Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусахад 30 хоногийн хугацаа л үлдэж байна. Харин энэ хугацаанд эдийн засгийг эрчимжүүлэх ямар ажил хийгдэв гэдэг дээр ард иргэд өөр өөрийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт өгнө биз ээ. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд "ЭЗЭН-100” хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хамгийн гол нь бодит ажил хийе гэсэн 100 хоног байсангүй. Зөвхөн ард түмэнд эдийн засаг сэргэлээ, сайжирч байна гэж сайхан юм ярих гэсэн 100 хоног байлаа. Хамгийн наад захын жишээг дурдахад, хөтөлбөр эхлэхэд валютын ханш 1800 гаруй байсан. Тэгвэл өнөөдөр 1842 болчихож. Үр дүн нь үүнээс тодорхой харагдаж байгаа биз. Үндсэндээ валютын хэлбэлзлээс хамаарч эдийн засгийн хямрал гүнзгийрчихлээ. Үүнийг үлдэж байгаа 30 хоногт сэргээнэ гэж байхгүй. Чадах ч үгүй. Нөхцөл боломж нь ч алга. Хийх гэсэн ажлыг нь харахад үнэхээр бодитой биш байсан шүү дээ. Тийм л учраас ямар ч үр дүнгүй болох шиг боллоо. Угаасаа сонгуулийн шоу маягийн хөтөлбөр болоод дуусчихаж байна.
Энэ хөтөлбөрийг МАН-ынхан анхнаасаа эсэргүүцэж шүүмжлээгүй. Бид дэмжиж ажиллахыг хүссэн, хичээсэн. Ялангуяа, жижиг дунд үйлдвэрлэл, гааль, НӨАТ-ын татварыг тэглэх, багасгах талаар бишгүй төсөл санаачилж өргөн барьсан. Яагаад гэвэл Засгийн газрын муу, сайн ажиллах тухай асуудал энд хамаагүй. Эдийн засаг сэргэх нь ард түмний амьдралтай холбоотой учраас МАН-ын бүлэг бүх чадлаараа дэмжиж ажилласан. Гэхдээ тэдний хийх гэж зорьж тэмүүлсэн, ярьж хэлж байгаа нь бодитой бус байсан учраас үр дүнгүй 100 хоног болоод дуусч байх шиг байна. Эргээд харахад эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдгийн цаана юу байв гэвэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл байлаа. Үүнийг өөрсдөө эдийн засгийн өршөөлийн хууль гэж зөөлрүүлж хэлдэг юм билээ. Тийм биш. Үүний цаана идэж, уусан мөнгөө хууль ёсны болгох гэсэн оролдлого нуугдаж байгаа юм. Үүнийг л хийх гэж ийм төсөл санаачилжээ гэж харж байна. Хамгийн гол нь энэ бол баталж болохгүй хууль. Хэрэв хүчээр түрэмгийлж батлавал төр энэрэнгүй, эрх тэгш байх үндсэн зарчмаа гээх болно. Мэдээж зөв зохистой зүйлд татварын өршөөлийг үзүүлэх нь зүйтэй. Гэхдээ энэ төслийг байгаа хэмжээнд нь батлавал хожмын өдөр Монголд асар их баяжсан бүлэглэл, нөгөө талд нь туйлын ядуурсан иргэд гэсэн хоёр бүс рүү хуваагдана. Тиймээс үүнийг дэмжих ямар ч боломжгүй” хэмээжээ.
Н.Батаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих