Одоогоос 30 гаруй жилийн өмнө Ховдоос ниссэн "Монгол-84-01” маркийн АН-24 онгоц Буянт-Ухаад газардахын өмнө хоёр хөдөлгүүр нь агаарт унтарч 47 зорчигчийн амь дээсэн дөрөөн дээр иржээ.
Энэхүү ослоос ганц ч хүний амь эрсдүүлэлгүй газардсан тухай сонсч байлаа. Энэхүү гавъяатныг Д.Баатар гэдэг. Түүний амьдралын тойргийг уншигч танд хүргэе.
БИЕ БИЕДЭЭ УУСАХЫН ЖАРГАЛ
Нийслэлийн шилдэг гэр бүлээр нисгэгч Д.Баатарынх шалгарсан тухай сонсоод "Амьдралын тойрог” буландаа урихаар ач охиноор нь дамжуулан санал тавив. Орой ажлаа таран нисэхийн зүг давхилаа. Д.Баатар гэр бүлийн хамт Монгол эх орныхоо нисэх хүчний салбарт нэр төртэй ажилласан анхны нисгэгч гэр бүл аж. Өдгөө түүний хүүхдүүд ч мөн ажилладаг байна. Хоёр хөгшин маань хөл хөөрцөг болон амралтад явах гэж буйгаа ярьсаар угтлаа. Хоёр биеийг үржүүлэн үр хүүхэд, ач, зээ, бүр зээнцэр гээд өнөр өтгөн айл болжээ.
Нисгэгч байсан тухайгаа, ослын буулт хэрхэн хийснээ тэрээр дурсан ярина. "Хэдэн он билээ хөгшөөн” хэмээн нэг нэгнээсээ дэм хүсэх нь хоёр хүн биедээ уусна гэдэг энэ болов уу гэлтэй. Д.Баатар гуай "Миний хань төр засгаар гавъяагаа үнэлүүлэх ёстой хүмүүсийн нэг байгаа юм” гэв. Гэтэл түүний гэргий Ч.Дашдорж "Би яахав ээ, хөгшин минь л олон хүний амь аварсан хүн шүү” хэмээн бахархангуй хэлж байв. Сонин, сэтгүүл, телевиз, радио гээд манай хүнээс ирж ярилцлага авч л байх юм. Хүүхдүүдийн хэлдгээр од болно гэдэг нь болж байх шиг байна. Уг нь хөгшний минь хийсэн гавъяаг төр засаг үнэлэмээр л байгаа юм даа хэмээн гуниглангуй ярьж суулаа.
Түүний энэ хүсэл биелэлээ олж Улсын их баяр наадмын өмнөхөн Д.Баатар Монгол Улсын "Гавъяат нисгэгч” цолоор энгэрээ мялаасан билээ.
Шинэхэн гавъяат "Төр засаг минь миний хөдөлмөрийг үнэлж өндөр дээд одон медалиар шагналаа. Сэтгэл хөдлөөд сайхан байна. Ард түмэндээ, ах дүүдээ, үр хүүхэд, хань ижилдээ баярлалаа” гэж байсан юм. Гавъяатыг минь хүлээгээд ач, зээ, үр хүүхдүүд нь гадаа зогсч байлаа. Ач охин А.Ариунжаргал "Өвөө минь Гавъяат нисгэгч болсонд баяртай байна” гэв. Түүний гэргий Ч.Дашдорж "Сайхан өдөр байна. Миний хань "Монгол Улсын гавъяат нисгэгч болсонд баяртай байна” гэлээ. Шинэхэн гавъяат маань өглөөний ургах нартай уралдан хөдөө амрахаар хөлгийн жолоо татах гэж буйгаа дуулгав. Тэдний алтан шар зам өлзийтэй байг ээ.
Ч.Дашдорж: САХИЛГАД ОРСНОО БИШ ОНГОЦОО ЯРИАЧ ЭЭ
Д.Баатар гуай ханьтайгаа хэрхэн танилцсанаа хуучлахдаа зальтай нь аргагүй инээмсэглэж суулаа. Гавъяат маань цэргийн казармд гэргийтэйгээ танилцжээ. Тэрээр "Манай хүн ч өдөржин янз бүрийн маяг хийдэг онгоцоор нисээд байх. Бидний нисч байсан онгоц Як-12 гэдэг нэртэй элдэв үйлдэл хийдэггүй байлаа” гэв. Өдөржин тэнгэрт тойрон эргэлдэх бүсгүйг хараад битүүхэн атаархдаг байснаа дурслаа.
Тухайн үед хоёр эмэгтэй нисгэгч бэлтгэж байж. Ийнхүү хоёр группийг нийлүүлэн Иргэний агаарын тээврийн нисгэгчдийг бэлтгэсэн сургалтыг 1960 онд дүүргэсэн аж. Д.Баатар "Би чинь цэрэг сурагч "Гармон” хөгжим тоглоод л гүйдэг байлаа” хэмээн хөхөрч суугаа гавъяат маань ёстой адтай бас азтайдаа л ханьтайгаа суусан гэв. Тэр үед чөлөө өгнө гэж бараг үгүй. Гүйлтийн тэмцээнд түрүүлвэл ганц өдрийн чөлөө олддог байж.
Хэлээ унжтал гүйж байж арайхийн чөлөө авдаг байж билээ хэмээн хоёр нисгэгч дурслаа. Тэр үед арайхийн ганц өдрийн чөлөө авсан нөхөр Д.Баатар өөрийн анд нисгэгч С.Цэрэндоржтой мотоцикльтэй хот оржээ. Ингээд хайртай бүсгүйтэйгээ уулзчихаад буцах гэтэл дугуй нь хагарсан байв. Чөлөөний хугацаа дуусахаас өмнө очих гээд бүхий л аргаа хэрэглэсэн гэдэг. Гэвч яах ч аргагүй хожигдсон. Цаг хатуу байж дээ хоцорсон учраас сахилгад орсон юмдаг хэмээн ярьж суух зуур түүний гэргий гал тогооноос хоол, цай авч ирэв. "Юун сахилга яриад унав. Онгоцныхоо тухай л яриачээ” гэв.
Зөвхөн онгоцны тухай ярихгүй ээ та хоёрын амьдралын талаар ярилцмаар байна хэмээн би тайлбарлав. Ч.Дашдорж гуай "Аан би ч өвгөнөө дэмий юм ярихаар онгоцоо ярихгүй хүүхдийн цаг хороогоод гэж бодлоо” хэмээн тас тас хөхөрч байлаа. Нисгэгч болохоор бэлтгэгдэж буй олон сайхан өндөр эрчүүдийн дундаас ханиа яаж сонгосон бэ гэхэд минь хоёулаа нуг нуг инээж суусан. Хөгжим тоглодог овсгоотой залуу, бүсгүйн сэтгэлийг эзэмдэж дөнгөжээ. "Хүний өндөр намтай ханилах биш дээ. Би ч зөв сонголт хийсэн гэдгээ өдөр ирэх бүрт мэдэрдэг. Амьдрал минь сайхан л байна” хэмээн Ч.Дашдорж ярилаа. Өдгөө гэр дүүрэн ач зээгээ тойруулан жаргалтай сайхан амьдарч суугаа хоёр бууралдаа аз жаргал хүсье.
ААВЫГАА ГУРАВ ХОНОГ ХҮЛЭЭСЭН ОХИН ГЭРТЭЭ МЭНДЭЛЖЭЭ
Д.Баатар гуайнх гурван хүү, дөрвөн охинтой. Анх аав болж байх үед би Архангайд нисч явлаа хэмээн Д.Баатар гуай ярив. "Би харимаар байдаг, шиврээ бороо ороод байдаг” хэмээн ярьж суухад түүний догдолж буйг анзаарлаа. Тухайн үед ийн догдолж байсан болов уу гэмээр санагдав. Ингээд хоёр хоног өнгөрч анхны хүүхэд төрдөггүй. Гурав дахь өдрийнх нь өглөө "Гайгүй шүү дээ даргаа” хэмээн гуйсаар Дашинчилэн, Гурванбулагийн дээгүүр намхан нисч билээ хэмээн аав болж байсан үеэ дурслаа. Ийнхүү аавыгаа гурав хоног хүлээсэн ууган охин Б.Энхтуул орчлонд ирснээ зарласан аж. Тэдний ууган охин гэртээ төрж, ээжийгээ, аавыгаа баярлуулж байжээ.
Биднийг төрж байх үед гэдсээ жимбийтэл нь баадагначихаад гүйдэг байлаа. Харин одоогийн хүүхдүүд ч гэдсээ урагш нь түрчихээд явдаг болжээ хэмээн Ч.Дашдорж гуай хуучиллаа. Одоо ч өөрийн төрүүлсэн хүүхдүүдээс илүү ач, зээгээ харахаар хайр хүрээд байх болж хэмээн Д.Баатар гуай хэллээ. За тэгээд амины хүүхэд гээд хүн бүр л өмчилсөн байдагсан. Та хоёр минь өөрсдийн амины хүүхдээ нэрлэхгүй юу гэтэл. За энэ олон хүүхдийн алийг гэж хэлэх вэ. Арай илүү хандаад байх нь ч байна. Гэхдээ нэрлэчихвэл бусад нь гомдоно. Тиймээс хэлэхгүй ээ хэмээн хоёулаа сандарч байв. Д.Баатарынх гэдэг айлын амьдрал ийнхүү өрнөнө. Монгол хүн бүрийн, монгол айл болгоны тулган дахь галын дөл өөдөө байг ээ.
"ИЛ-14” ОНГОЦООР ОЛОН УЛСЫН НИСЛЭГ ХИЙДЭГ БАЙВ
Хаа явсан газраа олонтойгоо явах сайхан хэмээн Ч.Дашдорж гуай ярив. Хоёр хөгшинтэй амралтад цуг амарсан амрагч нь Боловсролын тэргүүний ажилтан МУСТА Б.Цэнджав "Алтан хараацай”, "Анд минь хаана явна” гэдэг дууг тэр хоёрт зориулан зохиожээ. Андыг зурагтаар гарч байгааг хараад өөрийн эрхгүй дууны үг урсаад ирсэн тухайгаа зохиогч маань гавъяатад хуучилжээ. Дээр үеийн онгоцноос эхлээд янз бүрийн онгоцны зургийг томоор угаалган нямбайлан хадгалсан байна.
Тэрхүү зургуудаа гаргаж ирэн нэг бүрчлэн тайлбарлан ярьж байгаа нь сайхан. 1967 онд "ИЛ-14” гэдэг онгоцоор гэр бүлийн хоёр нисдэг байж. Харин тэрхүү онгоц нь өдгөө музейд бий. Уг онгоцоор Эрхүү-Улаанбаатар-Бээжингийн чиглэлд олон улсын нислэг хийдэг байсан аж. Тухайд үед таван цаг гаруй нисдэг байсан бол өдгөө нэг цаг гаруй яваад ирдэг болж дээ хэмээн ахмад нисгэгч хуучиллаа.
ОСЛЫН БУУЛТ 47 ХҮНИЙ АМЬ АВАРЧЭЭ
Онгоц хоромхон зуур өндөр алдаж хэдхэн секундын дараа сүйрэл хүлээх тэр агшинд экипажийн дарга Д.Баатар хоёрдугаар нисэгч Ч.Магванжав нар зөвхөн харцаараа ослын буулт гэсэн "яриа хийсэн” гэдэг. Тэгээд аргагүйдсэн буулт үйлдэх ажиглалтын зааврын дагуу дугуйгаа эвхэж баруун залж Сонгинын буланд Оросын цэргийн ангийн хамгаалагдсан жижигхэн ногоон талбайн дэргэдэх жаахан устай хэсэг рүү чиглүүлэн хурд алдахгүйн тулд онгоцоо хэм тэгшлээд тормоз татан сууж явснаа гавьяат нисгэгч дурсан ярилаа. Онгоц элгээрээ гулсан газарджээ. 42 зорчигч, экипажийн таван хүн нийлээд 47 хүний халуун амийг аварсан ханиараа бахархан ярих түүний гэргийг Ч.Дашдорж гэдэг. Тэрээр монголын анхны нисгэгч эмэгтэй юм.
Дэлхийд ийм нөхцөлд хүний амь сүйдээгүй тохиолдол байдаггүй хэмээн мэргэжлийнхэн хэлдэг юм билээ. Зорчигчдын дунд явсан жирэмсэн эмэгтэйн төрүүлсэн охин өдгөө 31 настай. Гэтэл тэр ослыг гавьяа гэж үзэлгүй жирийн нэг автомашин хажуулдсан мэтээр үзсэнд харуусч явдаг тухайгаа зарим зорчигчид хэлжээ. Ийнхүү гавьяа байгуулсан тухайгаа түмэнд зарлаж, нэр алдарын хойноос хөөцөлдөөгүй "Түмний гавьяатан” маань ач, зээ нараа тойруулан насны буянаа эдэлж сууна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих