АНУ-ын "Форбес” сэтгүүлээс жил бүр хамгийн нөлөө бүхий алдартнуудыг тодруулдаг уламжлалтай. Энэ удаа энэхүү жагсаалтыг олон уран бүтээлээрээ хүмүүст нэгийг бодогдуулж байдаг, кино найруулагч Стивен Спилберг тэргүүлжээ. Спилбергийн найруулсан хамгийн сүүлийн томоохон бүтээлүүдийн нэг "Линкольн” кино Оскарын наадмын 12 төрөлд нэр дэвшиж, бокс оффисоос 275 сая америк долларын ашиг олсон билээ.
Форбес сэтгүүлд "67 настай найруулагч энэ киногоор гадаад орны хүмүүсийн анхаарлыг 19-р зууны АНУ-ын улс төрийн амьдралд татаж чадсан юм” хэмээн бичжээ. Учир нь "Линкольн” кино гадаад зах зээлд 93 сая америк долларын ашиг олжээ. Мөн Форбес сэтгүүлийн мэдээлж буйгаар санал өгсөн хүмүүсийн 47 хувь нь Спилбергийг нөлөө бүхий гэж дүгнэсэн байна.
Дашрамд сонирхуулахад Форбес сэтгүүлийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтыг өнгөрсөн жил 49 хувийн саналаар телевизийн хөтлөгч Опра Уинфри тэргүүлж байсан бол тэрээр энэ жил 45 хувийн саналаар Спилбергийн ард жагсчээ. Харин гуравдугаарт "Оддын дайн”-ыг бүтээгч Жорж Лукас орсон байна. Тэрээр 2012 оны 10-р сард өөрийн "Лукасфильм” компаниа "Уолт Дисней” компанид 4,05 тэрбум америк доллараар худалдсан билээ.
Тэгвэл дөрөв болон тавдугаар байранд кино найруулагч Рон Ховард, Мартин Скорсезе нар жагсчээ. Ийнхүү эхний таван байрны дөрвийг нь кино найруулагчид эзэлж байгаа нь онцлогтой байгаа юм. "Форбес” сэтгүүлийн зүгээс санал асуултад хэдэн хүнийг хамруулсныг мэдээлээгүй аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих