Өнгөрсөн пүрэв гаригт Амстердамаас Куала-Лумпурыг чиглэн нисч явсан
Малайзын иргэний агаарын тээврийн "Мalaysia airlines" компанийн
Воeing-777 Москвагийн цагаар 17:20-ийн үед радарын хяналтаас алга болж
ердөө цаг хурэхгуйн дараа Украины Донецк мужийн Грабово болон Рассыпное
тосгоны хилийн заагт унаж осолдсон нь тодорхой болсон юм. Ослын
шалтгааныг өнөөг хүртэл тодорхойлж чадаагүй байгаа бөгөөд онгоцны хар
хайрцгийг олсон ч бичлэгийг нь тайлж уншиж хараахан амжаагүй байгаа
гэнэ. Мөн ослын газраас амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг зөөж тээвэрлэх
ажил ч чамгүй удаан хүлээгдэж байсан нь энэ бүс нутагт дайн болж буйтай
холбоотой юм. Украин болон салан тусгаарлагчдын хооронд үуссэн дайны бүс
нутагт осол болсон учраас эхний ээлжинд хоёр тал гал зогсоож, Грабовод
ажиллах олон улсын шинжээчдийн аюулгүй байдлыг хамгаалах, амь
үрэгдэгсдийн цогцсыг зөөх ажилд саад болохгүй байх яриа хэлэлцээг хийсэн
байна. Энэ дагуу Киев эхний ээлжинд салан тусгаарлагчидтай цогцсыг зөөж
эхлэх цаг хугацааны тал дээр тохиролцоонд хүрсэн гэдгээ мэдэгджээ. Мөн
Донецкийн Бүгд найрамдах улсын Ерөнхий сайдын орлогч "Боинг-777"
осолдсон газарт ажиллах олон улсын шинжээчдийн аюулгүй байдлыг хамгаалах
баталгааг өгч буйгаа дуулгасан байна.
Хоёр талаас тохиролцоонд хүртэл ослын газрыг хамгаалалтад авсан нэртэй ч тосгоньгхон эгээ л музей үзэж буй мэт тухайн газарт очиж сонирхож буй зураг хөрөг цахим ертөнцөөр тарсаар л байгаа. Түүгээр зогсохгүй онгоцноос унасан зарим цогцос айлын хашаа, ногооны талбайд өнөөдрийг хүртэл байсаар бөгөөд тэдгээрийг хөдөлгөж болохгүй гэсэн учраас айдас хүйдэст автан хүний тасарсан шатсан эд эрхтэнтэй хамт амьдарч буйгаа Грабово тосгоныхон ярьж буй юм. Тэдгээрийг цуглуулах ажил хийж байгаа ч Онцгой байдлын албаны аврагчдын хүч хүрэхгүй улмаас уурхайчдын багийг тэдэнд туслуулахаар авчирчээ.
Онгоцонд 283 зорчигчоос гадна багийн гишуүн 15 хүнявсан. Тэдний 85 нь хүүхэд байсан тухай мэдээлэл байгаа. Гэхдээ өчигдөр өглөөний байдлаар ослын газраас 196 хүний цогцсыг л олсон гэдгийг албаныхан мэдээлжээ. Эрлийн багийнхан Московское, Рассыпное, Грабово, Стрюково суурингийн газар нутагт ойролцоогоор 34 ам км радиуст самналт хийхээр тооцоолсон бөгөөд одоогоор дийлэнх хэсэгт нь эрлийн ажиллагаа явуулж онгоцноос унасан эд зүйлүүдийг цуглуулаад байгаа гэнэ.
Осол болсны дараа Малайзын агаарын тээврийн компаниас зорчигчдын нэрсийн жагсаалтыг ил болгосноор амь үрэгдсэн хүмүүсийн 192 нь Голландын иргэд байсан нь тодорхой болжээ. Малайзын 44 иргэн үрэгдсэний 15 нь нисэх багийн гишүүд. Мөн энэ онгоцонд 27 австрали, 12 индонез, 10 англи, дөрвөн герман, дөрвөн бельги, гурван филишшн, Хонгконг, Канад, Шинэ Зеландын тус бүр нэг хүн явжээ. Харамсалтай нь тэднээс нэг ч хүн амьд үлдээгүй. Хамгийн хачирхалтай нь ослын газарт тэдний авч явсан тээш, цүнх сав бүрэн бүтнээрээ байжээ. Ном, онгоцны тийз, паспорт гээд сүйрсэн онгоцноос үлдсэн гэх ямарч ул мөргүй эд зүйлс хүмүүсийн гайхлыг ихээр төрүүлсэн гэнэ. Тэр ч бүү хэл жижиг тоглуулагч, гар утас нь ажиллаж байсан төдийгүй овоолоотой эд зүйлийн дундаас гэнэт утас дуугарч аврагчдыг чамгүй цочоосон аж. Хэн нэг нь ослын тухай сонсоод тэр онгоцонд явсан ойр дотны хэн нэг рүүгээ залгасан нь тэр биз.
"Sydney Morning Herald" сонинд зорчигчдын гуравны нэг буюу 105 нь Австралийн Мелбурнд болох ДОХ-ын асуудлаарх олон улсын чуулганд оролцохоор явсан хүмүүс гэдгийг НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдээлснийг бичжээ. Мөн энэ ослоор нэг гэр бүлийн дөрвөн хүн амиа алджээ. Голландын иргэн малайз бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд тэд хоёр хүүгээ аваад Куала-Лумпурт амьдардаг хадам ээжийндээ зочлохоор явж байжээ. Малайзад ажиллаж байгаа аав дээрээ очихоор явсан 8-12 насны гурван хүүхэд, Малайзын 2009 оны гоо бүсгүй өргөмжлөлт Шазан Шаллах гээд олон хүн амиа алдсан. Гурван , сарын өмнө сураггүй болсон Малайзын "МН370" онгоцонд төрсөн ахаа алдсан Голландын иргэн Кэйлин Манн энэ удаа 19 настай өргөмөл охиноо алдсан харамсалтай явдал болсон бол эхнэр, нөхөр хоёулаа Малайзын хоёр нислэгээр ар араасаа бурхны орныг зорьсон аймшигтай тохиолдол ч гарчээ. Каулене Манн гурван сарын өмнө "Мalaysia airlines" компанийн Воеing 777"-гоор зорчиж яваад сураггүй болсон бол гэргий Рузз Манн Донецкт унасан онгоцонд явсан байна.
Онгоцны ослын талаар янз бүрийн таамаг байгаа ч дийлэнх нь энэ бол алан хядагчдын хийсэн ажил, тэр дундаа Украины салан тусгаарлагчдын буруугаас болсон хэмээн үзэж буйгаа ослын дараагаас эхлэн мэдэгдэж эхэлсэн юм. Тухайлбал, АНУ-ын Батлан хамгаалах яам болон тагнуулын албанаас онгоцыг ОХУ-д үйлдвэрлэсэн, агаарын хамгаалаптын хөдөлгөөнт систем "SA-11 Gadfly" зэвсгээр сөнөөсөн гэж мэдэгдээд байна. Түүнчлэн Украины эрх баригчид энэхүү осолд Оросын талыг баримтлагчдыг буруутгаж байгаа юм. Пентагоны эх сурвалжийн мэдээлснээр Украины зүүн хэсэг дэх Оросын талыг баримтлагчид "Мalaysia airlines"-ийн онгоцыг батлан хамгаалахын зориулалттай ачааны онгоцтой андуурсан байж магадгүй бололтой.
Гэхдээ "SA-11 Gadfly"-гийн радар нь тухайн онгоцыг иргэний болон цэргийн зориулалттай эсэхийг ялгах хүчйн чадалтай гэдгийг өөр эх сурвалж тайлбарлаж байна. Онгоц осолдсоны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон Малайзын Ерөнхий сайд Нажиб Разактай утсаар шууд холбогдож бүх нотлох баримтыг олон улсын мөрдөн байцаалтад бэлэн байлгахыг хүсчээ. Мөн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ослыг террорист халдлага гэж үзэж байгаагаа дуулгажээ.
Энэ бүгдийг Оросын тал эрс эсэргүүцэж буй бөгөөд онгоцны хар хайрцагны мэдээлэл ил болж олон улсын шинжээчдийн дүгнэлт гарсны дараа бүх зүйл тодорхой болно хэмээж буй юм.
Г.УЯНГА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих