Ховогсайрын торгуудуудын дунд Чингис хааныг магтсан дуу хэд хэд байдаг гэнэ. Монголчуудын дунд Богд эзний тухай үлгэр домог өдий төдий боловч дуу төдийлэн байдаггүй, харин эндэхийн торгуудууд хэд хэдэн дууг эртнээс дуулж ирсэн нь сонин юм. Тухайлбал "Монголын модон" гэдэг дуу Торгууд вангийн ордонд дуулагддаг байсан байна.
"Монголын модон Могойн сүүлэн шивхэрэгтэй
Монгол хүний зориг Морин туурайн цохилготой" гээд цаашлан
"Долоон начин шонхортой Далан хошууч бүргэдтэй
Даяар олныг дагуулсаар Даян дэлхийг донсолгосон" гэх мэтээр Чингис хааны хүч чадлыг магтсан энэ дууг Ховогсайрын удам дамжсан жангарч Зуунай гэдэг хүний дуртгаснаар Хятадад монгол бичгээр гарч байсан "Оюун түлхүүр" сэтгүүлд 1980-аад онд анх удаа нийтлэн олны хүртээл болгож байжээ. Нутгийнхны хэлэхээр "Өгэдэй хааны онгон эндэхийн дагшин хайрхан Сайр ууланд буй" гэх бөгөөд энэ уулыг бас "Хаан уул" гэдэг. Мөн Гүюг хаан энд төрсөн, таалал барихад нь энд нь онголсон хэмээн нутгиинхан хэлэлцдэг байна.
Ховдын Манхан суманд лав нэг буйтай туйлын адил хийц, хэмжээ, байгуулалт бүхий асар том чулуун овоо энд байх нь ямархан нэг гайхам нууцыг хадгалан буй нь лав. Ховогсайр гэдэг нь Ховог гол, Сайр уулын нэрсийг нийлүүлсэн мөн. Шинжаан-Уйгарын ӨМӨЗО-ы Ховогсайрын Монгол өөртөө засах хошуу нь манай Ховд аймгийн Булган сумаас баруун урагш 600 гаруй километрт буй. Уг хошуу харьяалагддаг тойргийн нэр уул нь Тарвагатай боловч гадаадын олонх хэлэнд албан ёсны Тачэн гэдэг хятад нэрээрээ бичигдэж хэвшин буй, харин оросууд Чугучак хэмээх уйгар нэрээр нь хэлж бичдэг. Ховогсайртай зүүн хойгуураа хил залгадаг, тойргийн зэрэгтэй хот Хармайг хойгуур нь эмжсэн уулыг "Тосон уул" гэх бөгөөд Чингис хааны цэрэг аян дайнд явахдаа энд буудаллах үед Богд эзэн тэрэгний булаа тосолсон гэдэг домогтой аж. Хармай нь Хятадад олдсон хамгийн анхны аварга нөөцтэй газрын тосны орд бөгөөд хагас тэрбум тоннын нөөцтэй энэ ордоос одоо жилдээ 10 сая тонн нефть олборлож байгаа юм. Ховогсайр гэснээс бас нэг баримтыг энд өгүүлэхэд, монголчуудын уугуул нутгийн одоо ч монголоороо буй нэгэн нэрийг зүүсэн газар орон Гиннесийн номд орсон нь уг хошууных.
Юу гэвэл хошууны нутгийн зүүн өмнөдөөс. зэргэлдээх Алтай аймгийн нутаг руу цүлхийн үргэлжлэх нэгэн их элс бол Гурван тангадын говь. АНУ-ын Конгрессын номын сангийн газар усны нэрийн товчоо зэрэг зарим эх сурвалжид "Зостын элс" хэмээх бас нэг нэрээрээ тэмдэглэгдсэн энэ говьд, дэлхийн их далайнуудаас хамгийн алслагдсан цэг буйг энд 1986 онд хөл тавьсан, Их Британийн газарзүйн хайгуулчин ах, дүү хоёр Крэйн шинжлэх ухаанд хулээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хэмжин тогтоосон нь Гиннесийн номд оржээ. Энэ нь Хойд мөсөн далай, Бенгалийн булан. Арабын тэнгисийн эргээс бараг ижил 2640 км хол гэсэн үг юм. Мөн яг энэ цэгээс баруун хойш 48 километрт буй баянбүрдийн бяцхан хотыг аанай л их далайдаас хамгийн ихээр алслагдсан суурин газар гэх бөгөөд Хятадын цэргийнхэн олноор суудаг 20 гаруй мянган хүнтэй энэ хотыг Хоштолгой гэдэг. Торгууд түмэн хэзээнээс дөрвөн цагийн эргэлтэд нүүдэллэн нутагласан уугуул газар усны нэг болох энэ нутгийн хятад нэр нь одоо Хэшитуолуогай юм.
Б.БАТ-АМГАЛАН /ӨДРИЙН ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4397
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих