Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор оюутан залуус дотуур байрандаа хэрхэн бүртгүүлж орох, сарын төлбөр нь хэд байх талаар Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч Д.Батчулуунаас тодрууллаа.
-Хөдөөнөөс ирж суралцдаг нийт оюутны хэдэн хувь нь дотуур байраар хангагдаж байгаа вэ?
-Ер нь орон нутгаас нийтдээ 83 мянган оюутан залуус ирж суралцдаг.
Үүнээс 16 мянган оюутан буюу 20 гаруй хувь нь оюутны байранд амьдардаг.
Харин 43 орчим хувь нь нийтийн байр хөлсөлж сууж байгаа бол 40 гаруй
хувь нь хамаатан садныхаа айлд сууж байна гэсэн судалгаа гарсан.
-Мянган оюутны байранд орох хүсэлтэй оюутнууд хаана бүртгүүлэх вэ?
-Шинээр баригдсан мянган оюутны байранд сургууль тус бүрийнхээ квотын
дагуу оюутнууд орно. Тиймээс тухайн байранд орох бол Монголын оюутны
холбоо болон Мянган оюутны байран дээр ирж бүртгүүлэхгүй гэсэн үг. Харин
өөрийнхөө суралцаж байгаа сургуулийн захиргаанд хандах ёстой. Учир нь
тухайн сургууль сургуульдаа ногдсон квотдоо тааруулан оюутнуудаа бүртгэж
оруулах болно.
-Оюутны байрны төлбөрт өөрчлөлт орох болов уу?
-Энэ жил оюутны байрны төлбөр 450-900 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж
байна. Учир нь ихэнх дотуур байр 1957-1987 оны хооронд баригдсан
байрууд байгаа. Тиймээс тухайн байрны насжилт болон дотоод тохижилтоос
хамаараад үнийн хэлбэлзэлтэй байгаа юм. Харин шинээр баригдсан мянган
оюутны байрны төлбөрийн асуудал одоогийн байдлаар тодорхой болоогүй
байгаа.
-Мянган оюутны байрны төлбөрийн асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ?
-Энэхүү дотуур байрны менежментийг Монголын оюутны холбоо хийж байгаа
боловч төр захиргааны байгууллага учраас төлөөлөн удирдах зөвлөлтэй юм.
Энэхүү зөвлөлд нь БИС, ШУТИС, МОХ, БШУЯ-наас төлөөлөгчид багтдаг. Эдгээр
төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж чадаагүй байгаа учир байрны төлбөрийг
тогтоож чадаагүй байна. Хуучин мянган оюутны байрны төлбөр нэг сард 68
мянган төгрөг байсан. Энэ жилийн хувьд хэд болох нь энэ сарын 20 гэхэд
тодорхой болно.
-Оюутны дотуур байрны стандартын дагуу баригдаж байгаа "Оюутан өргөө” цогцолбор төсөл цаашид үргэлжлэх үү?
-Ирэх онд бид хэд хэдэн хуучирч муудсан оюутны байрыг шинэчлэх
төлөвлөгөөтэй байгаа. "Оюутны өргөө” төсөл цаашид үргэлжлэх бөгөөд өмнөх
төсөв, төсөл гээд бүх шаардлагатай зүйлс нь байгаа болохоор энэ удаа
илүү туршлагатай сайн ажиллана гэсэн итгэл найдвартай байгаа. Ер нь
цаашид МОХ-ны зүгээс оюутан залуусынхаа эрүүл мэнд аюулгүй байдал,
ажиллаж амьдарч сурч боловсроход анхаарна.
Ж.Отгонмягмар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих