БНХАУ-ын дарга Си Зинышний манай улсад хийж байгаа айлчлал Монголын
төдийгүй олон улсын анхаарлыг татаж байна. Урд хөршийн төрийн тэргүүний
айлчлал ийн 11 жилийн дараа тохиож байгаа нь энэ бөгөөд айлчлал хоёр
өдөр үргэлжилж байгаа зэргээс харахад ажил хэргийн цар хүрээ багагүй
байгаа гэдгийг илтгэнэ.
"Энэ айлчлал улс төр, эдийн засгийн ач
холбогдол талаасаа ихээхэн үр дүн, үлдэх мөртэй байх болно" гэдгийг
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа. Энэ айлчлалын дараа ОХУ-ын
Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын эхээр айлчлахаар товлогдоод байна. Ийнхүү
хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар шил шилээ харан айлчилж байна.
Бид
мөнхийн гурван хөрш. "Саахалт айлын санаа нэг" гэгчээр бие биеийнхээ
дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа, эв нэгдэл, итгэлцэл дээр түшиглэж
хөгжих нь тодорхой. Тийм ч учраас хөршүүдийн хооронд хэлэлцэж шийдвэрлэх
олон асуудал бий.
Харин эдгээр айлчлалын талаар гадаадын зарим хэвлэл "Гуйвж дайвамтгай, өөртөө итгэлгүй Монголыг Хятад, Орос гар нийлж илбэн тохинуулна" хэмээн мэдээлж байв. Юутай ч эдгээр айлчлал эдийн засгийн хүндхэн нөхцөлд байгаа монголчуудын хувьд ихээхэн хүлээлтийг дагуулж байгаа нь үнэн билээ. Энд юуны түрүүнд эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудалд илүү анхаарал хандуулж байгаа. Ялангуяа дамжин өнгөрөх тээвэр, далайд гарах гарц гэсэн бидний олон жилийн мөрөөдөл энэ үеэр яригдаж байгаа нь гарт маань атгагдах том боломж болох биз ээ.
"Энэ айлчлад Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт дагуулана" хэмээн Хятадьга www.chinadaily.com сайт онцолсон байна билээ. Энд бичсэнээр бол "Энэхүү дээд хэмжээний айлчлалыг даГаж хоёр орны хоорондын бүхий л салбарт хамтын ажиллагааны гэрээ хэлцэл хийгдэнэ" хэмээн мэдээлжээ.
Монголын эдийн засаг үндсэндээ уул уурхайгаасаа хамааралтай. Гэтэл энэ эрдэс баялгийн голлох, хаяа түшсэн хамгийн ойрын зах зээл нь БНХАУ юм. Тиймээс энэ асуудал дээр үйл ажиллагаа, үг хэлээ нэг мөр болгох нь энэ айлчлалын энэ тэргүүний үр дүн, хүлээлт байхыг гадаадын хэвлэлүүд онцолж байсан билээ.
Түүнчлэн Хятадын зарим хэвлэлд Монголяд хийх хоёр хөршийн айлчлалыг Гурван талын дээд түвшиний уулзалт Монголын хөгжлийн тулгын чулууг тавина" хэмээн тодотгосон байгаа аж.
Энэ айлчлалаас өмнө Японы эдийн засагч, судлаач Тазаки Масами "Японоос тусламж мөнгө олж чадаагүй тул Монгол Хятадтай гэрээ хэлэлцээ байгуулахдаа ямар ч хөзрийн модгүй байгаа л гэсэн үг. Нэгэн албаны хүний хэлснээр Хятадын талаас бүр хэмжээ дамжаагүй их тусламж үзүүлэх байх гэнэ билээ. Тэр их мөнгийг монголчууд авахгүй гэж хэлж зүрхлэхгүй биз дээ" хэмээн бичсэнийг манай уншигчид олж үзсэн нь лавтай. Дээрх мэдээллүүд баталгаа нотолгоотой гэхээсээ илүүтэй энэ айлчлал олон улсын анхааралд байгааг харуулж буй юм.
Айлчлалтай холбож онцлох нэг зүйл бол дэлхийн хөгжиж буй том эдийн засагтай таван орны байгуулсан хамтын ажиллагааны байгууллага болох БРИКС-ыг ОХУ, БНХАУ тэргүүлж буй. Монгол Улсын эдийн засаг энэ хоёр хөршөөсөө шууд хамааралтай. Тэгэхээр бид үнэн хэрэгтээ БРИКС-ын ажиллагааны хүрээнд шууд бусаар ч гэон оролцоно гэсэн үг юм.
Дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүдийн онцолж байгаагаар Си Зиньпин гадаад улс орнуудтай найрсаг харилцаа тогтоох тал дээр тун чиг чадварлаг нэгэн. Тэрбээр "Форбес" сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн тоонд гурван жил дараалан дээгүүр эгнээнд бичигдээд байгаа билээ.
Түүнийг "Хятадын тав дахь үеийн удирдагч" хэмээн тодотгодог бөгөөд авлигыг таслан зогсоох, хүн амын дундаж давхаргыг тэлж, эдийн засгийн шинэ арга барилаар хөгжлийг түргэсгэх бодлого баримтлан ажиллаж ихээхэн үр дүнд хүрч байгааг нь онцолж байгаа юм.
Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр Си даргын Монгол Улсад хийх айлчлалд Хятадын тал ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд өндөр хэмжээний албан тушаалтнууд томоохон компани, группийн төлөөлөл багтахыг онцолж байсан билээ.
"Айлчлалын
үеэр Монгол, Хятадын хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны
олон хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр
байгалийн асар их баялагтай ч өнөөг хүртэл ядуурал хэвээр байгаа
Монголын хөгжлийг түргэтгэхэд ихээхэн дэмжлэг болно" хэмээн гадаадын
мэдээллийн агентлагууд мэдээлж байсан. Айлчлалын эхний өдрийн үр дүнгээс
харахад үнэхээр ч тэр ёсоор болж байх шиг байна.
Дэлхийн хүчирхэг эдийн засагтай, Хурдацтай хөгжиж байгаа орны тэргүүн Монголд айлчилж байгаа нь дэлхийн улс орнуудын анхаарлыг татах нь зүй хэрэг. Учир нь Хятадын энэ хүчирхэг эдийн засагт хийгдэж буй алхам, бодлого шийдвэрийн хамаарал улам бүр нэмэгдэж байгаа нь энэ цаг үеийн нэг өнгө төрх болж байгаа билээ.
П.БУЛГАН /ӨДРИЙН ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих