Хямралаас гарах шийдэл хайсан Шинэчлэлийи Засгийн газар эрвийх
дэрвийхээрээ л үзэж байна. "Эзэн 100" хөтөлбөрийг хэрэгжүүлээд эцэслэх
хугадаа нь ойртож байгаа болоод ч тэр үү Н.Алтанхуягийн танхимынханд
амрах эрх олдохгүй бололтой. Өнгөрсөн хаврын чуулганаар Шинэчлэлийн
Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөгөө УИХ-аар
батлуулахад нь сөрөг хүчний зүгээс 100 хоногт энэ бүх ажлыг хийж
чадахгүй хэмээн тавласан, бассан, бах нь ханасан өнгөтэйгөөр санаа
бодлоо цухалзуулсан. Тэр ч бүү хэл, бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Авч
хэрэгжүүлсэн арга хэмжээ нь цаасан дээр үлдэж, эдийн засаг энэ хэвээрээ
байвал Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газартай хариуцлага тооцно"
гэсэн хатуу мэдэгдлийг хийсэн.
Үнэхээр ч гурван сарын хугацаанд
эдийн засгийг эрчимжүүлж, шинэчлэх нь төвөгтэй бөгөөд бэрхтэй ажил.
Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалт бараг зогсч, төгрөгийн ханш 30 гаруй
хувиар буураад байгаа энэ цаг үед "Засгийн газар хэт том амлалт авчихав
уу" гэсэн болгоомжлол ч төрж байсан.
Гэвч хуанлийн хуудас нэг, нэгээрээ урагдсаар нэг л мэдэхэд 100 хоног дуусах дөхлөө. Харин эдийн засгийн үзүүлэлтүүд огцом цойлох нь байтугай улам дордож байгааг эдийн засагчаар хэлүүлэлтгүй Долоонбуудалын Должин эмээ ч мэдэж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт тэнгэрт хадаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан пүүс компаниуд дампуурлаа зарлаж, ноён ам.доллар ноёрхлоо тогтоосон өдрүүд үргэлжилсээр. Халаасан дахь хэдэн зоосоо ханшийн зөрүүнд туучихсан ард түмэн нь модоо барихад хүрээд байгаа. Энэ мэтчилэн хямрал гүнзгийрсэн 100 хоногийн хариуцлагыг сөрөг хүчин намрын чуулган эхлэлтэй зэрэгцүүлэн Шинэчлэлийн Засгийн газраас нэхэж, баалж эхлэх нь тодорхой.
Иймд нэгэнт бодитой өсөлт гарахгүйг мэдсэн Н.Алтанхуягийн танхим бодит байдлаас илүүтэйгээр хийсвэр буюу өнгө төрхөнд анхаарал хандуулахаар шийджээ. Энэ талаар ойрын эх сурвалж мэдээлсэн бөгөөд Н.Алтанхуягийн шийдвэрийг биелүүлэхээр амь тавьж байгаагаа ч дуулгасан юм.
Шинэчлэлийн Засгийн газраас бүх яам, агентлагт яаралтай тууз хайчлах үйл ажиллагаагааны жагсаалтыг нэн даруй гаргаж өгөхийг үүрэгджээ. Энэхүү жагсаалтад эдийн засгийг эрчимжүүлэх үүрэг гүйцэтгэж байгааг нь үл хамааран оруулж байгаа гэнэ. Бараг л түргэн үйлчилгээний цэгийг нээх тууз хайчлах хөтөлбөрийг оруулсан бололтой. Үүнийг сонсоод инээд хүрч байгаа ч үүнээс өөр сонголт Шинэчлэлийн Засгийн газарт байхгүй. Эдийн засаг эрчимжүүлэх "Эзэн 100" хөтөлбөр эцэстээ тууз хайчлах нэрийдлээр дуусах болоод байна. Нээрээ л Ж.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн "Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх ажпын төлөвлөгөө нь хоосон зорилт, хоосон РК, тархи угаалт гэж харагдаж байна.
Тухайлбал, цахилгаан, дулааны үнээ нэмэгдүүлнэ, Монгол Улсын өрийг яаралтай нэмэгдүулье, байгаа хэдэн газраа хувааж өмчилье. Газар шороогоо ухая, гадаадаас авах ажиллах хүчээ нэмье. Төгрөг юанийн своп хэлцлийг нэмэгдүүлэх хүрээнд 3.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний, мөнгө хэвлэж нийлүүлье гэсэн бодлого орж ирж байна. Ийм арга хэмжээний дунд 100 хоногийн дараа валютын ханш 2000 төгрөгт хүрэх нь, Монгол Улсын гадаад өр нэлээд нэмэгдчихсэн, дулаан, цахилгааны үнэ өсчихсөн байх нь. Монгол Улсын татварын орлого өнөөдөр 500 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан яваа, 100 хоногийн дараа Засгийн газар төсвийн тодотгол хийхгүй бол болохоо байлаа гээд уйлаад ороод ирвэл яах вэ" гэсэн ийм байдал үүсэх бололтой.
Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих