Уг
нь үйлдвэржилтийг дэмжих бодлогын хүрээнд Чингис бондны санхүүжилтээр
ажлын байр бий болгосон, үндэсний хэдэн сайн төслүүд зээлийн эх үүсвэртэй болчихвол сайхан л байна. Таван жил буюу 60 сарын хугацаатай,
хүү 9 хувиас илүүгүй байх, зээл авсан эхний нэг жилийн хугацаанд үндсэн
төлбөрөөс чөлөөлөгдөх гээд л боломжийн нөхцөлтэйгээр шүү.
Шинэчлэлийн
Засгийн газраас энэ оныг Монголдоо бүтээх жил болгон дэвшүүлж,
экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслийн сонгон
шалгаруулалтыг нийтэд нээлттэйгээр зарласан. Өнгөрөгч нэгдүгээр сарын
17-нд хувийн хэвшлийнхнээс Засгийн газарт нийт 1151 төсөл ирүүлснээс нь
хасч шалгаруулснаар одоогийн байдлаар 888 төсөл Засгийн газарт тунаж
үлдээд байгаа. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайлН.Батбаяр мэдээлэл
өгсөн бөгөөд "Нийт 888 төслийн 131 нь экспортыг нэмэгдүүлэх зорилго
агуулсан бөгөөд долоон салбарт хэрэгжих дүр зураг харагдаж байгаа юм.
Харин 757 нь импортыг орлох үйлдвэрлэл рүү чиглэсэн ба 8 салбарт
хэрэгжих төлөв гарчээ.
Экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн төслүүдийн
дийлэнх нь ашигт малтмал, уул уурхайн үйлдвэрлэлийг дагнасан. Харин
импортыг орлох бүтээгдэхүүний төсөл бичигсэд барилгын салбарыг онилсон
байсан” хэмээсэн. Дахин нэмж мэдээлэл өгөхөд "нийт төслүүдийн санхүүжилт
7.3 их наяд төгрөг, үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь
4.2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцжээ.
Хамгийн өндөр өртөгтэй төсөл 285 тэрбумын зээл хүссэн байхад хамгийн
бага зээл нь 5 сая төгрөг байна. Төслүүдийг хэрэгжих байршлаар нь авч
үзвэл, Улаанбаатарт хамгийн олон буюу 524 төсөл хэрэгжих нь. Үүний
дараагаар Дорноговь, Дархан-Уул, Орхон, Төв аймагт нэлээдгүй үйлдвэрлэл
эхлэх нь судалгаанаас харагджээ”.
Гол асуудал. Чингис бондноос
санхүүжүүлт нь орох эдгээр төслүүдийг шалгаруулахдаа тооны бэлгэдлийг
бодов уу, тооцоолол дүнд үндэслэв үү. Яагаад заавал 888 гэж. Салбарын
сайд нь тооны бэлгэдэлд дуртай байж болно, гэвч яам бол бодлого
тооцоололд л түшиглэж ажиллах ёстой баймаар. 887 төсөл шаардлага хангаад
бэлгэдлээ бодоод 1-ийг нэмсэн бол, 889 шалгараад мөн бэлгэдлээ бодож
1-ийг хасчихсан бол цаана нь хэн нэгний эрх ашиг, эсвэл шаардлага
хангаагүйг нь шалгаруулснаас үүдэлтэй үр дагавар хөндөгдөнө гэсэн үг.
Нөгөөтэйгүүр ирүүлсэн 1115-аас 888 нь тэнцсэн гэхэд яахын аргагүй өндөр
дүн. Өгөх мөнгө их байна гээд санал ирүүлсэн болгонд нь зөвшөөрөөд байна
гэвэл цаашид цөөнгүй хөтөлбөр төслүүд нь эрсдэх магадлал өсөх нь
ойлгомжтой.
Эрсдэх буюу дампуурлаа гэхэд төлөөсийг нь татвар
төлөгчид л үүрнэ. Иймдээ ч хүссэн болгонд нь шахуу мөнгөө гаргаж бариад
байх эрх засагт байхгүй. Сайн бодсон, тооцоолсон, шалгуур хангасанд нь
өгөхийг эсэргүүцэх хүн хэрхэвч гарахгүй. Харин салааныхаа завсар бүрээр
гоожуулсан, амаа ангайсан болгонд нь өгөхийг бол зөвшөөрч чадахгүй нь.
Б.МАНДАХ
Б.МАНДАХ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=473
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих