Эмийн бодлого алдагдаж эрүүл мэндийн салбарынхан дэндүү хэнэггүй
болсныг "Монос"-ын эмийн санчийн гаргасан алдаа харууллаа. Элгээрээ
хэвтчихээд байгаа эрүүл мэндийн салбарынхныг энэ мэтийн алдаа улам л
доройтуулж, эмийн зохистой хэрэглээ гэдгийг хэзээ ч мөрдөж ирээгүй
монголчуудын хувьд том цочрол авав. Бас энэхүү асуудлаас ганц "Монос"-ын
эмийн санд асуудал байгаа юм биш эрүүл мэндийн салбарын үнэн төрх
харагдлаа гэж ойлгож болохоор. Монгол Улсьга эрүүл мэндийн салбарын
бодлогыг зангидах үүрэг хүлээсэн хүмүүс алдаа дутагдлаа засч чадахгүй
байгаагийн илрэл өнөөдөр гарч байна. Уг нь энэ салбарыг хаа хамаагүй
хүмүүсээр удирдуулаагүй.
Н.Удвал, Ж.Амарсанаа гээд бүгд
мэргэжлийн эмч нар. Салбарын асуудал алдаа оноог хамгийн сайн мэдэх
хүмүүс. Гэвч дорвитой ажил хийхгүй байна. Эмийн талаар төрөөс баримтлах
бодлогыг шинэчилж байгаа хэмээн нэг хэсэг баахан ярьж байсан. Бодлого
хэрхэн шинэчлэгдэж буй нь олон нийтэд ойлгомжгүй хэвээрээ байгаа.
Хүмүүсийн
ярьдгаар бол эмийн сангийн зохион байгуулалт, эмчийн жор зэргээс эхлээд
л стандартад нийцэх нь ховор. Эмчийн бичиж өгсөн жорыг иргэд байтугай
эмийн санч нь ойлгодоггүй. Тэгээд ч үйлчлүүлэгчийг хүндэтгээд зөвлөгөө
өгдөг газар бараг байхгүй. Уг нь бол хоолны дараа эсвэл хоолны өмнө уух,
ингэхдээ хэчнээн грамм усаар даруулах, өдөрт хэдэн удаа уух зэрэг
нарийн зүйлийг эмийн санч тайлбарлаж өгөх ёстой. Харин манай улсад ингэж
зөвлөдөг мэргэжилтэн хуруу дарам цөөн. Эмчийн бичсэн жорыг арай гэж
гаргаж уншаад хэдэн эм гялгар уутанд хийгээд шидэх нь холгүй өгдөг.
Нүдний эмний оронд шүд зайлах бэлдмэл өгчихөөд настай хүнийг сайн харж
авахад яасан юм хэмээн загнаж байсан тухай ч сонсогдсон.
Энэ бол ердөө л захын үзэгдэл. Цаашлаад олон дутагдал энэ салбарт бий. Манайхан ханиад хүрэхээрээ халуун тариа буюу кальцихлоридийг дур мэдэн хэрэглэдэг. Тэр ч байтугай өрхийн сувилагч нь 'Та халуун тариа тариулчих тэгвэл ханиад хурдан эдгэрдэг юм" гэж зөвлөнө. Гэтэл анагаах ухаан сайн хөгжсөн өндөр хөгжилтэй орнуудад аль хэдийнэ хориглочихсон байдаг юм билээ. Ходоод, бүдүүн гэдэсний шархтай хүнд цус тогтоох зорилгоор эмчийн заавраар тарьдаг халуун тариа манайханд өргөн хэрэглээний бараа шиг болсон нь нууц биш. Халуун тариаг дур мэдэн хэрэглэвэл хожим гарах хор уршиг нь дэндүү их. Нас ахиж ясны сийрэгжилт эрчээ авч байгаа үед уг өвчний сэдрээгч нь халуун тариа аж. Гэвч манайхан гаж нөлөөг нь мэдэхгүй ханиад хүрэхээрээ аль ч эмийн сангаас хамаагүй аваад тариулчихдаг. Эмч, сувилагч нар ч хор нөлөөг нь хэлж өгдөггүй. Тухайн хүн хийлгэхийг хүссэн л бол түүний хүслээр болгоно. Энэ бол энгийн жишээ.
Бас нэг том алдаа бий. Энэ жирэмсэн эхчүүдийг цээжний рентген зураг заавал авахуулахыг шаарддаг. Энэ бол гадны оронд хамгийн хориотой зүйл. Харин манайхан эхний гурван сартайд нь бүх шинжилгээ өгөх үүрэгтэйгээр барахгүй үүнд цээжний зураг заавал авахуулна. Ганц удаа рентгенд харуулаад дуусахгүй. Төрөхөөс хэдэн сарын өмнө дахин цээжний зураг авахуулна. Ийм байдлаар цацраг туяагаар гэдсэн дэх ургийг хордуулж байгаа юм. Өмнөд Солонгос яваад ирсэн найз маань манай эмчилгээний аргыг тун их гайхаж байсныг энд дурдах нь зүйтэй байх. "Жирэмсэн эхийг рентгенд харуулахыг хатуу хориглодог юм байна.
Гэтэл манай улсад
яадаг билээ, хоёр удаа харуулж байж төрдөг биз дээ" хэмээн гайхан ярьж
байв. Гадны өндөр хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн салбарынхны мөрддөг
бүх зүйл манайд эсрэгээрээ хэрэгждэг. Эмийн талаар төрөөс барнмтлах
бодлого гэж том баримт бичиг байдаг ч цагаа тулахаар хэрэгждэггүй. Эрүүл
мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгодог эмийн талаар иргэд одооноос л
мэдэж эхэлж байгаа. Хүмүүс даатгалаар хөнгөлөлттэй эм олгодгийг мэдэхгүй
байсан болохоор хэтэвчээ хоослоод л эм авч уудаг байсан.
Ингэж
хэлэхийн учир нь сүүлийн жилүүдэд манай улсын өвчлөл хэрээс хэтэрсэн. Эм
уудаггүй, хэрэглэдэггүй айл өрх ховорхон. Нэг айлын гурван гишүүн
гурвуулаа хоёроос гурван төрлийн эм хэрэглэдэг байх жишээтэй. Эмийн
үйлдвэр, сангуудад бодлогоо атгуулж, замбараагүй эмийн хэрэглээг бий
болгосны горыг өнөөдөр амсч байгаа. Байшингийн булан бүрт эмийн сангийн
хаяг хадаатай байдаг. Өдөрт хэдэн саяар нь ашиг олдог байгууллага бол
эмийн сан. Олон хөлийн газар байрладаг нэг эмийн сан гурван цагийн дотор
500 мянган төгрөгийн гүйлгээ хийдэг юм билээ. Манай улсад хяналт
шалгалт сул болохоор олон улсаас импортолсон эмүүд бүртгэлгүй,
мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн бэлдмэлийн агуулах хувь нь өндөр
гээд гаж нөлөө ихтэй эмүүд хяналтгүй зарагддаг.
Гэвч энэ талаар дуугардаг байгууллага тун цөөн. Уг нь эрүүл мэндийн байгууллагынхны хариуцлага хамгийн өндөр байх ёстой. Эмийн үнийн талаар бүр ч ярилтгүй. Хүссэнээр үнээ нэмдэг. Хүнсний бүтээгдэхүүний үнэтэй зэрэгцээд эмийн үнэ тэнгэрт хөөрдөг. Хавар болохоор харшлын эм, тарианы үнэ нэмэгдчихнэ. Харин өвөл болохоор ханиадны эмний үнэ өсчихдөг. Ингэхдээ ганц хоёр зуун төгрөгөөр нэмэгдээд тогтохгүй. Дор хаяж хоёр гурван мянган төгрөгөөр нэмчихэж байгаа юм. Нэг ёсондоо бидний эрүүл мэнд эмийн бизнесээр хэмжигдчихээд байна. Салбарынхаа саарал төрхийг цэгцлэхгүй бол эрүүл мэндийн салбар өндийхөд хэцүүхэн байна шүү, Н.Удвал сайд аа.
Б.ГАНДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих