Гавьяат жүжигчин Ч.АЛТАН-ӨЛЗИЙ. Түүнд "Өнөр бүл" киноны "гажиг"
Гармаагаас өөр тодотгол огт хэрэггүй мэт. Бүтээсэн дүрээрээ ард түмний
дунд алдаршсан түүнд гавьяат цол мөн ч их дуншиж байж ирсэн.
Урлагийн
тайзаа бурхан мэт шүтэж, урдуур нь гарахдаа ч малгайгаа авч өнгөрдөг
энэ эрхэм "Би 1947 оны тавдугаар сарын 28-нд Их буучдын баярын өдөр
төрсөн юм гэнэ лээ. Завханы Сантмаргац суманд. Уг нь манай аав Түдэвтэй,
ээж Сонгиных" хэмээн яриагаа эхлэв. Тэрбээр бага насаа ийн дурсах.
ЗАСГИЙН ОРДНЫГ БАРИЛЦАЖ, 100 ГР ТАТААД Л..
-Манайх
хотод нүүгээд ирчихсэн, аав, ээжийг амралтаараа хөдөө очоод байхад нь
би төрсөн юм билээ. Гурван эгчтэй, айлын том хүү болохоор гэртээ ёстой л
"баастай бурхан" нь. Сахилгагүй, их нээлттэй, задгай хүүхэд байсан
гэдэг.
Би дөрвөн дүүтэй л дээ. Манайх одоогийн Зуун айлын Рашаантын 7-д байлаа. Тэр хавьд л бужигнуулж өссөн. Зохиолч Л.Ванган ах бид хоёр ах дүүгийн хүүхэд. Тийм болохоор Ванган ах, ардын жүжигчин Гэндэн гуай, Зундуй ах, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, зохиолч Ч.Чимид гээд томчууд манайхаар үргэлж ирнэ. Би гурван настай байж. Нэг өдөр тэд намайг өхөөрдөөд жаахан шампанск өгчихөж л дээ. Нөгөөдөхөд нь би согтчихгүй хаачихав. Тэгс-нээ Гэндэн гуайтай ярьж байна гэнэ. 'Та ч уудаг, би ч уудаг, манай бүдүүн аав ч уудаг. Сайхан ууна аа, ууна" гэж. Бөөн хөхрөлдөөн болсон юм байх.
Хамаатныхаа нэг ахыг би бүдүүн аав гэдэг байсан юм. Тэр мөрөн дээрээ мэнгэтэй. Түүнийг нь бид ээлжилж хөхсөөр байгаад эрхийн хуруун чинээ болчихсон байсансан. Багадаа юмыг зохиож худлаа ярихдаа гаргууд байсан гэдэг. "Би Засгийн газрын ордныг оросуудтай хамт барилцаж, 100 гр татаад л" гэж ирээд залдаг байсан гэж байгаа. Гэрийн ажилд тааруу, тааруу. Аав, ээж хоёр надаар ажил хийлгэх тун дургүй. Эгч нар мод хагалуулах гэхээр "Хүүхдийн нүд тэс цохичихно. Та нар өөрсдөө хий" гэж загнана.
ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГУДАМЖААР ЭНГЭР ЗАДГАЙ...
-Сургуульд
орлоо. Онц сурдаг байсан учир хоёрдугаар ангидаа пионерт элсдэг юм. 12
дугаар сар чйнь хүйтэн шүү дээ. Түүнийг ч анзааралгүй улаан бүчээ хүнд
үзүүлмээр санагдаад гудамжаар энгэр задгай алхаад гэртээ ирж байлаа.
Өөдөөс ээж загнаад. "Ханиад томуу тусчихна, яаж байгаа чинь энэ вэ" гээд
л.
Би ер нь нэг газар удаан сууж чаддаггүй зантай. Хичээлийн цагаар "Багш аа, бие засъя" гэх. Манай ангийн багш Долгоржав ямар сайндаа "За Алтан-Өлзий гурван минутын чөлөө өгье" гэнэ. Гол нь гараад гүйх гэж тэр. 45 минут сууна гэдэг дэндүү уйтгартай.
Бас сууж хоол идэх үнэхээр дургүй. Энд тэнд явж байгаад идвэл амттай. Ээж загнана. "Суугаад ид" гээд сүүлдээ тэвчээр нь алдарч түлээ аваад шиднэ. Тэгэнгүүт нь би хоолоо идэхээ больчихно. Ид гэхээр нь цадчихсан гээд гараад явчихна. Бид олуулаа болохоор аав, ээжийгээ багагүй зовоож байсан шиг байгаа юм. Дөрөв, тавдугаар ангид л байсан байх. Нэг шөнө сэрээд хартал аав, ээж хоёр зайлуул зуухны дэргэд дээлээ нөмөрчихсөн цайгаа уугаад сууж байна. Чимээгүйд цайгаа ууж байгаа нь тэр. Биднийг бужигнаад байхаар цайгаа ч тавтай ууж чаддаггүй байсан хэрэг. Үнэндээ тэр хоёр маань халуун цөмийн дайны дотор л амьдарч байж дээ гэж одоо бодогддог юм.
АНГИЙНХАА ОХИНЫ ҮСИЙГ ХЯРГААД БӨӨН ХЭРЭГ МАНДААСАН
-Манай
ангид Валя гэж орос нэртэй охин байх. Тэр миний урд ширээнд сууна. Их
урт гэзэгтэй. Би араас нь "Орос Валя, орос Валя" гэж шоолохоор нөгөөх
чинь эргэж харахдаа намайг гэзгээрээ ороолгоно. Би цохих гэхээр багш
өөдөөс харж байгаа болохоор яаж ч чадахгүй. Дотроо л дэмий бухимдана.
Тэгтэл нэг удаа хөдөлмөрийн хичээл дээр багш "Нэхий бээлий эсгэж оёно, бүгдээрээ дараачийн хичээл дээр хайч авчраарай" гэдэг юм. Ээж надад үйлнийхээ хурц хайчийг өглөө. Тэгтэл сурсан зангаараа Валя гэзгээрээ ороолголоо шүү. Тэгэнгүүт нь би хоёр салаа гэзэгнийх нь нэгнээс шүүрч аваад угаар нь хайчилчихсан. Нөгөөх чинь чарлаад л босоод ирсэн. Ёстой бөөн хэрэг мандаж, сургуульд байх байхгүйдээ хүрсэн дээ. Миний амьдралдаа хийсэн хамгийн том нүгэл тэр.
"МИНИЙ ХҮҮ РАДИОГООР ДУУЛСАН" ГЭЖ ААВ МАГТААД...
-Намайг
тавдугаар ангид ороход манайх Рашаантын 36-д очсон доо. Бид 17 дугаар
сургуулийг шинээр байгуулахад орсон юм. Би чинь ангийн дарга. Ангийнхаа
концертыг бэлтгэж тоглуулна. Надад хийхгүй юм үгүй. Бүжиглэнэ, дуулна,
хөгжимдөнө.
.. Цоохор даага жирийхээрээ жирийнэ
Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ... гээд л их уншина.
Бас
"Өргөн Сэлэнгэ"-ийг дуулна. Гэхдээ жүжигчин болно гэж хэзээ ч бодож
байгаагүй. Тэр үед Монголын радио байгуулагдаад удаагүй байв.
Нэг
өдөр одоогийн МОНЦАМЭ агентлагийн байранд ирж, радиод шүлгээ уншиж,
дуугаа бичүүлсэн. Аав минь ажлаа тараад дугуйгаар харих замдаа хүүгээ
шүлэг уншиж, дуулахыг талбайн радиогоор сонсоод жигтэйхэн баярлачихсан
ирж байсансан. Ванган ах, Нацаг ах хоёрыг ирэхэд "Миний хүү радиогоор
дуулж, шүлэг уншсан" гэж сайрхан яриад л.
МАТЕМАТИКТАА УНААД УУРАНДАА БАС...
-Спортод
муугүй байсан шүү. Хөлбөмбөг тоглоно. Намхан хэрнээ сагс, гар бөмбөгт
сайн. Хөнгөнд бол бүр ч ярилтгүй. Хурд сайтай. Дараа нь чөлөөт бөхөөр ч
хичээллэж үзсэн. Ямар сайндаа л "спортын банзал" нэр авч байхав. Түүх,
орос хэл, геометрт сайн. Харин математикт ёстой шонгүй.
Аравдугаар ангиа төгсөөд Их сургуулийн түүхийн ангид шалгалт өглөө. Тэр үед түүх, математик, орос хэлээр шалгалт авдаг байсан шүү дээ. Математикт муу хүн чинь үсрээд өгөлгүй яахав. Уурандаа дараа нь орос хэл дээр бүдрээд тэнцээгүй хоцорсон доо. Тэгээд яахав, гэртээ хэвтэж байтал Ванган ах театрт дагуулж очоод тайз засалчийн ажилд оруулснаар миний урлагийн зам эхэлсэн юм даа.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих