Аливаа юмс хоорондын үйлийн үрээс шалтгаалан нягт уялдаа холбоотой байх аж. Миний хорвоод ирэхийн шалтгаан нь ч гэсэн төрөх, үхэх хоёрын хоорондох цаг хугацаанд ямархан үйлийн үр тарьж тэр нь эргээгээд хүмүүн заяанд сайн эсвээс муу үйл болохыг дан гагц цаг хугацаа харуулна гээд хийсэн, бүтээсэн болгоноо би хөсөр хаямгүй санагдахын учир зүрхлэн өөрийн 20 жил бичиж зохиосон дууны бүтээлүүдээсээ сорчлон "Миний сонгодог" нэртэй хос цомгийг эмхэтгэн сонсогч, уншигч танаа хичээнгүйлэн өргөн барив. Юмыг бодитоор барьж, эдэлж хэрэглэдэг юмнаас ангид өөр нэгэн гайхалтай сайн сайхан гагцхүү урлагт л байдаг гэдэгт итгэж явдаг хүн. Үүний ид шидийн мөн чанарыг ойлгох гэж явсан 20 жилийн хөдөлмөрөө эргэцүүлэн бичгийн ширээнээ бодон бясалгахуй, дур мэдэн өөрийгөө хүмүүст зориглон таниулах цаг нэгэнт болжээ гэж сэтгэх болов.
Олон найз нөхөд ойр дотныхон намайг элдэв шоу концерт, арга хэмжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийгөө илэрхий сурталдахыг ятгаж байсан ч миний дотор Дорнод талын хүмүүний бодрол, уужуу байх, эцэг эхийн дуугүй атлаа ухаантай харц өдий зэрэгтэй авч яваад баярлан явна. Сайн, муу хоёр садан төрөл гэдэгчлэн өнгөрснийг нэхэн санах ахул Дорнод аймгийн багшийн коллежийн дэргэдэх "Нөхөд" хамтлагт анхлан дууны шүлгээ барьж очин миний анд нөхөд, ая эгшиг оруулан "Д.Ган-Очирын шүлэг" гэж аймгийн мах комбинатын ажилчдын соёлын ордоны тайзнаа хөтлөгчийн хоолойгоор нэрээ дуудуулах агшнаа "хамаг шар үс босож" байсан мэдрэмж одоо ч сэтгэлээс гардаггүй юм. Эндээс л 'яруу найраг, дууны уран бүтээлч буюу З.Түмэнжаргал ахын хэлдгээр "дууны яруу найраг" гэсэн хөтөлгөө морьтой явах эхлэл минь тавигдсан билээ. Гэхдээ эрхэм уншигч, сонсогч танд цаг хугацаа гэдэг зүйлийг тулгахдаа бус цаг хугацаанд миний сэтгэл ямархан сэргэж, цэлмэж, аялгуу хөгжимтэй найрсан амьдарсныг сонсоосой! гэсэндээ энэхүү цомгийг таны өмнө барьж байгаа болно. Өнгөрсөн он жилүүдэд миний дуун уран бүтээлийг дэмжиж, ивээсэн бүх л анд нөхөд, хамт олонд гүн талархал илэрхийлье!
"Миний сонгодог..." цомгийн эх ундарга нь Эрээнцав нутагт 1974 онд малын эмч болон ажил амьдралынхаа гараагаа эхэлсэн ааваас минь эхтэй. Миний зөөлөн намуухан үг, шүлгийн мөрүүд ээжийн минь төрх, үг, байгаа байдлаас нь ундаргатай. Анхлан хуванцар авдар бүхий хоёр дамартай том сараал магнитафон хөгжим аав гэртээ худалдан авч ирж, хагас бүтэн сайнд гэрийнхээ цонхоор чанга яригчийг нь гарган гадаадын дуу тавьж түүнд нь хөөрөн баясаж байсан аавын минь залуу насны эгшиг, уянга миний балчир насандаа тогтоож авсан тэр л мэдрэмжийг алдалгүй өөрийнхөөрөө дуу болгон одоо ч Монголын залуучууддаа хүргэн яваа минь бурханы хишиг хэмээн залбирнам.
Цаг хугацаа хүмүүний багш гэдэг шиг миний амьдрах он жилүүд ирээдүй рүү дурлах мянга мянган залуучуудын сонор руу очин хожим зохиох дууны шүлгүүдэд урам хайрлаж.одоо гарч буй цомгийг минь намайг бус 20 жил бүтээсэн дууны уран бүтээлийг минь хүндэтгэн, шинэ бүтээлийг түмэнд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй "Төрийн Банк"-ны хамт олонд талархнам.
Уран бүтээлч хүн урмаар л амьдардаг.Урам хэмээх өчүүхэн атлаа агуу мэдрэмжийг сэргээн тэтгэгч Монголын урлагт хайртай олон арван байгуулага хамт олны манлайд яваа "Төрийн Банк"төгөлдөр орших болтугай!
Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн ГАН-ОЧИР болой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4338
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих