Халх голын дайны ялалтын 75 жилийн ойн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, нисгэгч С.И.Грицевец, Г.Ш.Кравченко нарын цээж хөшөө баримлыг өнөөдөр Монголын тал хүлээн авлаа.
Баримлуудыг ОХУ-д хийжээ. Монголын төмөр замаар тээвэрлэн ирсэн энэ хоёр хөшөөний эзэн болох С.И.Грицевец, Г.Ш.Кравченко нар нь Халх голын байлдаанд онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Тодруулбал, тэд Халх голын байлдаанд сөнөөгч онгоцны хороо командалж, "Улаан тугийн одон"-гоор шагнуулж байсан аж. 1939 онд Халхын голд болсон агаарын тулалдаанд эр зориг гарган тулалдсан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол, С.И.Грицевец, Г.П.Кравченко нарт ЗХУ-ын баатар цолыг хоёр дахь удаагаа өгсөн байна. Халх гол дахь агаарын тулааныг цэргийн түүхэн дэх хамгийн том агаарын тулалдаан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур гэж үздэг билээ.
Чойбалсан хот дахь Бунхан толгойн оройд манай эх орны дархан хилийг хамгаалж, алтан амиа алдсан Зөвлөлтийн алдарт нисгэгчдийн мөнхийн дурсгалд зориулж босгосон "1939 халхын гол ” гэсэн бичигтэй хөшөөн дээр 100 гаруй эрэлхэг нисгэгчийн овог нэрийг сийлжээ. Халхын голын дайны үед энэ Бунхан толгойн ард Зөвлөлтийн нисэх хүчний анги байрлаж байсан юм. Энэ ангиас ЗХУ-ын анхны хошой баатрууд Г.П.Кравченко,С.И.Грицевец, Я.В.Смушкевич,болон ЗХУ-ын баатар М.Ф.Бурмистров нарын олон алдар цуутан төрсөн юм.
Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга Ч.Самбуу ярихдаа, "-Монгол эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь хайргүй тэмцэж гавъяа байгуулсан учир энэ хоёр хүний хөшөө Монголд зайлшгүй байх ёстой. Монгол цэргийн музей Халх голын 75 жилийн ойг угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь Монголын төмөр замтай хамтарч ЗХУ-ын хошой баатар, хоёр нисгэгчийнхээ цээж баримлыг эх орондоо авчирлаа. Өнөөдөр хоёр хөшөөгөө цэргийн музейдээ зална. Энэ сарын 20-ны өдөр Монгол цэргийн музей дээр "Халх гол 75” үзэсгэлэн нээлтээ хийх юм. Энэ үеэр хоёр нисгэгчийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээс гадна түүхт ялалтын ойнуудыг Монголын ард түмэн, төр засаг хэрхэн тэмдэглэж ирсэн түүхийг өгүүлэх үе, үеийн эрдэмтэн судлаачлын бүтээлүүд, дайчин баатруудын эзэмшиж байсан эд өлгийн зүйлээс эхлээд Монгол цэргийн түүхтэй холбоотой 200 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлнэ” гэлээ.
Ч.Ариунболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих