"Эзэнтэй дуу” булангийн энэ удаагийн зочноор Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровыг урилаа. Түүнтэй "Хайрлан дуулмаар байна” дууных нь тухай ярилцсан юм.
-Сайн байна уу. Та манай уншигчдад "Хайрлан дуулмаар байна” дуу бүтсэн түүхээс сонирхуулаач?
-Өвөрмонголд бүжгэн жүжгийн хөгжим бичиж байхдаа зохиосон дуу. Хүмүүс хайрлан дуулмаар байна гэхээр дурлалын дуу юм шиг санадаг. Гэвч үгүй юм шүү.
-Таныг өвөрмонгол бүсгүйд зориулж бичсэн гэдэг юм билээ. Үнэн юм уу?
-Зарим хүмүүс өвөрмонгол сувилагчид дурлаад бичсэн, гэргийгээ санаад бичсэн гээд олон зүйл ярьдаг гэсэн. Гэхдээ энэ бүгд зүгээр л таамаглал. Тэр бүсгүйн хүнлэг, тусч занд нь талархсанаас өөр зүйлгүй. Тэр сэтгэлээс нь санаа, сэдэл авч бичсэн юм. Хүн хүндээ туслана гэдэг гайхамшиг шүү дээ. Надад буян болсонд нь баярлаж явдаг.
-Хэдий хугацаанд бүтсэн дуу вэ?
-Удаан шаналж, зовж бичээгүй ээ. Энэ дуу хэрвээ "Намайг дурсаад дуулдаг бол чамайг би хайрлан дуулмаар байна” гэсэн утгатай. Хүн хүний тусыг мартаж болохгүй. Хүмүүс чамайг хайрлаж байвал чи ч ялгаагүй хариуд нь хайрлах ёстой юм.
ХАЙРЛАН ДУУЛМААР БАЙНА
Өндөр тэнгэрт заяасан болохоор чинь
Өглөө нарыг тосон хүлээх юм
Өглөө наран гэрлээр тэтгээд
Өнө холын чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Хөрст орчлонд унасан болохоор чинь
Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм
Хөглөгөр уулсын нөмөрт хургасан
Хөдөөх салхиар чамайг илгээх юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Амраг сэтгэлд ургасан болохоор чинь
Амин голоос хайрлан хайлах юм
Амин голын амьсгал алдран
Аньсаган зүүдэндээ чамтай учрах юм
Намайг дурсаад дуулдаг болохоор чинь
Чамайг би хайрлан дуулмаар байна
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих