Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг өдрөөс өдөрт үнэгүйдэн өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдөн ард иргэдийг ядууруулахын дээр манай эдийн засгийг өөд татах хос зүтгүүр, эх орондоо валютыг хэзээ хэзээгүй вагон вагоноор цутгаж эхэлнэ хэмээн ихээхэн найдвар төрүүлж байсан зэс, алтны Оюутолгой, нүүрсний Тавантолгойн уурхайн аль алины ирээдүй тун бүрхэг болж, гадаадын хөрөнгө оруулагчдын дунд Монгол моодноос гарч эхэлсэн энэ үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй манай төлөөлөгчид Японд айлчиллаа. Тэд ганзага хоосон буцаж ирсэнгүй, тэдний богцон дахь хамгийн үнэ цэнэтэй зүйл бол ардчилсан Монголын анхны он жилүүдээс хамгийн ихээр дэмжин тэтгэж ирсэн дэлхийн гурав дахь том эдийн засагтай Японтой үзэглэсэн Чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байв. Манай улсын хувьд гадаад оронтой эдийн засгийн ийм түншлэлд шилжиж буй анхны тохиолдол нь энэ. Хоёр орны төрийн тэргүүний үзэглэсэн энэ хэлэлцээрийг тус тусын парламент батламжлах л үлдлээ.
Японтой байгуулсан энэ хэлэлцээр манай улсад чухам ямар ач холбогдолтой, бодит үр ашигтай байх бол. Үнэндээ Монгол бол арлын хүчирхэг орны хувьд АНУ, Европын холбоо, БНХАУ зэрэг худалдааны томоохон түншүүдийнх нь дэргэд харагдах төдий орон. Нэг жишээ дурдахад өнгөрсөн онд хоёр орны худалдаа 310 сая ам.долларт хүрснээс манай улс Япон руу ердөө 20 сая ам.долларын экспорт хийж, тус улсаас 290 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортложээ. Японоос орж ирдэг импортын бараг тэн хагас эдэлгээнд байсан суудлын автомашин гэж байгаа.
Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрт юуны түрүүнд хоёр орны өнөөгийн худалдааны гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг харилцан багасгаж, яваандаа бүр тэглэхээр тусгажээ. Японы хүсэлтээр манай тал тус улсаас орж ирж буй автомашинд ногдуулдаг таван хувийн татварыг тэглэхээр тохиролцсон байна. Үүний хариуд Япон Монголын үхрийн маханд ногдуулдаг 38.5 хувийн татвараа тэглэн манай орноос худалдан авах үхрийн махны хэмжээг тогтоохоор болж байгаа аж. Тэгэхээр байн байн гардаг шүлхий зэрэг малын өвчнөө хянаж чадах юм бол Монголын хөдөө аж ахуйн салбарт таатай боломж ойрын хугацаанд нээгдэх нь мэдээж.
Хэдийгээр хоёр орны худалдаа одоогийн байдлаар манай талд маш их алдагдалтай, 20 сая ам.доллар экспортлон, оронд нь 290 сая ам.долларын импорт оруулж байгаа ч Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийн ачаар тун удахгүй манай талд ашигтайгаар эргэх боломжтойг гадаадын судлаачид тэмдэглэж байна. Учир нь манай улс зэс, алт, коксжих нүүрс зэрэг байгалийн асар их баялгаа Японд татваргүйгээр нийлүүлж эхэлбэл худалдааны харьцаа, хэмжээнд ихээхэн өөрчлөлт орох ажээ. Дээр нь манай аж ахуйн нэгжүүдэд уул уурхай төдийгүй эдийн засгийн бусад салбарт шаардлагатай тоног төхөөрөмжийг татваргүйгээр оруулж ирэх боломж нээгдэх билээ.
Чөлөөт худалдааны тухай хэлэлцээрээс гадна манай улс Японтой Хөрөнгө оруулагч болон төрийн байгууллага хоорондын маргааныг шийдвэрлэх тухай гэрээ байгуулжээ. Ингэснээр манай оронд хөрөнгө оруулах сонирхолтой Японы компаниуд хөрөнгөө салхинд хийсгэхээс айлгүй элдэв эрсдэлгүйгээр манай эдийн засагт гадаад валют цутгах боломжтой болж байгаа юм. Энэ нь валютаар цангаж эхэлсэн манай эдийн засагт амь тарианы үүрэг гүйцэтгэнэ гэдгийг үгүсгэх аргагүй.
Аль аль талдаа илэрхий ашигтай тул эдгээр гэрээ хэлэлцээрийг нэг их удаан зөвшилцөж хэлэлцэлгүйгээр ийн байгуулсан гэлтэй.
Хоёр орон эдийн засгийн сацуу өөр өөрийн улс төр, геополитикийн олон асуудлаар ашиг сонирхлын нийцүүлж чаджээ. Манай орны хэзээнээс найрсаг харилцаатай Хойд Солонгосын тагнуулын албад аль 1970-1980-аад онд Японы хэдэн зуун иргэнийг хулгайлан янз бүрийн зорилгоор ашиглаж байсан аж. Тэдний хувь заяаг тодорхой болгох, эх оронд нь буцаах оролдлогыг Япон хэзээнээс хийсээр ирсэн ч тодорхой үр дүнд төдийлөн хүрч байсангүй. Тэгвэл энэ оны эхээр хоорондоо дипломат харилцаагүй Япон, Хойд Солонгосын албаны хүмүүс манай талын зуучлалаар Улаанбаатарт уулзаж, 13 настайдаа олзлогдсон япон эмэгтэй олон арван жилийн дараа эцэг, эхтэйгээ дахин нэгдсэн билээ.
Хэрэв Монголын зуучлалаар Япон олзлогдсон олон иргэнийхээ хувь заяаг мэдэж, бүр амьд мэнд эх орондоо эргүүлэн авчирвал Шинзо Абэгийн Засгийн газрын нэр хүнд эрс нэмэгдэнэ гэдгийг тус улсын "Киодо” агентлаг онцолсон байна. Тэгж чадвал манай улсын бүс нутаг төдийгүй нийт дэлхий дахь нэр хүнд ч эрс дээшлэх билээ.
Гуравдахь хөршийн тухай гадаад бодлогын номлолоо урдаа барин манай орон хүчирхэг хоёр хөршийнхөө бүрэн хамаарлаас ангид байх нэг баталгаа нь Японтой ийнхүү эдийн засаг, улс төр, геополитикийн хүрээнд идэвхтэй түншлэх явдал болох нь тодорхой. Энэ нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалд Японд ч багагүй ашигтай.
Юу гэвэл, Япон улс Азид өсөн нэмэгдэж буй Хятадын нөлөөнд санаа зовниж буй. Тэгээд ч Азийн хүчирхэг энэ хоёр гүрний газар нутгийн маргаан сүүлийн үед нэлээд хурцдах болсон билээ. Иймээс ч Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн хоёрдугаар дайны дараа тус улсад тулгасан Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөн улс орноо гадны халдлагаас бие даан хамгаалах чадвартай үндэсний зэвсэгт хүчин байгуулах бодолтой буйгаа мэдэгдэж байлаа. Үүнээс гадна тэрээр БНХАУ-тай газар нутгийн маргаантай Филиппин, Вьетнам зэрэг Зүүн-Өмнөд Азийн орнуудад айлчлал хийж бүх талын харилцаагаа идэвхжүүлэхээр тохиролцсон билээ.
Тэгэхээр, Токиод хийсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үеэр Монгол ч, Япон ч нэг сумаар хоёр туулай агнажээ гэж дүгнэж болмоор.
Б.БАРС
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих