Хүний зан араншинг нүүр царайгаар нь тодорхойлох урлаг Хятадад 2500 жилийн өмнө үүссэн бөгөөд хүн судлалын хамгийн эртний шинжлэх ухаан билээ. Залуу хүний нүүрний шинж өөрчлөгдөж байдаг бол 41 нас хүрээд л төгс бүрддэгийг уншигч та анхаарах буй за.
Нүд
Хүн хамгийн түрүүнд шинэ танилынхаа нүдийг хардаг. "Нүд бол сэтгэлийн толь” гэж ярьдаг нь үнэн ажгуу. Том алаг нүд нинжин сэтгэлтэй, зохион байгуулах, манлайлах ховор авъяастай хүнд заяагддаг. Хэрэв том нүдний зовхинд үрчлээс суусан бол энэ нь захирах дуртай хүний шинж гэнэ. "Дугуй” (телескопын) нүд мөрөөдөмтгий, залхуу, худалч занг илэрхийлдэг бол буурьтай, зожиг, зөрүүд, бардам хүн жартгай нүдтэй байдаг байна. Жижигхэн хар нүдтэй хүн голдуу ухаалаг, уран үгтэй байдаг. Харин тогтворгүй "гүйдэг” нүдтэй хүнээс болгоомжлох хэрэгтэй. Энэ нь залхай этгээдийн таних тэмдэг. Онигор, хөнхөр нүд нь овсгоотой, гэхдээ дотуур тамиртай, атаа жөтөөтэй, хар хэл амтай хүний шинж. Ер нь хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хөнхөр хол нүдтэй болдог учир тэд амьдралын хар ухаантай бас зальтай, шунахай, бусдад итгэдэггүй. Хялар нүдтэй эрчүүд шийдэмгий харин эмэгтэйчүүд ухаанаар гавьдаггүй.
Хүний нүдний цагаан шарласан, улайсан эсвэл хөхөрсөн байвал тэрээр ямарваа нэгэн өвчин эмгэгтэй эсвэл сэтгэл санаа нь хэвийн бус байдалд байна гэсэн үг. Нүдний хар, нүдний цагааныг хоёр хэсэгт хуваасан бол өрөвчхөн, нинжин сэтгэлтэй хүний тэмдэг. Харин нүдний цагаан нь нүдний харыг тойроод хоорондоо нийлж байвал ширүүн авиртай, хувиа хичээсэн хүний шинж. Хар, хүрэн, ногоон нүд нь амьдрах чадвар сайтайгийн баталгаа. Цэнхэр нүдтэнд дээрх чанар дутагддаг гэхдээ тэдд сайхан санаатай, эмзэг сэтгэлтэй, үгэнд оромтгой байдаг. Ичимтгий хэт даруухан хүнийг цайвар хүрэн, тайван тогтуун хүнийг сүүн хөх, ажлаас халширдгүй хүнийг хүрэн, тусч нөхөрсөг хүнийг саарал нүдээр нь мадаггүй таниж болдог. Хүний дээд зовхи доодхоосоо том хавдсан юм шиг байвал тэр бусдын төлөө санаа тавьдаггүй бэртэгчин, харин доод зовхи нь том бол биеэ боддоггүй хүн. Эрэгтэй хүний зүүн нүд нь баруунаасаа том бол түүнд эмэгтэй хүний шинж чанар давамгайлсан байдаг. Ийм нүдтэй хн хэрүүлч, чалчаа, яншаа, үглээ хов жив зөөдөг бол та гайхах хэрэггүй. Үүний адил эршүүд эмэгтэйн баруун нүд нь том байдаг.
Хамар
Хамрын дүрс хэлбэр эзнийхээ талаар олон сонирхолтой мэдээлэл агуулж байдаг. Сод хүн том хамартай байдаг. Гүн ухаантан эрдэмтэн мэргэддийг байгаль эх урт, шулуун хамраар шагнадаг. Хэрэв ийм хамартай хүн цэнхэр нүдтэй байвал Монте-Кристо гүнгийн адил ямагт тэнгэрийн одыг тоолох гэж зүтгэнэ. Мөгөөрслөг, ясархаг хамар их зантй , үглээ хүнийг бусдаас члгаж өгдөг. Илэн далангүй өөдрөг сэтгэлтэй хүнийг богино хамраар, тусч гүндүүгүй гэхдээ бага зэрэг бүдүүлэгдүү хүнийг том хамраар нь иэдэж болно. Сократ, Кромвель, 1-р Петр зэрэг айж эмээхийг мэддэггүй, сэтгэлийн асар их тэнхээтэй хүмүүсийн хамар бүгд сууриараа өргөн байсан. Хэт жижиг эсвэл төрөлхийн муруй хамартай хүн зөвхөн биеэ оторлосон Тартюф шинжтэн. Бүргэдийн хамар нь гярхай, овсгоотой, муу санаатай /Цезарь, 2-р Фридрих/, Карлсоных шиг сөхөгдсөн хоншоортой хамар нь хөнгөн хийсвөр, алсын бодолгүй, шантгар хамар нь олон ааштай, итгэж болмоооргүй хүний /1-р Павел, Нерон/ шинж мөн. Бусдад дандаа буулт хийдэг туйлбаргүй хүний хамар жижигхэн нүхтэй байдаг. Шулуун хамар нь духтайгаа нийлсэн хүмүүс өөрийн үйл ажиллагааг нийгмийн ашиг сонирхолд зохицуулдаг, хэрэв нийлээгүй бол өөрийн гэсэн үзэл бодолтой бусдын аяыг хэзээ ч дагадаггүй, шийдэмгий , идэвхитэйхүмүүс байдаг. Өргөн самсааг их зантйа, онгироо хүний шинж гэдэг. Өөрийн авъасыг зөв зохицуулж чаддаггүй хүн навтгар хамраараа олноос ялгардаг. Бусдыг аяыг хардаг, идэвхгүй хүмүүс зөөдөн хамартай байдаг. Ер нь хамар хэдий чинээ том байна төдий хүн төдий чинээ их сэтгэлийн тэнхээтэй, амьдрах чадвартай гэлцэнэ.
Ам Амны том жижгээс мөн хүний авхаалж самбаа, зориг тэвчээр шалтгаалдаг. Арчаагүй, дорой, үлбэгэр хүмүүс жижигхэн амтай байдаг. Өөрийн мөн чанараа нууж явдаг "дугтуйтай хүнийг” жимийсэн амаар нь таньж болно. Зөв хэлбэртэй, дунд зэргийн хэмжээний уруултай хүнтэй нөхөрлөвөл та түүний зүгээс шудрага бус үйлдэлтэй учрахгүй. Бүтэлгүй дурлалууд эмэгтэй хүний дээд уруул дээр үрчлээс үүсгэдэг. Түүнчлэн нөхөртөө хууртаж явсан эмэгтэйн уруул дээр ийм зураас гардаг. Хөгжилтэй хөнгөн хүний уруулын өнцөг өргөгдсөн байдаг. Гэхдээ тэд муу эцэг эх, тааруухан эхнэр нөхөр юм. Харин доош унжсан мэт уруултай хүн хэдийгээр бусдыг өрөвдөх, бусдад өрөвдүүлэх дуртай ч гэсэн гэр бүлийн тогтвортой гишүүн болдог. Зузаан, хэлбэр дүрсгүй уруултай хүмүүс голдуу ховдог, шунахай, залхуу, юу ч хийх чадваргүй байдаг. Өрөвдөх сэтгэлгүй хүнийг даравгар дээд уруулаар нь мэдэж болдог. Гэмт хэрэгтнүүд дунд ийм уруултан олон. Бэлгийн сулрал, хөрөлттэй хүнийг жимийсэн доод уруул нь илчилж өгнө. Дээд уруул нь доод уруулаасаа илүү гарсан бол шийдэмгий бус хүний шинж. Эсрэгээрээ байвал таны өмнө жинхэнэ хувиа хичээгч зогсож байна гэдгийг мэдтүгэй!
Одоо хүн яаж инээж байгааг ажиглая. Амаа таглаж инээдэг хүн ичимтгий, биеэ хэт хянаж өөртөө хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг. Ичимтгий, хөнгөн хүн толгойгоо гэдийлгэж инээнэ. Мөрөөдөмтгий хүмүүс инээхдээ толгойгоо гараараа түшдэг. Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн чанга чанга инээдэг. Хэрэв инээхэд хамар нь үрчийдэг бол хаврын тэнгэр шиг хувирамтгай хүн гэж ойлгохолд ташаарахгүй.
Чих
Чихний дээд ирмэг хөмсөгнөөсөө илүү гарч байвал маш байн сэтгэхүйтэй гэсэн үг. Хэрэв хөмсөгтэйгөө нэг түвшинд байвал сэтгэхүй дунд зэрэг байгааг илтгэнэ. Харин доор байвал тэнэг хүний "гэрчилгээ” юм. Том босоо эсвэл дэлдэн чих хөгжмийн авъяастайг илэрхийлдэг. Бас шар үстэй бол ирээдүйн "Моцарт” байж магадгүй. Жижигхэн, зузаан чихтэй хүнд хөгжмийн авъяас байдаггүй. Мөн ийм чихтэй хүн худалч хуурмаг, өшөө хонзон өвөрлөдөг. Ер нь зузаан чихтэй хүн бүдүүлэг, хязгаарлагдмал оюунтай байдгийг анхаарахтун. Чонон чихтэй /дээд талаараа шовх/ хүн голдуу харгис хэрцгий авир гаргадаг. Чихний гэдэс их учиртай. Гэдэс багатай чихтнүүд бусдаасаа эелдэг, боловсон зан харьцаагаараа ялгардаг. Гэхдээ шаардлагатай үед тэд ган шиг хатуу, төмөр шиг бөх байдаг. Чихний гэдэс уртсах тусам хүн удаан амьдардаг. Тийм хүмүүсийг дорно дахины оронд эрдэмтэн мэргэд гэж хүндэлдэг. Чихний хэвийн өнгө бол ягаан . Чих шар юмуу хөх туяатай бол өвчин эмгэгийн шинж тэмдэг. Чих хичнээн хатуу байна эрүүл мэнд төчнөөн сайн байна.
Эрүү
Хатуужил тэвчээртэй хүмүүс том эрүүтэй байдаг. Тиймээс ч тэд бусадтай зовлон зүдгүүрээ хуваалцах дургүй. Хэрэв том эрүү Карлсоны хамартай хослож байвал зөрүүд, гөжүүд, дураараа зангийн тод илрэл. Үнэг шиг нарийн эрүүтэй хүн юуны өмнө өөрийн ашиг сонирхлыг эрхэмлэдэг. Ямагт аюул заналтай тулгардаг хүмүүсийн эрүү урагшаа түрсэн байдаг. Давхар эрүүтэй хүмүүст орчин тойрныхны анхаарал халамж дутагддаг. Шовхдуу эрүү, жимийсэн уруул, шонхор хамар хослож байвал хүн бүхнийг сургах гэж оролддог хэнхэг хүний таних тэмдэг. Харин эрүүн дээрээ хонхорхойтой хүн салхи шиг тогтворгүй, түүний ямар үйлдэл хийхийг та хэзээ ч урьдчилан тааж чадахгүй.
Өргөн магнай саруул ухаан, зохион байгуулах ховор авъяасыг гэрчилдэг. Жижиг духтай хүн бурхан шашинд сүсэглэдэггүй, ариун нандин шүтээнгүй, ёс суртахууныг умартсан байх нь элбэг. Хавтгай дух сэтгэлийн тэнхээгүй хүний шинж болно. Харин горим сахисан дуулгавартай хүний дух дээд хэсгээрээ товгор байх нь олон.
Энэ бүхний эцэст "Бурхан тэнгэр биеийг бүтээдгээс сэтгэлийг бүтээдэггүй. Хүн бол сав. Зөвхөн түүнийг юугаар дүүргэх вэ гэдэг нь чухал юм” гэсэн нэгэн эрдэмтний үгийг зориуд хэлье. Чонон чихтэй атлаа сайхан сэтгэлтэй, шантгар хамартай боловч найдаж болмоор, жижигхэн хар нүдтэй мөртлөө хоёр үг холбож чаддаггүй хүн алийг тэр гэхэв. Тиймээс хүнтэй танилцахдаа нүднээсээ гадна сэтгэлдээ итгээрэй.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4252
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих