургадугаар сарын сүүлчээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу эрлийз адууг монгол адуунаас ялгаж уралдуулах шийдвэр гарч, Тулгар төр байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар тусад нь уралдуулсан билээ. Долдугаар сарын 10-нд хязаалан, шүдаэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёлон, даага уралддаг уламжлалтай байсан бол дээрх шийдвэр гарснаар 13-нд эрлийз морьдыг дээд, дунд, бага гэсэн гурван насны ангилалд уралдуулах болсон юм.
Эрлийз морьдтой уячдаа хүндэлж, баярынх нь өдөр уралдаан гаргаж өгсөн нь энэ. Эрлийз, монгол адууг хооронд нь биеийн өндөр болон гадаад төрх, үүлдэрлэг шинжээр нь ялгаж, хаана уралдахыг нь шийдэж байлаа. Тэр жил ч жинхэнэ монгол морьдын шандсыг сорьсон сайхан уралдаан болсон шиг санагддаг.
Гэвч Монголын морин спорт уяачдын холбооноос жилийн дараа буюу 2012 оны наадмын өмнөхөн эрлийз адууг монгол адуунаас ялгаж уралдуулах журамд өөрчлөлт оруулсан. Холбооны шийдвэрээр морины сэрвээний зөвшөөрөгдөх өндрийг хэмжээг нэмж, их насанд 140, азарга, соёолонд 138, хязааланд 135, шүдлэнд 130, дааганд 125 см-ээс дээшгүй өндөртэй морь уралдаж болохоор заасан. Басхүү гурван насны адууны шилбийг хэмждэг байснаа хэмжээгээ тавааас зургаан см-ээс өндөрсгөж, дааганых 80, шүдлэнгийнх 80-85, хязаалангийнх 90 см- ээс өндөргүй байвал цэвэр монгол адуунд тооцох болсон. Шуудхан хэлэхэд эрлийз адуу олонтой хэдэн алдартай уяачийнхаа эрх ашгийн бодоод ийм шийдвэр гаргасан хэрэг. Ингэснээр үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан том гарын хэдэн уяачийнх болж, эрлийз морь гээд байх юмгүй жирийн ардын хүлэг түрүүлж, айрагдах боломж үгүй болсон доо.
Харин энэ жил байдал бүр ч хэцүү байлаа. Монголын морин спорт уяачдын холбооны VI их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, хэдэн алдартай уяачдынхаа шахалтаар нэгэн шийдвэр гаргачихсан байсныг наадамчдын олонх баярын үеэр л ойлгосон юм. Тэрхүү их хурлаар их насанд 141 см, азарга, соёолонд 140, хязааланд 137, шүдлэнд 132, дааганд 127 см-ээс дээшгүй өндөртэй морь уралдахыг зөвшөөрсөн байлаа. Басхүү үүлдэрлэг байдал буюу гадаад байдал, шинж тэмдгийг нь харгалзаж үзэхээ больсон. Өндрөөрөө хасагдчихгүй бол улайм цайм эрлийз байсан ч уралдаж болж байлаа.
Зөвшөөрөгдөх өндрийг ганц хоёрхон см-ээр нэмсэн мэт санагдавч энэ нь их зөрүү юм билээ. "2013 оны баяр наадмын хурдан морины уралдааныг эрлийз морьд бузарласан” гээд биччихвэл хатуудсан болохгүй. Бага дөрөв буюу даага, шүдлэн, хязаалан, соёолон насанд түрүүлсэн морьд зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр байсан. Энэ нь зарим уяачийн гомдлын дагуу Хурдан морины салбар хорооныхны хийсэн нарийвчилсан шалгалтаар тогтоогдсон билээ.
Өнгөрсөн жилийн наадмын хамгийн шударга бус нь шүдлэн насны уралдаан байсан. Айргийн таван морины дөрөв нь "эрлийз” гэх ангилалд багтсан шүү дээ. Гарааны зурхайгаас эргэсэн шүддэнгүүдийг Төв аймгийн Баян сумын уугуул, МАН- ын дарга, УИХ-ын дэд дарга, ММСУХ-ын ерөнхийлөгч М.Энхболдын хүү Анарын хээр магнайлж, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, ЗТБХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Ганхүүгийн хонгор халзан аман хүзүүдэж байв. Уралдааны дараа хэвлэл мэдээллийнхэн түрүүлж, айрагдсан хурдан буянуудын угшилыг уяач нараас нь асуудаг уламжлал тогтчихоод байгаа. Харин хээр шүдлэнгээ торгон жолоо өргүүлээд байсан Э.Анар сурвалжлагчийн "Түрүүлсэн морь ямар угшилтай вэ” гэсэн асуултад "Араб угшилтай хэмээн” хариулж, өөрийгөө барьж өгч байлаа. Айрагдсан ч гэсэн хасагдсан таван шүдлэнгийн сэрвээний өндөр нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 0.5-2.0 см илүү байсан. Харин дээр дурдсан ММСУХ-ны VI их хурлаар зөвшөөрөгдөх өндрийг их насанд нэг, бусад насанд хоёр см-ээр нэмсэн нь "Хэн нэгэн дарга, эрх мэдэлтэн, алдартай уяачид тохируулсан юм биш биз” гэх хардалтыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Эрлийз адуу богино зайд сайн уралддаг тул даага, шүдлэн, хязаалан, соёолон насанд түрүүлж, айрагдах нь элбэг. Харин монгол адуу тэсвэр тэвчээр сайтай тул хол зайд их нас, азарганы уралдаанд илүүрхдэг юм. Энэ жилийн наадамд 291 даага уралдахаар бүртгүүлсэн ч зарим нь замд гараагүй. Учир нь баахан эрлийз даага уралдах гэж буйг харсан 20 гаруй уяач цэвэр монгол унагаа уралдуулахаас татгалзсан юм. Тамирыг нь барахаас цаашгүй тул ингэсэн нь аргагүй.
Эрлийз адуу олонтой болохоороо морьдыг ялгаж уралдуулахын эсрэг байр суурьтай байдаг уяачдын тэргүүн эгнээнд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач, гавьяат малчин Д.Онон бичигддэг. Тод манлай уячийг өнгөрсөн жилийн баяр наадамд хул азарга нь түрүүлж баярлуулсан ч үүнээс өөр айраг хүртээгүй. Харин ММСУХ-ны VI их хурлаас гарсан шийдвэрийн ачаар ч гэх юм уу энэ жил өргөн дэлгэр сайхан наадаж, найман айраг хүртсэнээр улсын баяр наадмын дээд амжилтаа тогтоосон юм. Харин эсрэгээрээ "Харцын хүү түрүүлж болдоггүй ямар наадам бэ” гэдэг шиг "Toп” ангилалд багтдаггүй жирийн уячдад морьдоо айрагдуулах байтугай 20 дотор уралдуулах ч боломж үлдсэнгүй ээ. Мөнчгөрөөрөө сайхан наадах ямар ч боломжгүй болсон юм чинь. Улсын наадмыг урамгүйхэн орхих уяачид өөр хоорондоо "Хэлэн сайхан их насны морь л уралдуулъя” гэж ярьж байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих