
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аймаг бүрт хүний эрхийн асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэн ажиллуулж байгаа билээ.
Хөдөө орон нутагт хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх, хяналт шалгалт явуулах, хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах зэрэг МУХЭҮК-ийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж буй мэргэжилтнүүд нэг дор цугларлаа.
Учир нь ХЭҮК-оос Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутаг дахь ажилтнуудаа чадавхижуулах "Хүний эрхэд суурилсан хандлага" сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Мөн хөдөө орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүд өөрсдийн сайн туршлага, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож байна.
Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт, хүн бүрд хүргэх үүрэгтэй мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй цөөн хором ярилцлаа.
Сүхбаатар аймагт ажиллаж буй хүний эрхийн ахлах мэргэжилтэн Х.Наранцэцэг:
-Таны ажиллаж буй аймагт хүний эрхийн чиглэлээр тулгамдаж буй асуудал юу байна?
-Хүн байгаа тэр газар хүний эрхтэй холбоотой асуудал яригдаж байдаг.
Сүхбаатар аймагт Хүний эрхийн комиссын мэргэжилтэн ажиллаж байгаадаа
баяртай байна. Хүмүүс ч гэсэн манай байгууллагын үйл ажиллагааг таньж
эхлээд баяртайгаар хүлээн авч байна. Мэдээж тулгамдаж буй асуудлууд бий.
Бид богино хугацаанд комиссынхоо үйл ажиллагааг иргэддээ илүү хүргэхээр
асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
-Орон нутгийн иргэдийн хүний эрхийн боловсролын тухайд?
-Мэдээлэл технологи хөгжчихсөн өнөө үед орон нутаг гэлтгүй иргэд
мэдээлэл их сайн байдаг. Бидний зүгээс ч мэдээлэл олгох тал дээр ажиллаж
байна.
-Танай аймагт гарч буй зөрчил гомдлоос дурдвал?
-Сүхбаатар аймаг онцлогоосоо хамаараад хурдан морь унаач хүүхдийн
асуудал их яригддаг. Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудлыг
аймгийнхаа хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, "Жавхлант шарга” уяачдын
холбоотой хамтран түлхүү ажилладаг. Үүний үр дүнд энэ асуудал шийдэгдсэн
гэж ойлгож болно.
Ховд аймаг дахь Хүний эрхийн үндэсний комиссын ахлах мэргэжилтэн Г.Солонго:
-Ховд аймгаар сонин юу байна? Сүүлийн үед хийгээд байгаа ажлуудаасаа сонирхуулаач.
-Манай
Ховд аймаг олон ястны өлгий нутаг гэдгээрээ онцлог. Тиймээс анх
ХЭҮК-ийн ахлах мэргэжилтнээр томилогдсоноос хойш Ховдод очоод Хүний
эрхийн байгууллага,комиссын чиг үүрэг, хүний эрхийн тухай ойлголтыг
иргэдэд өгсөн. Хүний эрхийн тухай ойлголтыг мэдэхийн ач холбогдол,
хэрхэн хамгаалуулах тухай сургалтыг зургаан сумдад зохион байгуулсан.
Сүүлийн үед гэвэл Баруун бүсийн даншиг наадамтай холбоотойгоор Хүүхэд,
гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран хурдан морь унаач хүүхдийн асуудлаар
хамтран ажилласан. Наадмаар манай аймагт хоёр хүүхэд морьноос унаж
гэмтсэн.
-Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Толгойдоо хүнд гэмтэл авч хагалгаанд орсон. Одоо бие нь нэлээн сайжирсан.
-Цаашид төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Манай аймагт дэмжих бүлэг байдаггүй. Тиймээс цаашид дэмжих бүлэгтэй
болох төлөвлөгөөтэй байна. Залуучуудын холбоо, бусад иргэний нийгмийн
байгууллагуудтай хамтарч ажиллана. Манай аймагт хөдөө сумдад айлд
боолчлогдож буй хүүхдүүдийн талаар мэдээлэл ирсэн. Амьдралын
боломжгүйгээс айлд хүнд хэцүү, нөхцөлд ажиллаж байгаа хүүхдүүдийн талаар
гурван сумаас мэдээлэл ирсэн. Энэ тал дээр тандалт, судалгаа мөн хийж
байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих