Зуны урин дуяаан цагт, атралт зугаалга олширч, архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор бэлгийн замын халдварт өвчний тархалт өссөн талаар эрүүл мэндийн байгууллагынхан
анхааруулж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны БЗДХ, ДОХ, Сүръеэгийн
хяналт, урьдчилан сэргийлэлтийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт
хариуцсан тэргэжилтэн С.Отгонсүхтэй ярилцлаа.
-Бэлгийн замын халдварт өвчний тархалт ихэссэн гэсэн, нарийн судалгаа гаргасан уу?
-Сүүлийн
таван жилийн байдлаар бэлгийн замын халдварт өвчний тархалт нэмэгдэх
хандлагатай байгаа. Үүн дотор тэмбүүгийн өвчлөл өсч байна. 2001 онд
тэмбүү өвчний тархалт 10 мянган хүн амд 7,2 хувьтай байсан бол 2013 онд
22,2 хувьтай болж өссөн үзүүлэлт гарсан. Улсын хэмжээнд 2013 оны
байдлаар нийт халдварт өвчний 40 хувийг бэлгийн замын халдварт өвчин
эзэлж байгаа. Голдуу 16-45 насны хүмүүс буюу бэлгийн идэвхтэй амьдралтай
иргэдийн дунд тархалт өндөр байна. Тиймээс бэлгийн замын халдварт
өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөе. Хувь хүний бэлгийн сахилга баттай
холбоотой учраас иргэн бүр эрүүл мэнддээ санаа тавих хэрэгтэй. Бэлгийн
замын халдварт өвчин хувь хүнээс өөрөөс нь шалтгаална. Бэлгийн замын
халдварт өвчин нэмэгдэнэ гэдэг нь ХДХВ-ийн халдвар тархах эрсдэлтэй.
Тэмбүү, заг хүйтэн зэрэг бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүст
ДОХ-ын халдвар дамжих эрсдэл 10 дахин өндөр байдаг. Тэр утгаараа ДОХ-ын
халдварын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Одоогоор 173 иргэн ДОХ-ын
халдвартай гэж бүртгэгдсэн. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 2014 оны
байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай 700 гаруй иргэн байж болзошгүй
гэсэн тооцоолол гаргасан.
-Эрүүл мэндийн яамнаас бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах талаар ямар бодлого барьж байна вэ?
-Бэлгийн
замын халдварт өвчин, ДОХ-ын тухай хууль бий. Мөн стратегийн бодлого
гэж бий. Үүнийхээ хүрээнд тушаал шийдвэрүүд гаргадаг. Хэдийгээр
тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа боловч эрүүл мэндийн байгууллага
дангаараа хүчрэхгүй байна. Урин дулааны улирал болохоор хөдөлгөөнт хүн
ам өссөн. Тэгэхээр аялал жуулчлалын байгууллага ч гэсэн сэрэмжүүлэг
явуулах хэрэгтэй байна.
-ХӨСҮТ-өөс
тэмбүү өвчний тархалт нэмэгдэж байгаа талаар байсхийгээд л мэдээлдэг.
Тэмбүүгийн тархалт ямар байгаа вэ. Тухайн хүний эрүүл мэндэд нөлөөлөх
хор хөнөөл нь их үү?
-Сүүлийн үед эмийн хэрэглээ замбараагүй
болсон. Тухайн хүн тэмбүугээр өвчилсөн байлаа гэхэд дур мэдэн
антибиотек хэрэглэсэн тохиолдолд шинж тэмдэг нь бүдгэрдэг. Далд хэлбэрт
ороод архагшвал бэлгийн замын салстыг гэмтээж үргүй болгодог аюултай.
Нөхөн үржихүйн насныхан тэмбүүгийн халдварын шинж тэмдэг илэрвэл
яаралтай эмчид хандах хэрэгтэй. Далд хэлбэрт орж архагшдаг өвчин учраас
хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй байдаг. Иргэд өөрсдөө эрүүл мэнддээ
санаа тавихгүй бол мэргэжлийн байгууллага ухуулга хийгээд сурталчилгаа
явуулаад ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Тэмбүүгийн халдвар авснаа
мэдэхгүй өвчтэй хүүхэд төрүүлдэг. Жирэмсний хяналтад хамрагддаггүй
хүмүүсээс тэмбүүгийн халдвар илэрдэг. Зургадугаар сарын байдлаар
тэмбүүгийн халдвартай гэж оношлогдсон 3000 гаруй хүн байгаа талаар
ХӨСҮТ-өөс мэдээлэл өгсөн. Энэ бол бүртгэгдсэн, өөрийгөө халдвартай
гэдгийг мэдээд эмчлүүлсэн хүмүүсийн тоо. Цаана нь халдвар тээгээд явж
байгаа өчнөөн хүн бий. Тооцооллын аргаар судлаад үзэхэд 3000 гаруй хүний
цаана 9000 орчим халдвартай иргэн байх магаддатгай гэж үздэг.
Бүртгэгдээгүй хүмүүс халдвар тараагаад яваа гэсэн үг.
-Манай улс шинээр үйлдвэрлэгдэж байгаа эм тариануудыг оруулж ирсэн үү. Бэлгийн замын халдварт өвчин бүрэн эмчлэгдэх үү?
-Бэлгийн
замын халдварт өвчин төгс эмчлэгдэнэ. Эрүүл мэндийн сайдын баталсан
тушаал зааврын дагуу эмчилгээ хийдэг. Гэтэл залуус бэлгийн замын
халдварт өвчин тусчихаад мэдэхгүй явсаар хүндрүүлдэг, бусдад тараадаг.
Нөгөөтэйгүүр мэдсэн тохиолдолд өөрсдөө дур мэдэн эмчилдэг. Дур мэдэн
эмчлэхээр бүрэн эдгэрэхгүй. Эмийн сангаас дураараа эм авч уудаг. Найз
нөхдөөсөө асууж эмчилдэг буруу тогтолцоо үүсчихээд байна. Ер нь хүмүүс
эмнэлэгт хандахдаа хойрго байдаг. Хамгаалалтгүй, тохиолдлын бэлгийн
хавьталд орсон бол заавал сайн дурын шинжилгээ өгөх хэрэгтэй.
-Бэлгийн замын халдварт өвчин бусдад халдаасан бол хуулийн хариуцлага хүлээлгэдэг заалттай биз дээ. Хууль хэр хэрэгждэг вэ?
-Хуульд тийм заалт бий. Өөрийнхөө халдвартай гэдгийг мэдсэн хэрнээ бусдад халдаасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг.
Гэтэл өөрийгөө ч мэдэхгүй тараагаад байгаа учраас хариуцлага хүлээлгэх боломж алга.
-Танай яамны зүгээс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Бид
байнга урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна. Аймаг сумдын эмч нар
тухайн нутаг орноороо явж урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийдэг.
Хүмүүс өөрсдөө эрүүл мэнддээ санаа тавихгүй байна. Бэлгийн замын
халдварт өвчин туссанаа нуун дарагдуулдаг. Сайн дурын зөвлөгөө,
шинжилгээний төвүүдэд ханддаггүй. Үнэ төлбөргүй шинжилгээ хийж, зөвлөгөө
өгдөг сайн дурын төвүүд бий. Зарим хүн хаана хандахаа мэддэггүй юм шиг
байна. Илрүүлэг үзлэг, харуулдан тандалт гаэд төлөвлөгөөт ажлууд хийж
байгаа. Хэрвээ тохиолдлын бэлгийн хавьталд орсон л бол долоо хоногийн
дараа сайн дурын шинжилгээний төвд ханддаг байх хэрэгтэй юм. Аялал
жуулчлал, зам тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд бэлгийн замын
халдварт өвчнийг бууруулах тал дээр анхаарч ажилламаар байна. Ганцхан
эрүүл мэндийн байгууллагын хиих ёстой ажил гээд хараад суугаад
баймааргүй болсон. Бусад байгууллагуудын оролцоо чухал.
-Бэлгийн
замын халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүсийн олонх нь эрсдэлт бүлгийнхэн
байдаг байх. Тэдэнд зориулсан сургалт сурталчилгаа явуулж болдоггүй юм
уу?
-Янз бүр байдаг. Зөвхөн эрсдэлт бүлгийнхний дунд тархалт
өндөр байна гэж хэлж болохгүй. Одоогоор зөвхөн бүртгэгдсэн тоог гаргаад
байгаа. Бүх давхаргынхан өвчилж байна. Энэ оны нарийвчилсан судалгаа
удахгүй гарна.
-Манай улс "Глобаль сан"-гаас бэлгийн
замын халдварт өвчнийг бууруулахад санхүүжилт авдаг. Энэ жил хэчнээн
төгрөг зарцуулахаар төсөвлөсөн бэ?
-Бэлгийн замын халдварт
өвчин тэр дундаа ДОХ, сүрьеэгийн тархалтыг бууруулахад зарцуулах
мөнгөний 70-80 хувийг "Глобаль сан"-гаас гаргадаг. Үлдсэн цөөн хувийн
санхүүжилтийг Засгийн газраас гаргаж байгаа. Гэхдээ "Глобаль сан"-гийн
төслийн хэрэгжилт дуусах гэж байгаа учраас Засгийн газарт санхүүжилтийг
шилжүүлэх үйл явц өрнөж байна. Цаашдаа тус сангаас зарцуулдаг байсан
санхүүжилтийг Засгийн газраас гаргадаг болох юм.
Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих