Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн даваа гаригаас фенобарбитал эмийг эргүүлэн татах тухай мэдэгдсэн бол Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх эмийг хэрэглэхийг хориглолоо. Монос групп бүртгэлгүй эм худалдаалж байсан, эм найруулагч нь хайхрамжгүй ажилласан зэргээр буруутгагдаж буй асуудал нь давхар хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл хэмээн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан үзжээ. Тиймээс ШӨХТГ-ын дарга О.Магнай нийслэл дэх "Монос”-ын салбар 18 эмийн сангийн үйл ажиллагааг шалгах удирдамжийг өчигдөр гаргажээ. Ноцтой зөрчил илэрвэл эмийн сангуудыг лацдаж хаах арга хэмжээ авахаар төлөвлөсөн байв. Удирдамжийн дагуу тус газрын улсын ахлах байцаагч Д.Бүрэнцогт, К.Жархынбек нараар ахлуулсан шалгалтын баг өчигдөр 13:00 цагийн үед Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах Баянцээл худалдааны төвийн "Монос” эмийн санд очсон юм.
"Монос”-ын Баянцээл дэх салбар нь хотын төвд байрладаг хэдий ч фенобарбитал эмийг 100 мг-ын тунгаар л худалдаалдаг бөгөөд эм найруулагчгүй юм байна. 5-6 тооны ажилтантай бөгөөд улсын байцаагчид тэдний ажиллах эрхийн зөвшөөрлийг нягтлан шалгасан юм. Эмийн сангийн эрхлэгч н.Саруулмаагийн хэлж буйгаар ажилтнууд нь бүгдээрээ лицензтэй бөгөөд зөрчилтэй хүн байхгүй гэв. Харин үйлчилгээний хувьд хэрэглэгчийн эрх зөрчигдсөн асуудал байсан нь эмийн үнийн мэдээлэл байв. Эмийн сан, супермаркет ч бай үйлчилгээний байгууллага. Тэд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, мэдээлэлгүй бүтээгдэхүүнээр үйлчлэх нь хуульд нийцэхгүй. Тэгвэл "Монос”-ын тус салбарт жоргүй эмийн үнийг тавьдаг, харин жороор олгодог эмийн үнийг касснаас мэдэх боломжтой гэнэ. Гэвч ийм байдал нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх, эргэлзэхэд хүргэдэг тухай улсын байцаагч онцлов. Мөн худалдаалагдаж буй эм, эмийн төрлийн бүтээгдэхүүний лангуун дээрх болон кассны үнэ зөрүүтэй байв. Түүнээс гадна эмийн сангийн зүгээс жороор эм олгохдоо холбогдох дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргадаг болох нь шалгалтын үеэр илэрсэн юм. Эм худалдан авах, худалдаалахын тулд заавал жор бичсэн байх ёстой гэсэн Эрүүл мэндийн сайдын тушаал байдаг. Гэвч энэхүү тушаал эмийн сангуудад хэрэгждэггүй аж. Улсын байцаагч жороор олгодог эмийн бүртгэлийг шалгах явцад жоруудад өвчтөний нэр, эмнэлэг, эмчийн нэр бичигдээгүй төдийгүй хугацаа нь тодорхойгүй байсан. Эрхлэгч бүсгүйн тайлбарласнаар энгийн жороор олгогддог эмүүдэд тэр бүр хяналт тавих шаардлагагүй. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон жороор олгодог эмийн жорыг нарийвчлан шалгадаг гэв. Улсын байцаагчид нэгдсэн шалгалт дууссаны дараа зөрчлүүдэд зохих хариуцлага ногдуулахыг мэдэгдлээ.
Зууны мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих