Орос-Монголын залуучуудын 4 дэх удаагийн "Ялалтын дөл” тойрон аялал Монгол Улсын дархан хил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гараагаа эхэлсэн юм.
Наймдугаар сарын 19-нд Оросын 46 оролцогчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх үед Монголын талын зохион байгуулагчид болох Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хилийн шалган нэвтрүүлэх албаны удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын Газар, Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид ба Алтанбулаг сумын иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн авч өмнөх тойрон аялалуудад амжилттай оролцсон оросын залуучууд, оролцогчдыг Халх голын 75 жилийн ойн медалиар шагнаж урмшуулсан бөгөөд төлөөлөгчдөд зориулан дуу хуураар бэлэг барьсан нь аяллын гарааг чимж, Орос оролцогчдын сэтгэлийг хөдөлгөсөн байна.
Оросын зочдыг Сэлэнгэ аймгийн "Гүн нуур” амралтанд байрлуулж үдшийн цэнгүүн, галын наадмыг зохион байгуулжээ. Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбоо энэхүү арга хэмжээнд ач холбогдол өгч, зохион байгуулалт сайтай ажилласны үр дүнд тойрон аялалд эхнээс нь дуустал амжилттай оролцох хүсэл эрмэлзлэлийг оросын залуучуудад төрүүлсэн жинхэнэ залуучуудын арга хэмжээ болсон байна.
Маргааш нь Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын төв талбай дээр Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөн, Оросын Эрхүү хотоос буухиачлан авчирсан "Мөнхийн гал”-ыг аймгийн удирдлагуудад хүндэтгэлтэйгээр гардуулж, ахмад дайчидаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болж өнгөрсөн бөгөөд "Ялалтын дөл” аяллын цуваа Дархан хотыг зорьсноор Сэлэнгэ аймгийнхан зочдоо үдэн гаргалаа. Дархан-Уул аймгийн зааг болох Орхон сумаас эхлэх Дархан хотынхны угтан авалт эхэлсэн. Аймгийн удирдлагын төлөөлөл болон цэргийн ангийн удирдлагууд оросын төлөөлөгчдийг тавгийн идээ, дуу хуур, талархлын үгээр угтан, Дархан хот руу хөдөлсөн юм.
Нийт Дарханчууд болон цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, соёл урлагийн уран бүтээлчид "Дархан 50 цогцолбор”-ын талбай дээр хүндэтгэл үзүүллээ. Ирсэн ахмад дайчдын дунд 1939 оны Халх голын байлдааны амьд гэрч н.Шагдар гуай хүрэлцэн ирсэн бөгөөд Оросын төлөөлөгчид уламжлал ёсоор түүнд ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардуулсан юм.
Харин өнөөдөр аялалд оролцогчид Орхон аймагт хүрэлцэн ирсэн бөгөөд зочдоо нутгийн зон олон орос ахан дүүсийн ёсоор талх давстай Амарын талбайдаа угтан авч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүд сүрт жагсаал хийж, Найрамдлын өндөрлөг, Халх голын дайны Монгол зөвлөлтийн цэргийн жанждын цогцолборт цэцэг өргөсөн байна. Орос улстай хамгийн сайн хамтын ажиллагаатай байдаг Эрдэнэт хот өнөөдөр баярын хөл үймээнд дарагдаж, сэтгэл нь хөөрсөн түмэн орос ахан дүүсээ хүндэтгэлтэйгээр хүлээн авч Эрдэнэт үйлдвэрийн харьяа Сэлэнгэ амралтын баазад оройн арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд маргааш Эрдэнэт үйлдвэртэй танилцснаар үйл ажиллагаа өндөрлөх юм. Оросын оролцогчдыг өөрийн авьяас чадвараараа шалгарсан монголын 75 залуу Улаанбаатар хотод наймдугаар сарын 22-нд угтан авах юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих