"Валютын зээл сар бүрийн эхээр хаалга тогшоод зогсож байх юм. Тиймээс өдөр өдрөөр өсч буй ханшид дарлуулаад амрах ч боломжгүй болчихлоо”. Ийнхүү халаглах хүн нэлээд хэд таарлаа. Бүгд л ам.долларын ханш арай хэтэрлээ, одоо болимоор юм гэлцэнэ. Харамсалтай нь санаан зоргоор зогсчих эд огт биш бололтой. Үүнийг хэрхэн сааруулж, зогсоохыг наадам дамжин хэсч яваа улсчтөрчид л мэдэх буй за.
Валютын ханшийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалт саарсан, Оюутолгой гацсан гээд том том шалтгаануудыг улстөрчид хэлдэг. Үнийн өсөлт ханшийн самбарт өссөн дүнгээр гацчихсан. Энэ нь дундаж давхаргад багтах гэж ядаж яваа олон түмэнд томоос том саад юм. Өнгөрсөн сард болсон "Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт”-ын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Рио тинто”, Монголын Засгийн газар хамтран Оюутолгой төслийн гэрээг хийсэн. Сайн ч муу ч хоёр тал хариуцлага, ашиг орлого, алдаа оноогоо хамтдаа үүрнэ гэдгийг санах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Одоог хүртэл энэ төсөл хэрхэх нь тодорхойгүй.
Гадаад мөнгөний ханш монголчууд бидний амьдралд хангалттай төвөг удаж байгаа. Валютын зээлтэй хувь хүн, албан байгууллагууд гаслаад ч нэмэргүй болжээ. Ам.долларын ханш цулбуургүй давхих морь мэт эрчиндээ өсч буйг хүмүүс шүүмжилдэг. Ханш ийнхүү өссөний шалтгаан Төвбанк мөнгөний хэт зөөлөн бодлого барьж байгаатай холбон тайлбарлах нэгэн ч бий. Эдийн засагч Б.Батбилэгийн хэлж буйгаар мөнгөний хатуу бодлого баримтлах нь ханшийн болон инфляцийн өсөлтөөс хамгаалах хэрэгсэл болох аж. Түүнчлэн дэлхийн банк мөнгөний хатуу бодлого баримтлах хэрэгтэйг сануулсан.
Харин мөнгөний хэт хатуу бодлого нь ажлын байрыг 30 хувиар танах эрсдэлтэйг зарим мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс ч салаа замын уулзварт зогссон Төвбанкыг аль замаар явах нь вэ гэдгийг харах л үлдэж буй. Тэд мөнгөний зөөлөн бодлогоор 100 мянган хүнийг ажлын байртай нь үлдээж байгаа гэдгээ хэлж байсан. Харин энэхүү бодлого нь нийт иргэдийг бүсээ чангалаад орлогоо 30 хувиар үнэгүйдүүлэхийг санал болгож байгаа юм. Мэдээж үүнийг зөвшөөрөхгүй ч үүний цаана 100 мянган ажлын байр аврагдаж буйг мэргэжилтнүүд онцолсон.
Харин 100 мянган хүнийг ажлын байртай үлдээхийн тулд нэг хэсэгтээ сэхэхгүйгээр "накауданд” орох нь тийм ч таатай бас зөв шийд биш гэдгийг дэлхийн банк болон зарим эдийн засагчид, бизнесийнхэн хэлж байна. "Инфляцийн төвшин эхний улиралд өрхийн нэрлэсэн орлогоос хэтэрсэн байна. Дотоодын эрэлтийн сануулга нөхцөл байдлыг харгалзан үзвэл энэ онд жилийн эдийн засгийн өсөлт 9.5 хувь болж зөөлрөх төлөвтэй. Түүнчлэн дотоодын зээлийн өсөлт өндөр байгааг харгалзан үзвэл төгрөгийн сулралт, инфляц жилийн үлдсэн хугацаанд хоёр оронтой тоонд хэвээр байх төлөв ажиглагдаж байна. Тиймээс Монголбанк бодлогын хүүгээ чангалах хэрэгтэй” хэмээн Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тэхюн Ли хэлсэн.
Бодлогын хүүг чангална, чангалахгүй,
гадаадын хөрөнгө оруулалт саарсан, саараагүй хэмээн дээдчүүл цэц
булаалдах зуур иргэдийн халаасыг гадаад мөнгө гөвсөөр сөхрүүлэх нь.
Харин ам.долларын ханш энэ жилдээ сулрах эсэхийг тодорхойлох хүн алга.
Ногоон мөнгөнд дарлуулсаар суух уу, эсвэл нам дараад босоод гүйх үү. Энэ
хоёр замын аль талаар нь явах вэ та минь ээ.
Д.ОЮУНЧИМЭГ
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих