Наадмын тухай яриа хөөрөө янз янзаар үргэлжилсээр. Морь хурдан,
бөхчүүд хүчтэй, харваачид мэргэн сайхан наадлаа хэмээн амны бэлгээс
ашдын бэлгийг эрхэмлэн үгийн сайныг хэлж, ерөөлийн дээдийг бие биедээ
хүсэхийн зэрэгцээ гоочлох муулах нь бишгүй.
Нэртэй найрагч
бүсгүй "Ам андгайгаа эвдээд, аварга хүн ч тайлсан зодгоо эргүүлэн
өмсөх... Эртнээс уламжлалт монгол хэл соёлын дунд харийн хэл
цуурайтах... Тааваараа ард түмэн цэнт цагаар Ван овогт сэм
морилох...гэхчлэн энэ жилийн наадмын сэтгэлдээ нийцээгүй агшинуудын
тухай шүлэглэн түгээв. "Хонхны дуу" түүхэн цаг үед хэргээ гаргасан,
харин өнөө цагт түүн шиг илүүц юм байхгүй тухай амтай болгон ярив.
Дотоод гадаадынхны нүд хужирлаж, сэтгэл татдаг "Дээлтэй Монгол" наадмыг
санаачлагчдаас нь "дээрэмдсэн" хэрэг ч мандав.
Энэ бүх ярианы
дунд анхаарч зогтусам, асуудал болгож товойлгом нэгэн зүйл байсан нь
ардын армийн байлдагчдаар албадан хийлгүүлсэн тэр гэхийн тэмдэггүй бүжиг
гэхэд хэцүү хөдөлгөөн. Энх цагийн цэргүүд хийх ажилгүйдээ энд
дайчлагдлаа гэж ойлгогдсон. Гал түймэр, үер ус гээд алив болох бүтэхгүй
болгонд хоморголон дайчилдгийн адил тэднийг Монгол түмний их баяр цэнгэл
Эрийн гурван наадамд эрээн хувцастай нь ийн олноор эгнүүлэн зогсоогоод
эв хавгүй гэгч нь савчуулах ямар хэрэг байсан юм бол.
Хэрвээ
үнэхээр бүжиглүүлэх гэсэн юм бол хэн ч маргахын аргагүй болтол урьд
хожид байгаагүй гоё бүжиг дэглэж өгөөд, наадамчин олны нүдийг орой дээр
нь гартал цэмцгэр сайхан, уран сайхантайгаар оролцуулахгүй яав. Яах гэж
царай баргар, формын ижил хувцастай, унд хоолгүй олон цагаар зогсч
ядарсан нь илт хөөрхий хөвгүүдийг цэнгэлдэхиин голд сарвагануулан
зүдрээж, өөрсдийг нь эвгүй байдалд оруулж, наадамчин олны ч ундууцлыг
төрүүлэв ээ. Төв цэнгэлдэхэд баяр наадмын нээлтэд аль болох олон хүн
байлгамаар байна гэсэн ерөнхий найруулагчийн хүсэлтийг Батлан хамгаалах
яам зохих шатанд шийдэж өгсөн нь энэ байх. Төрийн хэргийг бүтээхэд цэрэг
дайчилж болох ч чухам ямар байдлаар юу хийлгэх гэж байгааг нь асууж
судалдаггүй, зөвлөлдөж зөвшилцдөггүй юм гэж үү. Батлан хамгаалах яам
ерөөс энэ талд их хойрго гэдэг нь ойрхны хоёр ч шийдвэрээс нь харагдлаа.
Нэг нь энэхүү Баяр наадмын бүжиг. Нөгөө нь өдгөөгөөс хоёр сар гаруйн
өмнө болж өнгөрсөн "Жагсаалч анги" үзлэгээр цэргүүдээр ганнам стилийн
бүжиг хийлгэсэн явдал. Тусгаар тогтносон Монгол Улсын Зэвсэгт хүчний бие
бүрэлдэхүүн, тэдний цэрэг дайчдад аль хэдийнэ загвараас гарсан, дэлхий
нийт шуугиад дууссан солонгос дуучны сэдсэн бүжиг ямар хамаатай юм бэ.
Тэнд өвс хөдлөхөд энд хамхуул хийсэв гэгчийн үлгэр заавал Монголын
Зэвсэгт хүчинд биелэх албатай гэж үү. Эцэг өвгөдийн сургаалиар Монгол
төрийн алтан жолоог атгагчид дороо суурьтай, дээрээ бодолтой байвал
яасан юм бэ.
Наадмаар цэнгэлдэхэд үнэхээр олон хүн
бүжиглүүлмээр байсан юм бол ҮДБЭЧ, 'Түмэн эх", БЦДБЧ, ХЦДБЧ-аас цэл
залуугаараа тэтгэвэртээ гарсан ахмад бүжигчид, СУИС, ХБК-ийн бүжгийн
ангийн оюутнууд гээд нөөц хангалттай бий. Ийм байхад юм л бол цэргүүдийг
дайчилж байдаг хуучирсан арга барилыг хүн хөгжиж, хол ойрын ялгаа
арилсан өнөө цагт ч хэрэглэсээр байх нь төр хоцрогдсоныг илтгэв. Тэгээд ч
цэрэг байлдагчид армийн гол хүч болохоос юм л бол шүүрч авдаг нохойд
барьдаг мод биш билээ.
Р.ЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих