
Доржхүү уг нь сумын төвийн хүүхэд аав ээж захиргаанд багахан албан тушаал хашдаг байв, Сумын төвийн хүүхдүүдийн л адил шороо тоостой гудамжинд бөмбөг өшиглөж өссөн билээ.Сургуулиа төгсөөд л хэрэг төвөгт орооцолдож ээж аавын чихийг халууцуулах болсон тул шалавхан цэрэгт явуулсан ч.цэрэгт ирээд мөн л зүгээр байсангүй хэрэгт холбогдож арай л дээлээ нөмөрчихсөнгүй нэг юм халагдаж ирэв.Жил тойрон хийх юмгүй аав ээжийнхээ үйлийг барж байж нэг гэгээтэй мэдээ дуулгасан нь эхнэр авна гэж дуулгасан хэрэг байв,Цаад айл нь мал хуй сайтай хөрөнгө чинээтэй нутгийн нэр хүндтэй айл байсанд аав ээж нь ихэд олзуурхаж байв. Охины тал харин Доржхүүг мэдэх учир нэлээд олон удаа гуйлгаж байж охиноо өгөхөөр болов, Намар нь сүр дуулиантайхан найр хийж Доржхүүгийнх гэдэг айл гал голомтоо бадраав.Хадмын хаяа түшсэн Доржхүү удалгүй тараа таниулж ажилгүй залхуугаараа дуудуулж нэр хүндээ барж гүйцэв.Хадмууд нь охиноо бодоод л нэлээд хэдэн жил хаяандаа дагуулж явсан ч сүүлдээ бүр салахын түүс боллоо.
Хадам аав нь нэг өглөө Доржхүүг орноосоо босоогүй байхад нь орж ирээд галын захад хэсэг дуугүй сууснаа
-За та хоёр одоо алийн болгон айлын хаяа түшиж явах бэ .Хөгшин бид хоёр ч мал дагахад бие минь хүчрэхгүй боллоо.Та хоёр одоо толгой дааж амьдрах цаг болсон гээд малыг нь тасалж өгөөд тусад нь гаргав.
Доржхүүд нэг талаар аймаар ч юм шиг нөгөө талаар хажуу талаас хадмууд цагдахгүй эрх чөлөөтэй ч юм шиг санагджээ.
Анх удаа хадмынхаасаа тусдаа өвөлжихөөр нэгэн айлын хаяанд нүүж нүүж ирлээ. Тэр айл нь бүл муутай тул Доржхүүг хонь маланд ээлжтэй юм болов уу гэж бодсон ч харин эсрэгээрээ хонинд явлаа гээд явна .хонио эзгүй орхиод хонуут өнжүүдээр алга болчихно ,Нэг удаа хонио эзгүй орхисноос болж арваад хонь ямаа боохойд оруулж нөгөө айлтайгаа муудалцаж хөхөө өвлөөр нүүх суухдаа хүрч байж нэг юм тогтов.Ингээд хаширсангүй намайг хэн хорих бэ гэсэн шиг л өдөр шөнөгүй архидан мөрийтэй тоглож өнгөтэй зүстэй зүйлээ мөрийд алдаж дуусаад адуу малаа мөрийд тавьж архидсаар ганц халиун морьтой л үлдэв.Үйлийн үртэй хөөрхий халиун морь Доржхүүгийн хайр найргүй эдэлгээг арайхийн л дааж байв.Нэг удаа үлийд бүдрэхэд нь том ташуураар нүдрүү нь цохиж баруун нүдий нь сохолжээ, Хэдий ийм боловч эзнээ хэзээ ч хаяж байсангүй ,Архидаж яваад л шөнө ирэхдээ эмээл хазаары нь авна гэж байхгүй тэр чигт нь орхичхино. Эхнэр нь л эмээл хазаары нь авч чөдөрлөдөг байв,
Цагаан сарын дараахан мөн л айл хэсэн архидаж яваад цасан шуургатай шөнө төөрчихөв.Эхлээд тоохгүй байсан ч сүүлдээ сандарч архи нь айдсаар солигдож хоолойгоо сөөтөл хашхиран харсан зүгрүүгээ давхисан ч тусыг эс олов,Чаддагаар хээр мориндоо л эр чадлаа гаргаж тархи толгойгүй нүдээд нэмрийг олсонгүй сүүлдээ бээрээд хөдөлж чадахаа байж мориныхоо амыг аргагүйн эрхэнд зөнгөөр нь хаяв,
Халиун морь гэлдэрсээр байгаад гэрийнхээ гадаа ирж эзнийхээ амийг аварсан байна. Эзнээ аварсан явдал үүгээр дууссангүй бас нэгэн удаа сумын төвөө ороод буцаж явахдаа гүүрээр гарахаас залхуурч хаврын нимгэн цөрөмтэй хэсгээр гарч яваад мөс нь цөмөрч унахад Доржхүү мориноосоо салж нэг далд ороод самардан гарч ирвэл халиун морь хажууханд нь байсанд ухасхийн эмээлийн бүүрэгнээс нь зуурвал халиун морь эрэг өөд зүтгэн байж арайхийн гарч ирэв.
Гэсэн ч хүний юм илүү харагддаг хойно адуу оторлож явсан холын аймгийн нэг айлтай танил болж бууж морддог болсон бөгөөд тэдний адуунд байсан нэг алаг морь Доржхүүгийн сонирхолыг татаж шүлэнгэтэх болов.Эзнээс нь алаг морио зарчих гэж гуйвал
Морины эзэн
-Чи хангалттай үнэ өгч чадах юм уу гэж бассан өнгөтэй дуугарсанд
Доржхүү дотроо шаралхаж муу цагаач намайг юу ч үгүй гэж доромжилж байна гэж бодоод
-Буурлуудын буяныг барж дуусахгүй шүү гээд хэлсэн үний чинь өгье гэж хэлвэл
Морины эзэн
-Гурван толгой салгамаар байна гэв.
Доржхүү арай л дуу алдчихсангүй гэсэн ч наймаа тохирохыг бодож
Морины эзний арга эвий нь олохоор оролдов.
Наймаа ч тохирч халиун морин дээрээ арав гаран бог өгч байж алаг морь худалдаж авлаа ,Эхнэр хүүхэд нь халиун морио өгөхгүй гэсэнд Доржхүү зад загнаад
-Та нар энэ сохор .адуугаар яах гээд байгаа юм ,Эртхэн далд оруулж байвал болоо юм бишүү гэж даналзжээ .
Эхний хэдэн өдөр тарган сайхан морь унан архидаж давхиад л сайхан л байв.
Гэвч энэ нь удаан үргэлжилсэнгүй .Тэр нэгэн орой айл хэсэж явахдаа угийн тавьтаргүй агсам зан нь хөдөлж цуг явсан хүмүүстэйгээ муудалцаад л халамцуухан мориндоо мордоод л ухасхийхдээ халиун морь шигээ л санан гуйвахдаа далан дээр алгадтал алаг морь зог тусан булгихад толгой дээгүүр нь даван унахад баруун дөрөө нь мултралгүй чирэгдэн морин доогуураа орон нэлээд чирэгдэж арайхийж гутал нь сугарч байж нэг юм үлдлээ. Ухаан алдсан Доржхүүг сумын эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэд хэдэн хавирга хугарсан ба тархи нь хагарч дотуур цус алдсан байна гэв.
Хот хүрээгүй олон сар хоногоор эмчилгээнд явж байж бие нь арай дээрдэв .
Нутгийн олон нь Доржхүүг сайн муугаар хэлэх нь олон байсан ч нэг зүйл дээр бүгд л дуу нэгтэй байв.
Доржхүүгийн авгайн хамаатан Дамдин гэгч өвгөн
-Энэ хүн адууны заяа хийморийг дэндүү гомдоосон хүн манай ах Доржхүүд олон сайхан адуу өгсөн тэр адуунаас юу ч үлдсэнгүй .Хамгийн сүүлд халиун морио нүдий нь сохолж зовоож зовоочихоод холын хүнд зарж хүний нутагт хөөрхийг ясы нь тавиуллаа гэсэн байлаа.
Ганц ч адуугүй үлдсэн Доржхүү хэд хэд хүнээс морь худалдаж авахыг хүссэн боловч нутагт нь морь зарах хүн олдсонгүй харин ондоо газраас хэдэн морь авсан ч заримы нь нутаг гүйлгээд үлдсэний нь үхүүлээд дуусав .Хүүхдүүд нь том болж хүний хүүхдүүдийн адил тарган морь унан салхи татуулан давхихыг хүсэх болсон нь Доржхүүг энэ л амьдралдаа сэтгэл дундуур явахад хүргэсэн байна.
Нар уулын баруун уулын оройруу хэлбийж хонь гэрийн зүг хандлаа , Хажуугаар адуу туусан хүмүүс өнгөрөхөд хойноос нь харж битүүхэн санаа алдаж сууснаа босож хониныхоо араас нуруугаа үүрэн алхлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4670
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих