Сүүлийн нэг жил өдөр бүр чангарч, иргэдийг бухимдуулсан валютын ханш
унаж эхэлсэн нь энэ долоо хоногийн таатай үйл явдал болж байна.
Энэ
сарын эхний арав гаруй хоногт 1,900 төгрөгтэй тэнцэж. цойлсон
ам.долларын ханш өчигдрийн байдлаар Төвбанкнаас зарласнаар
1,859.45 төгрөгтэй тэнцлээ. Харин 310 төгрөг хүрэх шахсан юаны ханшийг
302.68 төгрөг гэж Төвбанк зарлажээ.
Өнгөрсөн пүрэв гариг буюу энэ сарын 14-нд Монголбанкны дуудлага худалдаагаар долларын ханш 1,896.000 байсан бол өнөөдрийн худалдаагаар 1,855.000 төгрөг болсон нь үндсэндээ долоо хоногийн дотор 40 төгрөгөөр унасан гэсэн үг юм.
Валютын ханш суларч байгаад Төвбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нөлөөлж буй нь тодорхой. Өчигдөр л гэхэд гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 25.0 сая ам.доллар худалдаж авах, 3.3 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1,855.75 хаалтын ханшаар 20.6 сая ам.доллар худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлсэн. Мөн банкууд 40.0 сая юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлж, 304.20 хаалтын ханшаар 40.0 сая юань худалджээ.
Мөн энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлпдийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүллээ. Энэ арга хэмжээ маргаашнаас эхлэн ханш дахин доошлоход нөлөөлөх биз.
Валютын ханш цаашид ч сулрах тухай таатай мэдээ, таамаг байна. Учир нь Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт тогтмол зохион байгуулдаг. Маргааш болох худалдаагаар долларын ханш дахин унана хэмээн ажиглагчид хэлж байна. Энэ байдлаар нэг хэсэг чангарсан валютын ханш бага багаар сулрах бололтой.
Сүүлийн саруудад долларын ханш өссөн шалтгааныг Төвбанкнаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, нүүрсний болон бусад ашигт малтмалаас орж ирэх экспортын орлого багассантай, төсвийн хяналтгүй зарцуулалттай холбон тайлбарлаж байсан. Тиймээс Төвбанк мөнгөний бодлогын хүүг чангаруулах зэргээр цаг алдахгүй арга хэмжээ авч буйгаа зарласан. Энэ арга хэмжээ эхний үр дүнгээ өгч ам.доллар болон бусад валютын ханш суларч байна уу даа гэж таамаглаж болохоор.
Нөгөө талаар валют чангарсныг жаахан хөөрөгдсөн ханш яваад байна уу даа гэж харах хүмүүс байсан. 1,700 орчим төгрөгтэй тэнцвэл бодит ханш руугаа дөхнө гэж хэлэх эдийн засгийн хүмүүс ч бий. Ханш суларч буй энэ дүр зургаар бол яваандаа бодит ханш руугаа улам л дөхөх биз ээ.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих