Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Хөрөнгө оруулалтын газрын
дарга С.Жавхланбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр эдийн
засгийг эрчимжүүлэх "Эзэн 100" хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан Эдийн
засгийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.
-Шинэчлэлийн
Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн 100" хөтөлбөрийг
хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар ямархуу
шатандаа явна вэ?
-Энэ хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг
хийхээр төлөвлөсөн. Засгийн газраас ухаалаг арван арга хэмжээ авахаар
төлөвлөсөн. Ерөнхийдөө "Эзэн 100" хөтөлбөрийт хэрэгжүүлэхэд ганц л
зарчим барьж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайдын дэргэд
байгуулагдсан Эдийн засгийн зөвлөлд хувийн хэвшлийнхний төлөөллийг
түлхүү багтаасан. Миний хувьд төрийн байгууллагын төлөөлөл. Тиймээс
хөрөнгө оруулалт, бизнесийн орчин талыг хариуцан ажиллаж байгааг
онцолъё. Бидний хийж байгаа гол ажил бол бизнесийнхнээс гарч байгаа
саналыг Засгийн газар шийдвэрлээд шаардлагатай гэвэл УИХ-д өргөн барих
гэсэн хоёр шаттайгаар явж байгаа. Энэ хүрээнд өмнө нь төлөвлөөд байсан
70 гаруй арга хэмжээ бий. Энэ ажил одоогоор яг хэдэн хувьтай явж байгааг
Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайханаас асуух
хэрэгтэй. Энэ хүн нийт ажлын явцыг мэдэж байгаа. Учир нь бид 70 арга
хэмжээг таван бүлэгт хувааж үзэж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Миний
хувьд дээр дурдсанчлан зөвхөн нэг талын ажил хариуцсан төлөөлөгч.
Засгийн газрын хувьд "Эзэн 100" хөтөлбөрийн хүрээнд хурдацтай ажиллаж
байгаа. Шаардлагатай сайд нарыг дуудаж уулзаж чиглэл өгөх ажлуудыг хийж
байгаа юм билээ. Ингээд бид хувийнхнаас гарсан саналуудыг багцлаад
наадмын өмнө УИХ-д өргөн барилаа. Гол бичиг баримтуудаа УИХ-д
оруулчихсан гэсэн үг.
-Гэхдээ нийгэмд "Эзэн 100"
хөтөлбөр үр дүнгээ өгөхгүй байна" гэсэн шүүмжлэл байна. Учир нь валютын
ханшийн хөөрөгдөл улам ихэсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ
нэмэгдэж байна. Мөн олон бизнесийн байгууллагууд хаалгаа барьж,
дампуурлаа зарлаж байна?
-"Эзэн 100" хөтөлбөр өөрөө тийм
хурдан хугацаанд хэрэгжээд үр дүн нь харагдах юм биш. Энэ хөтөлбөрийн
богино, дунд, урт хугацааны гэж ангилаад хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүнээс энэ хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлууд 100 хоногтоо хэрэгжээд үр
дүнгээ өгнө гэж байхгүй. Ер нь аливаа улсын Засгийн газрын санаачилгаар
эдийн засгийг эрчимжүүлэх эсвэл хөдөлгөөн оруулах ажлын суурийг тавих
зорилгоор ийм эрчимжүүлэх хөтөлбөр хийгддэг. Энэ бол загварчилсан төсөл
гэсэн үг. Тэгэхээр ажил бол энэ хүрээндээ л явж байгаа. Гэхдээ мэдээж
энэ тогтоолын төслийн хүрээнд шууд үр дүнгээ өгч байгаа жижиг ажлууд
бий. Ялангуяа парламент дээр батлагдаж байгаа хуулиудад цаг хугацаа
заавал шаардлагатай. Хуулийн өөрчлөлт нийгэмд хүрэх, буцаад хөрсөн дээр
буух зэрэг нь урт хугацааны ажил л даа. Нөгөө талаас бизнес өөрөө
итгэлцэл дээрт тогтдог. Өөрөөр хэлбэл, нийт нийгэм эдийн засгийн орчныг
сайжруулах зорилготой л ажил учраас шууд өөрийн гар хөлтэй, шууд үр
дүн нь гардаг ажил биш. Угаасаа "Эзэн 100" өөрөө ерөнхий орчин
бүрдүүлж, урт хугацаанд үр нөлөөг нь авдаг л ажил. Тэгэхээр мөнгөний
бодлого шиг хүүг нь нэмээд доошлуулаад маргааш нь тэр нь банкуудад
нөлөөлдөг юм биш. Сангийн бодлого шиг төсвөө хязгаарлах ч боломжгүй. Энэ
бол хөрөнгө оруулалтын бодлогын нэг ялгаа. Товчхондоо, шийдвэрийг
бизнес эрхлэгчид өөрсдөө гаргадаг. Жишээ нь Би хуулиа сайжруулчихлаа, та
нар бизнесээ хийгээд шахаад байсан ч та хүсэхгүй бол, өөрт чинь
ашигтай тал харагдахгүй бол бизнесээ эхлүүлэхгүй шүү дээ. Үүнтэй л
адил.
-Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нэлээдгүй олон хуулийн
төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн шинээр хуулийн төсөл санаачилсан.
Эдгээр хуулийн төсөл "Эзэн 100" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрхзүйн орчинг
хангалттай болгож чадаж байна уу?
-УИХ сүүлд хэдэн чухал
хуулийг баталсан. Үүнийг үндсэндээ бизнес эрхлэгчдээс ирж байсан ихэнх
саналд хариу өгсөн, шийдвэрлэсэн хууль болсон гэж харж байгаа. Ашигт
малмталын хууль, 106 лиценз, Газрын тос, төрийн байгууллагуудын Шилэн
дансны тухай гэх мэт хуулийг баталсан. Эдгээр нь ерөнхий объёомоороо
бизнесийн орчинд нөлөөлөх, Монголын хөрөнгө оруулалтын имижийг
сайжруулахад чухал нөлөө үзүүлэхүйц хууль болсон. Энэ хүрээнд
хэрэгжүүлэхээр зорьсон байсан гол хуулиудын концевцийг Засгийн газар
дээр боловсруулчихсан байгаа. Засгийн газрын хэмжээнд шийдвэрлээд өргөн
барьсан нь хэдийгээр цөөхөн харагдаад байгаа ч гол концевцуудаа
хариуцаад хоёроос гурван ч удаа буцааж, сайжруулаад байна. Хууль эрх
зүйн орчинтой холбоотой асуудлуудыг харин ч ихээхэн анхаарсан. Тэгэхээр
"Эзэн 100" хөтөлбөрийг дуусахад Ерөнхий сайд, Засгийн газраас тодорхой
мэдээлэл хийх байх. Ер нь бол "Эзэн 100" дууссан ч хийх ажлууд цаашаа
үргэлжлээд явах юм. "Эзэн 100" -гийн бас нэг ач холбогдол нь намрын
чуулганаар болон ирэх онд эдийн засгийн салбарт гарч байгаа хүндрэл нь
юу вэ гэдгийг оношилсноос гадна цаашид хийх ажлаа тодорхой болгочихож
байгаа юм. Гэхдээ яг хувь тооцоод 10 ажлын наймыг хийчихлээ 80 хувьтай"
гэх нь нэг асуудал. Харин хэрэгжчихсэн асуудлууд маань эдийн засагт хэр
нөлөө үзүүлж байна гэдгийг л ярих хэрэгтэй. Түүнээс "100 хоног дууслаа,
үр дүн тэд" гэх нь өрөөсгөл. 100 хоног гэдэг нь Засгийн газар өөр
дээрээ хариуцлага хүлээж байгаагийн л илрэл. Ямар ч байсан идэвхтай
шуурхай ажиллая ч гэсэн хугацаа.
-Эдийн засгийг эрчимжүүлэх "Эзэн 100" хөтөлбөрөөс үр дүн хүлээх хэрэггүй гэсэн үг үү?
-Олон
нийт валютын ханшийн өсөлтийг бидний ажилтай багагүй холбож яриад
байна л даа. Амьдралд бууж байгаа агуулга нь энэ байж болох ч "Эзэн
100" хөтөлбөрийн зорилго, зорилтыг сайн эргэж харах ёстой байгаа юм.
"100 хоногт ам.долларын ханшийг тэд хүргэнэ" гэсэн амлалт байгаа
эсэхийг эргэж харах хэрэгтэй. Мэдээж ам.долларын ханшийн өсөлт өөрөө
том сэдэв. Үйлдвэрлэл, мөнгөний боддогтой холбоо асуудал. Зүгээр
хөрөнгө оруулалт багасч байгаа нь валютын нөөцийг үүсгэх нэг шалтгаан
болж байгаа. Үүний цаана хууль эрх зүйтэй холбоотой шалтгаан байсан.
Ерөөсөө 2011-2012 онд манайд орж ирсэн, валютын нөөц бий болгосон гол
шалтгаан нь том төслүүд, уул уурхайн бүтээгдэхүүнүүд, дэлхийн зах
зээлийн өсөлт байсан юм. Үүнийг дамжаад Монголын компаниуд мөнгө босгож
оруулж ирээд валютын нөөцийг нэмэгдүүлсзн. Одоо бол буцаад хумигдах
нөхцөл рүү яалт ч үгүй орж байна. Тухайн үед байсан дэлхий нийтийн эдийн
засгийг өсөлт байхгүй болсон учраас тэр. Нэг ёсондоо, валютын ханшийн
өсөлт зэрэг бол уг нь болох ёстой л зүйл. Харин эргүүлээд хөрөнгө
оруулалт руу чиглэсэн мөнгө импорт руу шингээд экспорт руу гарч байвал
энэ зөв бодлого гэж үздэг. Цаашлаад гадаад худалдааны алдагдал багасч
байгаа нь нэг эерэг үзүүлэлт. Хөрөнгө оруулалтын бодлогын эцсийн цэг нь
тийм л байдаг. Хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл явуулаад энэ нь
Монголын экспортыг нэмэгдүүлж байвал зөв урсгал явагдаж байна гэсэн үг.
Харин хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэлийн явцад шууд алга болбол
савалгаа бий болгоно. "Эзэн 100" хөтөлбөрийн хүрээнд олон арга хэмжээ
авч хэрэгжүүлж байгаа. Гэхдээ тэр болгоныг нэг бүрчлэн дурдвал их цаг
орно л доо. Хөрөнгө оруулалтын тухай хуультай хамт Хөрөнгө оруулалтын
сангийн тухай хууль батлагдсан. "Манай улсад хөрөнгө оруулалтын сан
бодит утгаараа байгаа" гэж хэлэхэд хэцүү. Арилжааны банкууд тодорхой
хэлбэрээр зээлийн хязгаарын хүрээнд төсөл санхүүжүүлдэг. Мэргэжлийн
хөрөнгө оруулалтын сан арай өөр хэлбэрээр ажилладаг. Том төслүүдийг явуулахад хөрөнгийн эх үүсвэр гаргаж байгаа санхүүгийн зах зээл дээр
шугам болдог. Энэ шугамыг зөв голдиролд оруулахаар Засгийн газраас
шийдвэр гаргаад судалгаа хийж байгаа. Хугацааны хувьд ирэх сарын 19
гэхэд бидэнд ажлаа нэгтгэх чиглэл өгсөн, тэгэхээр хугацаа нь ирэх сарын
сүүлчээр дуусч таарах байх.
-Хөрөнгө оруулалтын тухай
хуулийг өнгөрсөн намар шинэчлэн баталсан. Энэхүү хуулийг төслийг хөрөнгө
оруулагчид хэрхэн дүгнэж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын
хууль батлагдсанаас хойш энэ агентлаг байгуулагдаад нэлээн олон ажил
хийсэн. Бидний хувьд гол төлөв бизнесийнхэнд хүрч, Монголыг сонирхож
байгаа хөрөнгө оруулагчдад анхаарахаас гадна гадны хөрөнгө оруулалт зах
зээл рүү илүү чиглэсэн ажлыг хийж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад
Монголыг сонирхох хөрөнгө оруулагч, бизнесийнхний хандлага ихээхэн
нэмэгдсэн байна. Энэ бол хууль өөрийнхөө үр нөлөөг өгч байгаагийн илрэл.
Дээрээс нь дэлхийн санхүүгийн зах зээлийн гол тоглогчид хөрөнгө
оруулалтын хуульд тодорхой үнэлгээгээ өгчихсөн. Гэхдээ мэдээж тан ганц
хөрөнгө оруулалтын хууль өөрөө бизнесийн орчинд тоглогч болж чадахгүй.
Ерөнхийдөө бол манай хөрөнгө оруулалтын хуулийг дэлхий нийт эерэгээр
хүлээж авсан нь нэг давуу тал юм. Гэхдээ цаашлаад нийгэм дэх авлига,
хүнд суртал гэх мэт өргөн хүрээний асуудал байна. Товчхондоо, хөрөнгө
оруулалтын асуудлыг хэт ерөнхийлөөд нэг дүгнэлт өгөх боломжгүй. Хийх
юмаа хийгээд явж байна, гэхдээ мэдээж хурд шаардлагатай. Ямарч байсан
гадныхан хууль эрх зүйн хувьд эерэг мессэж авлаа. Гэхдээ тодорхой тоон
утгаараа нэмэгдэх асуудал нь олон улсын зах зээл болон манай гол
экспортын бүтээгдэхүүний үнэ ханш зэргээс шалтгаалаад хүлээлцэх. Дээр нь
мэдээж итгэлцлийн асуудал чухал.
-Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт Япон улсад айлчилсан. Айлчлалын багт
багтсан хүнээс энэ удаагийн айлчлал хэр үр дүнтэй болсныг асуумаар
байна. Японы бизнес эрхлэгчдэд манай улсад хөрөнгө оруулах сонирхол
байна уу?
-Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн
айлчлалын үеэр хоёр арга өөр арга хэмжээ болж, нийтдээ 500 орчим хөрөнгө
оруулагч оролцсон. Энэ бол том тоо. Өөр улсын бизнес форумд ингэж олноор оролцдоггүйг япончууд хэлсэн. Мөн эдийн засгийн түншлэлийн
гэрээнд тохиролцоонд хүрсэн. Үүнд маш олон бүлэг байгаа. Аль аль талдаа
хуулийн процетурын асуудал бий. Үүнийг шийдсэний дараа бизнес эрхлэгчдэд
ямар давуу тал бий болж байгаа вэ гэдэг нь тодорхой болно. Дэлхийн зах
зээлд кодлоод гаргадаг ,9000 гаруй. бараа бүтээгдэхүүн байгаа. Түүний
зармыг нь шууд тэглэж, тав юм уу 10 жилийн дараа тэглэнэ. Хоёр улсын
бизнес эрхлээд харьцангуй хямд үнээр бараа бүтээгдэхүүн солилцоно гэсэн
үг. Би хөрөнгө оруулалтын бүлгийг ахалж хийсэн. 2003 онд Япон улстай
хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих хэлэлцээрийг байгуулсан байдаг.
Хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь хөрөнгө оруулагчдын хөрөнгө болон өөрийн
эрхийг хамгаалах, зах зээлийг нээдэг. Мөн маргаан шийдвэрлэх гээд том
бүлэг байдаг. 2003 оны хэлэлцээрийн түвшинг хоёр тал илүү дээд хэмжээнд
хүргэхийг зорьсон. Түүндээ ч хүрсэн. Мөн салбарын хууль ямар үед үйлчлэх
үү, үйлчлэхгүй байх уу гэдгийг хавсралтаар тусгасан байгаа. Японы
хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулалт хийхэд дотоодын эрхзүйн
хамгаалалт, олон улсын байгууллагуудын эрхзүйн хамгаалалтаас гадна хоёр
орны чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд заасан найдвартай орчинтой
болж байна гэсэн үг.
Б.ДАВААТОГТОХ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих