- Залуучууд намаа өөрчлөхөөр шийджээ-
Дорнод аймгийн АН-д юу болоод байна? Намын экс дарга нь намынхаа байранд дайран орсон, одоогийн дарга нь тамгаа аваад зугатсан зэрэг дуулиан хэвлэлээр гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Дорнод аймгийн АН-д үүсээд байгаа асуудал олны анхаарлыг татаж эхлээд байна. Аймгийн залуучуудтай холбоо барьж энэ талаар тодруулсан юм. Өнгөрсөн 2012 оны Орон нутгийн сонгуулиас өмнө тус аймгийн АН-ынхан дотор үл ойлголцол үүссэн нь өнөөдрийг хүртэл ийнхүү хурцддаад байгаа аж. Гол шалтгаан нь 2012 онд Д.Цэрэнчимэг гэх эмэгтэйг "нийслэл”-ийн шууд удирдлагатайгаар аймгийн АН-ын даргаар томилж, нутгийн өөрөө удирдах шууд удирдлагад бүдүүлгээр халдсан өнөөдрийн нам доторхи хагарлыг эхлүүлжээ. Тухайн үед аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан Г.Болдбаатарыг огцруулж, Д.Цэрэнчимэгийг хүчээр шахуу дарга болгох ажиллагаанд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй хүмүүс шууд оролцож, намын гишүүд дэмжигчдийг талцуулан хагалан бутаргаж, хуваагдлыг дээд цэгт нь хүргэх үндсийг тавьсан хэмээн залуучууд үзэж байна. Тиймээс Дорнодчууд АН-аа аврахын тулд Д.Цэрэнчимэг, Г.Болдбаатар нарын аль ч талыг баримтлалгүйгээр намдаа өөрчлөлт хийхээр шийджээ. Тэд даргаас үүдэлтэй намын хямралыг таслан зогсоохын тулд Д.Цэрэнчимэгийг огцруулах намын гишүүдийн 3 удаагийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, намын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор энэ сарын 18-ны өдөр намын байрыг мэдэлдээ аваад байгаа юм байна. Харамсалтай нь энэ үеэр намын дарга Д.Цэрэнчимэг нь тамга тэмдгээ аван, нийслэл руу зугатсан тул ийнхүү асуудлыг улам хурцатгахад хүргээд байгаа аж. Намын байрыг залуучууд мэдэлдээ авч эд хөрөнгө, санхүүгийн тооллого хийхэд 44 сая төгрөгийн эд материал дутжээ.
Тиймээс хариуцагч болох Д.Цэрэнчимэг,С.Базаргүр нараас цоожтой байгаа сейфүүдийг онгойлгуулан намын санхүүгийн бүртгэл,эд хөрөнгийн тооллогын бүртгэл, бусад бичиг баримтыг хуулийн дагуу шаардаж гаргуулж авах арга хэмжээ авч эхлээд байгаа юм байна. Одоогоор намын байрыг хамгаалалтанд авсан боловч гадны халдагад өртөн цонх хагарсан, төв хаалганы шилийг зүссэн зэрэг асуудал үүссэн тул цагдаагийн газарт мэдэгдэн шалгуулж байна.
Тамгаа аваад зугатсан Д.Цэрэнчимэг гэж хэн бэ?
Аймгийн АН-ын хорооны дарга болохоосоо эхлээд л хэл аманд өртөж, хүчтэй эсэргүүцэл, том хуйвалдаанаар санасандаа хүрсэн энэ эмэгтэй хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч тоймтой намтаргүй аж. АН-ынхнаас нь сайн мэдэх хүн ч алга. Ерөнхийдөө бол АН-ын лидер байтугай лойдор улстөрч эмэгтэйчүүдийн дунд танигдаагүй нэгэн бололтой юм. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН-д бүртгэлтэй, Дорнодод очихоосоо өмнө Чингэлтэй дүүргийн АН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа гишүүдээ мөн л талцуулж, хувааж, тамгаа аван зугатаж , манаргаж явсан хэмээн намынхан нь ярьж байна. Энэ арга барилаараа Дорнодод ажилласан уу, яасан нам гүмхэн байдаг Дорнодынхон энэ хүүхнийг ирснээс хойш ийнхүү хөл толгойгүй бужигналдаж эхэлжээ. Олон ч гишүүн өргөдөл гомдол гаргаж, хэд хэдэн удаа шалгалт хийжээ. Хамгийн сүүлд гэхэд энэ оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн хурлаар Хяналтын салбар хорооны дүгнэлтийг авч хэлэлцээд Д.Цэрэнчимэг нь Ардчилсан намын үндсэн дүрэм холбогдох журмуудыг ноцтойгоор зөрчиж, олон үйлдлийг удаа дараа эрээ цээргүй хийсэн, мөн санхүүгийн олон зөрчил дутагдал гаргасан тул Дорнод аймгийн ардчилсан намын даргын үүрэгт ажлаас гурав дахь удаагаа огцруулах шийдвэр гаргажээ. Үүнээс өмнө, намын хорооны гишүүдийн олонхийн шаардлагаар 2012 оны 12 сарын 08-ны өдрийн, 2013 оны 08-р сарын 17-ны өдрийн Намын хорооны хурал зэргээр Д.Цэрэнчимэгийг Намын даргын үүрэгт ажлаас огцруулсан ч тамга тэмдэгээ аваад зугатдаг аргаараа өнөөдрийг хүрээд байгаа гэнэ. Мөн 44 сая төгрөгийн өмч хөрөнгө дутаасан, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намдаа ялалт авчирсан баг, сумдад өгөхөөр төлөвлөсөн урамшууллын мөнгийг одоо хүртэл олгоогүй байгаа зэрэг асуулаар нь Дорнодын гишүүд нь цагдаагийн байгууллагад өгөөд байгаа гэсэн мэдээлэл байна. Ямартай ч өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд Дорнодын хээр талд ардчиллыг мандуулж, эв түнжинтэй байсан АН-ынхан ийм нэг амбицтай хүүхний балгаар 2012 оны сонгуулиас хойш шуудайнд хийсэн эврийн үхэр шиг өөр хоорондоо өрсөлдөж эхлээд байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих