Урчуудын эвлэлийн "Арт" галерейд барималч Б.Ариунболорын найзтайгаа
хамтран гаргасан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтэй хийгээд буй юм. Уран
зураг, хүрэл болон бусад материалаар урласан баримлууд, мөн гэрэл
зургийн бутээл ч байна.
Эдгээрийн дундаас монголжуу төрх, сүрлэг
байдлаараа хараа булаах баатар эрийн хүрэл баримлын түүхийг сонирхмоор
санагдсан юм. Энэ нь уран барималч, интерьер дизайнерч Б.Ариунболорын
бүтээл юм байна. Сэтгэх, урлах, бүтээх, гүйцэтгэх ажлаар өнөө цагийн
хурдтай хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг, улмаар түрүүлж явдаг болов уу
гэхээр авхаалжтай энэ уран бүтээлч энэхүү бүтээлдээ "Бодончар" хэмээх
нэр хайрлажээ.
"Монголын нууц товчоо"-ноос сэдэвлэж бүтээсэн аж. Хүрэл биш, харин холимог материалаар хийсэн юм байна. "Нууц товчоо"-нд өгүүлснээр Бодончар ах нартаа гологдсон шоовдор нэгэн. Гэр бүлийнхэндээ гомдохдоо тэрээр "Үхвэл ч үхье, сэхвэл ч сэхье" гээд Онон мөрний шугуйг зорин одсон идэр залуу шонхор шувууг анд сургаж, ан ав хийж, амьдралаа тэтгэж эхэлжээ. Ах нар нь түүнийг хайж ирэхэд хаанахын хэнээс ч дутахгүй хөрөнгө зоорьтой болсон байдаг. Эрийн хийморь, овсгоо самбаагаар уулыг нурааж, усыг эргүүлэх хүч чадал, өөртөө итгэх итгэлтэй болсон Боданчарыг ийнхүү хүч чадал, оюун ухааны бэлгэдэл болгон урласан байх нь сонирхолтой санагдлаа.
Баримал, тэр дундаа хүрэл баримал хийх хэцүү гэнэ. Хүрэл цутгах цех манай улсад төдийлөн байдаггүй болохоор уран барималчид санаж сэдсэнээ биет, бодит урлал болгох гэж өмнөд хөршийг зорьдог ажээ. Бүр Бээжингээс урагш Хэбэй мужид очиж цутгуулдаг болохоор зардал хөрөнгө, хоног хугацаа их орно. Б.Ариунболор уран баримал хийдэг ч одоогийн голлон эрхэлж буй ажил нь интерьер дизайн.
Үүнийгээ улам чанаржуулах, дизайны өгүүлэмж, хэллэгийг илүү болгох үүднээс баримал урлаж дотоод засалтай хослуулах, зохицуулах санаа төрснөөс ийнхүү ямар сэдвээр юу юу хийж болох тухайд өөрийгөө сорих болон бусадтай санаа бодлоо хуваалцах зорилгоор ийнхүү үзэсгэлэн гаргаж буй ажээ.
Р.ОЮУНАА /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих