Алтан нараа тоссон эх сайхан тал
нутагтаа Монгол наадмаа хийж байгаа нутгийн зон олондоо болон бидний
баяр цэнгэлийг хуваалцагч эрхэм хүндэт зочид, нийт наадамчид Та бүхэнд
Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жил, Дорнод
аймгийн 83 жилийн ой, Улс үндэснийхээ их баяр наадмын гал халуун
мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Жил жилийн наадмын адил энэ жилийн наадмын өнгө жавхаа, үзэмж төгөлдөр төгс сайхан эхэлж байна. Дэлгэр сайхан зуны цагтаа хүн малын зоо тэнийж айл гэр, улс хотлын маань аж амьдрал дэвжин сэргэж байна. Хөдөлмөрч бүтээлч олныхоо амжилт, зүтгэлийг төр түмэн маань үнэлэн дэмжиж байна. Нутаг орныхоо хөгжил дэвшил бүтээсэн цоцлоосон бүхнээ бэхжүүлэхийн төлөө, ололт амжилтаа урагшлуулан ахиулахын төлөө, Нутаг орныхоо нэрийг сайнаар гаргахын төлөө манай ард түмэн идэвхийлэн ажиллаж байна. Түмэн олондоо алдар хүнд, сайн үйлсээрээ дэвжин дээшилсэн хувь хүн, байгуулга хамт олны ажил үйлсийн яруу алдараараа улс түмнийхээ сонорыг мялааж байна.
Монголчууд бид наадмаараа билэгтэй сайхнаа хэлэлцэж, ёс уламжлалаа дээдэлж, түүх шашдираа хүндэтгэж, ололт амжилтаараа бахархан баярладаг. Азай буурал ахмадууд, хойч үеийн хүүхэд багачууд, энэ цагийн түүхийг бүтээгчид, үе үеийнхний хамтын их баяр цэнгэл бол өнөөдөр эхэлж буй улс үндэсний маань их баяр наадам юм. Энэ цаг мөчид тэнгэр газраа баясган нутаг орноороо баярлан наадмаа эхлүүлж байгаа элэг нэгт нар тоссон нутгийнхаа ахан дүүсдээ, нийт ард иргэддээ хотол олноороо, баярын магнай тэнүүн сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Өндөр дээдсийн үеэс уламжлагдан ирсэн, их түүхт, эрх чөлөөт Монгол түмний билэгшээл, бахархлын дээд улс үндэсний их баяр наадам, зүүн бүсийн их хурдан хүлгийн наадам маань ийнхүү эхэлж байна. Их цагаан сүлд, аз хийморийн даллагатай дэлхийд ганц Монгол наадамдаа сайхан наадаарай
Барс арслангийн хүчитнүүд нь баруун зүүнээ эзэгнэж
Хурдан харцагын хүлгүүд нь хурмаст тэнгэртээ тоосоо өргөж
Эрхий мэргэн харваачид нь эвэр нумаа хөвчлөн татсан
Эрийн гурван наадамтай эвийн түшигтэй түмэн олондоо баярын мэнд дэвшүүлье!
ДОРНОД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Р.ЗОРИГТБААТАР
С.ГАНБАТ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих