24 жилийн өмнө манай улсад өндөр дээд угсаа гаралтай хүн огт байгаагүйг одоогийн баячууд сайн мэднэ. Гурван үеийн түүх намтар дээрээ өвөг дээдсээ тайж ч юм уу эсвэл хан ван гээд биччихсэн хүн бол бүхий л зүйлээс хасагдаж, хоцорч хохирдог хатуу дэгтэй цаг үе байлаа. Тайж угсаатай хүүхдийг адаглаад л дээд сургуульд явуулахгүй, харц ядуу бүр хов хоосон гуйлгачин байх тусам л нам засаг хайрлаж хүндлэн өөд нь татдаг байлаа. Тиймээс өвөг дээдсээ хэдэн үеэрээ зарц гуйлгачин явсан гэж товойлгон бичсэн хүмүүс ч олон бий. Гэвч цаг үе өөр болжээ. "Өвөг эцэг маань мээрэн Дугардоржийн хошуунд олон нялх нойтон хүүхдээ дагуулан олныг хэлч гуйлга гуйн амьдардаг үгээгүй ядуу нэгэн байв” гэж хорь гаруй жилийн өмнө гурван үеийн намтар дээрээ бичиж байсан хүн өнөөдөр сурвалжит ноёдын нэг болчихсон "Миний өвөг дээдэс Сайн ноён ханы баруун бэйс гээд алдар цуутай баян хүн байлаа” хэмээн донгосч, төрийн мөнгөөр төсвийн аль цоорхойгоор гулсуулан олж авсан хуучны хаш чулуун хөөргөө баруун гарынхаа алган дэээр дэнсэлсэн шигээ "Буурлын буян өвөг дээдсээс маань үлдсэн өв нандин эд дээ” хэмээн цээжээ хөдөлгөж суугаа билээ.
Бас болоогүй "Гуйлгачин гутал өмсөнгүүтээ гайхуулдаг” гэсэн эртний үгийг амьдрал дээр амьлуулж тав гурван зоосоо үрж ядан Азийн хур баячуултай зиндаархаж, Сингапур, Макао зэрэг оронд казино тоглох юм уу хэдэн зуун сая төгрөгөөр морь худалдаж аваад нэр дээрээ уралдуулж мөнгөө үрэх, эмс охидын гутал хувцсанд хэдэн арван сая төгрөг шал дэмий цацах гээд цамаархаж баярхаж байгааг тоочиж барахгүй. Ийм цээж баячуудын зарим нь үнэхээр халуунд халж хүйтэнд хөрч арилжаа наймаа эрхэлж, амьтны суган доогуур шургаж, атгасан шороогоо зарж байж хөлжсөн нь үнэн л дээ. Өөрийн хүчээр хөлжсөн хүмүүс ёстой лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байх вэ. Харин төрийн дээд эрх мэдэлд удсан өөрийгөө ноёд түшмэд, ихэс дээдэс хэмээн ард олонд хүчээр итгүүлэх гэж ядаад байгаа дарга, сайд хурган түшмэдүүдийн далчиганаж байгааг харахад өөрийн эрхгүй өмнөөс нь ичнэ. Жишээ нь сайд дарга УИХ-ын эрхэм түшээдийн өвөл зуны гангараа болсон хувцаснуудын өнгө, хэлбэр, үнэ ханш дийлдэхээ болиод байна. Яг л манжийн хааны ордонд отго жинс горьдож очсон өчүүхэн долдой түшмэд шиг хамгийн үнэтэй торго, нэхийгээр гангарцгаадаг болсон. тэднийг харахаар 25-хан жилийн өмнө ядуу ардын хүүхэд байсан хүмүүс ийм амархан өөрчлөгдөж, угаасаа л дээд тэнгэрээс заяат төрсөн ихэс дээдсийн үр удам, алтан ургийн цусан төрлийн тайж ноёд гээд итгэчихсэн яваа нь сонирхолтой санагдаад байгаа юм. Халуун зунаар хүртэл үнэтэй торгон дээл булга минжин малгай өмсчихсөн гангараад явж байна гэхээр ядуу тарчиг зон олондоо улам сүрлэг ихэмсэг харагдах гэж боддог юм байх даа зайлуул гэх бодол төрж байгаа юм.
Дарга, сайд нарын өмсч зүүж, ууж идэж, эдэлж хэрэглэж байгаа нь өдөр ирэх тусам хаад ноёд ван гүнгүүдийн шинжийг олж мөн ядуу тарчиг монголчуудын амьдрал өдөр ирэх тусам улам бүр доройтон ядуурч соц нийгмийн үед нохойн хоолонд нэмэрлэдэг байсан цувдайны жижиглэн хэмээх зүйлээр хоногийн хоолоо болгож суугаа учир үнэхээр дээдэс боолын ялгаа энэ нийгэмд бий болжээ гэхээс өөр яахав. Гэхдээ хуучин цагийн хаад ноёд, язгууртнууд бол хэдэн үе удмаараа Монгол Улсын төлөө амь бие хайргүй тэмцэж улаан цусаа урсгаж, ураг төрлөө хядуулж явсныг мартаж болохгүй. Эрт дээр үеийн ихэс дээдэс зуд боллоо гэхэд нутаг усныхаа малгүй болсон иргэдийн бүтэн жилийн хоол хүнсийг дааж, Хятадын пүүсэнд өр тавиад ч болтугай амьдралыг нь залгуулдаг байсан байгаа юм. Тэгээд ч түүхийн нугачаанд түмэн янзын зовлон жаргал үзсэн хүмүүсийн үр сад учраас тэд өвлөж авсан хөрөнгөтэй, өрөөл бусдад гайхуулах бэлтэй байсан буй за. Харин өнгөрсөн 25-хан жилийн хугацаанд төрөөс төрөн мэндэлсэн болоод олны буян хишгээр гараа угаан гарч ирсэн баячууд ихэрхэн гайхуулж, ичихгүй удам судар уг гарвалаа гайхуулж яваа нь эрхгүй бухимдал төрүүлнэ. Учир нь харц ядуус гэгдэж байгаа Монголчууд хүн амын 70% нь тэднийг ийм зиндаанд хүргэхийн тулд өөрсдөө хамгийн бага цалин хүртэж, хамгийн хямд хоол зооглож, үр хүүхдээ ч олигтой сургаж чадахгүй, өлөн зэлмүүн амьдралд зутарч яваа юм шүү дээ.
Б.Мөсөн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих