Монголын кино урлаг 1930-аад оноос үүдэлтэй. "Монгол хүү”, "Норжмаагийн зам”-аас эхлээд "Цогт тайж”, "Тунгалаг тамир” болж хөгжсөн арвин баялаг, түүх бий. Түүнээс хойш 80 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэзээ ч мартагдашгүй бидний сэтгэлд тод үлдсэн олон дүр төрсөн юм. Тэдгээрийн тухай дурсамжийг сэргээж, уншигчидаа уран бүтээлчидтэй нь уулзуулахаар "Дэлгэцийн танил” булангаа дахин эхлүүлж байна. Анхны зочноор "Нийслэл хүү”-ийн Батхишиг буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуурийн театрын удирдаач Ж.Бүрэнбэхийг урив.
-Нийслэл хүүгийн залуухан төрхийг дэлгэцнээс л харж байлаа. Харин уулзаад харсан чинь яг хэвээрээ байна шүү?
-"Дэлгэцийн танил” гэсэн сайхан булан нээж байгаад талархал илэрхийлье. Хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон, мөнх дүрийн эзэд бидний дунд амьдарсаар байна. Тэдний үг, дурсамж яриа гэдэг одоо дэндүү үнэтэй юм шүү. Ах нь буурал суугаад хөгширчихөөгүй байна уу.
-Залуугийн сайхан төрх байлгүй яахав. Таны хэлснээр тэр сэтгэлд үлдсэн мөнх дүрийн нэг эзэн нь та шүү дээ?
-Хүмүүс намайг одоо ч нийслэл хүүгээр минь хүндэлж, хайрладаг юм. Тэр сайхан хүндлэлийн дунд амьдарч ирлээ. Урлагийн хүн хийсэн, бүтээсэн зүйлээрээ бахархдаг шүү дээ. Би тэр үед 24 настай байлаа. Миний залуугийн тэр төрх дэлгэцэнд мөнх үлджээ. Тэгэхээр кино урлаг гэдэг гайхамшигтай юм шүү. Киногоо үзэхэд сайхан байдаг. Залуу насандаа очсон юм шиг сэтгэл төрдөг юм.
-Та ямар хувь тохиолоор энэ дүрийг бүтээсэн юм бэ?
-Би Архангай аймгийн Хашаат сумын уугуул. 1963 онд драмын театрт жүжигчнээр орсон. Одоогийн од гээд байгаа хүүхдүүд шиг биш, жинхэнэ шижир авъяастнуудтай хамт театрт ажиллаж, тэднээс үг сонсч байсныгаа аз гэж боддог. Цагааны Цэгмидээс бусад алдартай жүжигчдийг мэднэ. Нямын Цэгмид, Ичинхорлоо, ардын жүжигчин Э.Оюун гээд мундгууд байлаа. Намайг жүжигчин болно гэхэд Э.Оюун багш их дэмжсэн. Өөрөө намайг сонгож авсан юм. Анх театрт орох шалгалтад 100 хүүхэд шалгуулсан. Түүнээс гурав нь тэнцээд, түүнээс нэгийг нь л авна гэлээ. Ингэж л ах нь урлагтай амьдралаа холбосон түүхтэй. Би долдугаар ангийн боловсролтой шүү дээ. Гэхдээ сүүлд оройгоор сургуулиа дүүргэсэн. Би мундаг жүжигчин болчихоод, шалгалт өгөөд "Нийслэл хүү”-д тоглосон юм биш. Тухайн дүрд би тохирсон болохоор намайг сонгосон юм.1968 онд гавьяат жүжигчин Лувсан гуайнх найр хийж байлаа. Манай театрынхан очоод сууж байтал нэг хүн орж ирээд "Монголын кино үйлдвэрээс явж байна. Бүрэнбэх гэж хэн юм” гээд намайг дууддаг юм байна. Манайхан "За яасан хө наадах чинь хэрэг хийчихээ юу” гэж хэрэгт дурлаж, намайг явуулаад л, миний айсан гэж жигтэйхэн. Хөхөөд тоглочихсон Б.Дашдаваа, Ягод тоглосон Л.Жамсранжав, Ц.Гантөмөр гээд мундгууд суучихсан. Урдуур нь гарахаас айгаад би ширээн доогуур мөлхөөд гарч байлаа. Бидний үеийнхэн чинь ингэж л ахмад уран бүтээлчдээ хүндэлдэг байлаа. Тэр орж ирсэн хүн нь намайг кино групийнхэнтэй уулзуулахаар ирж. Ингээд өөрөө ч мэдэлгүй нийслэл хүүд сонгогдчихсон байсан.
-Таныг хэн сонгосон нь сонин байна. Кинонд тоглох болсноо сонсоод гайхсан уу?
-Тэр их сонин түүхтэй. "Нийслэл хүү” киноны гол дүрээс бусад нь тодорчихсон байсан юм билээ. Гол дүрээ хайж жил гаруй болсон. Тэр хугацаанд олон хүн шалгуулсан гэсэн. Тухайн үед киноны гол дүрийг Соёлын яам шалгаж, баталдаг байсан хатуу үе. Одоогийнхтой адил хэн хүссэн нь кино хийдэггүй байж. Киног улсын хөрөнгөөр бүтээдэг байсан юм. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байлаа. Тухайн үед бүх юм төлөвлөгөөний дагуу явдаг байсан. Зураг авалтад орох төлөвлөгөөт хугацаа болчихоод байхад гол дүрийг нь баталдаггүй. Тэгээд кино багийнхан аргаа бараад орсон байгаа юм. Гэтэл өөдөөс нь "Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ.
-Ч.Лодойдамба гуай таныг таньдаг байсан юм уу?
-Ч.Лодойдамба гуайн "Гарын таван хуруу” зохиолыг манай театрт тавихад нь би ядам хуруунд нь тоглож байсан юм. Тэгээд таньдаг болчихгүй юу. Би анх удаа "Волга” гэдэг машинд сууж, сайдынд очиж, бялуу идэж үзэж байлаа. Тэгэхээр Нийслэл хүүг кино групийнхэн, найруулагч ч биш, Ч.Лодойдамба гэж мундаг хүн харсан юм шүү. Их гярхай, мэдрэмжтэй, хүн байсан. Би ч гайхалгүй яахав. Гэнэт л гол дүрд тоглохоор болж, мандаад ирэхээр сандарсан. Надаас эхлээд фото проб, кино проб авсан юм. Манай кино багийнхан намайг сайдын тодорхойлолттой, арын хаалганы хүүхэд гээд л. Тэр үеийн арын хаалга ч гэж юу байхав.
-Анхны зураг авалт яаж эхэлсэн бэ?
-Тэр их сайхан дурсамж. Дөрөвдүгээр сар байсан юм. Гадаа майктай, нүүрээ угаадаг хэсэг байдаг даа. Тэр хавийнхан нь "Энэ хүү чинь манай бүх усыг дуусгах нь дээ” гээд. Тэр хэсгийн зургийг Баянцагаан суманд эхэлж авсан. Анхны зураг авалт гэхэд их хүнд байсан. Гадаа цастай, би нүцгэн, зураг авахуулсан.
-Их даарсан байх даа. Бас сандарч байв уу?
-Ганц, нэг уран бүтээлд орж байсан болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ том киноны гол дүр гэхээр өөрийн эрхгүй сандарч байсан санагдана. Бараг өвлөөрөө байхад зуны зураг авахуулна гэдэг чанга шүү. Гэхдээ манай баг энэ уран бүтээлийг сайн дуусгасан. "Нийслэл хүү”-г би бүтээгээгүй юм. Намайг бүтээсэн найруулагч, зураглаач, зохиолч нар бүтээсэн. Зохиолыг нь Монголын кино үйлдвэрийн засварчин байсан М.Жавган бичиж, найруулагчаар нь Б.Жамсран ажилласан. Тэдгээр мундаг хүмүүстэй ажиллана гэдэг ховор тохиол шүү. Одоогийн хүүхдүүдийн хэлдгээр тэд бол жинхэнэ од байсан юм даа.
-Та тэмээчин залуу болдог шүү дээ. Өмнө нь тэмээ маллаж байсан уу?
-Би амьдрал дээр нийслэл хүү биш. Хөдөө өссөн. Харин манай нутагт тэмээ ховорхон байсан юм. Би өөрөө тэмээнээс их айдаг хүүхэд байлаа. Тэмээ нүд нь тормойгоод их сүртэй амьтан. Гэхдээ монгол хүн учраас малаа мэдэлгүй яахав. Тэмээн дээрээс оочиход өвддөггүй юм билээ. Зогдор нь дэвсдэг гэдэг үнэн үг.
-Таны шилэрсэн тэмээний араас явж төөрөөд, элснээс ус уудаг хэсэг их өрөвдөлтэй харагддаг. Тэр хэсгийн зургийг нэлээд хэцүү авахуулсан уу?
-Намайг хамгийн удаан зовоож, олон дахин давтаж авсан хэсэг. Говьд уруул нь омголтчихсон, үстэй дээл өмсчихсөн гээд төсөөлөхөд хэцүү байгаа биз. Монголын хамгийн дулаан газар Ханбогд шүү дээ. Үд дундын халуун нар шарж байхад тийм хувцастай, бүтэж үхэх гээд хэцүү байсан. Хөлрөхөөр найруулагч уурлаад "дахиад” гээд хашгирна. Нүүрээ будаад байхад л хөлрөөд болдоггүй. Найруулагчаас айсан гэж жигтэйхэн.
-Та Монголын урлагийн сор болсон Ягаан Гажид, Бужгар гээд уран бүтээлчидтэй хамт тоглосон. Тэдний тухай дурсаач?
-Энэ кинонд тоглосон уран бүтээлчид бүгдээрээ үзэгчдийн сэтгэлд мөнх үлдсэн. Ягаан Гажидыг гэхэд л үзэгчдэд таниулсан бүтээл шүү дээ. Мэндээ эмч буюу Бужгар гээд түшигтэй жүжигчинтэй тоглосон. Эргээд тэднийгээ дурсаж, ярихад сайхан байна. Бид нэг үеийн уран бүтээлчид байлаа. Одоо бүгд эмээ, өвөө болж. Одоо зөвхөн Нийслэл хүүгийн тухай л яриад байна. Гэвч тухайн кинонд тоглосон би мандахдаа биш, намайг бүтээсэн зохиолч, найруулагч, хамтран тоглосон уран бүтээлчид минь мандах ёстой юм шүү. Үүнийг мартаж болохгүй.
-Айлд очиж тэмээчин болоод, бас болоогүй ээ айлын бүсгүйд дурлачихдаг байх аа. Зураг авалтын үед тэр бүсгүйгээс ичиж байв уу?
-Кино драмын ангид сурдаг их сайхан охин байсан. Кино урлаг гэдэг тийм л агуу. Гэнэн багын томоогүй төрхийг нь дэлгэцэнд мөнхөлж. Бид биенээ ойлгоод кинондоо сайхан тоглосон. Үе тэнгийнхэн болохоор их сайхан нөхөрлөдөг байлаа.
-Батхишигийг харахад хөдөөний амьдрал мэдэхгүй, гэнэн томоогүй юм шиг харагддаг. Та анх зохиолоо уншаад дүрээ яаж харсан бэ?
-Надад зохиолоо тухтай унших боломж олдоогүй юм. Учир нь төлөвлөгөөт хугацаа тулчихсан болохоор эхлээд багийнхантайгаа ярилцаад зургаа эхэлсэн. Гэхдээ явцын дунд дүрээ илүү ойлгож, мэдэрсэн шүү. Зохиолоо унших бүрт өөр мэдрэмж, эрэл хайгуул төрдөг байлаа. Яг л манай тухайн үеийн нийгэм, хотын залуусыг төлөөлүүлсэн дүр юм. Гэхдээ гэнэн цайлган, хүүхдээрээ дүр. Батхишиг Монголын олон залууст ухаарал хайрласан байх гэж боддог.
-Одоо эргээд киногоо үзэхээр өөрийгөө голох, энэ үед арай өөрөөр тоглодог байж гэж бодох үе гардаг уу?
-Өөрийгөө байнга л голдог. Магадгүй тайзны бүтээл байсан бол дараагийн тоглолт дээрээ сайжруулна гэхсэн. Даанч хальсанд бичигдчихсэн зүйлийг яалтай ч билээ. Ер нь жүжигчин, уран бүтээлч хүн өөртөө ханана гэж байхгүй. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд хүрсэнд нь баярладаг юм. Одоо ч хүмүүс намайг нийслэл хүү гэхэд сайхан байдаг юм шүү.
-Гэхдээ л "Нийслэл хүү” киног үзсэн сайхан сэтгэгдэл сурвалжлагч миний дотор байна. Үзэгчид таны бүтээсэн дүрийг хэзээ ч мартахгүй. Энэ л хамгийн сайхан биш гэж үү?
-Магадгүй өөрт чинь сайхан сэтгэл төрсөн бол энэ киноны бүх уран бүтээлчдийн гавьяа. "Нийслэл хүү” киноны тухай одоо л бид ярих хэрэгтэй. Гэхдээ хүмүүс зөвхөн Батхишигийг биш, манай киноны багийнхан ямар агуу хүмүүс байсныг бидний уран бүтээлээс мэдрээсэй.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих