Удирдлагын академийн хашаан дотор энэ балгас бий. Цагтаа Богд хааны зуны ордон байсан энэ байшин одоо хэзээ мөдгүй нурж унахаар болчихож. Тулгуур мод нь "тулах”-аа больчихсоноос эхлээд ширүүхэн салхинд нураад унахад бэлэн болсон гэнэ. Энэ ордныг 2007 онд нийслэлийн өмчид шилжүүлж, улмаар одоогийн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн газрын албаны дарга байхдаа 2009 онд "Икэл” гэдэг төрийн бус байгууллагад өгчихсөн байх юм. Соёлын өвийг хамгаална ч билүү, соёл урлагийг дэмжинэ ч билүү сүрхий сайхан лоозонтой энэ байгууллага Нийслэлийн соёл урлагийн газрын дарга асан Ц.Пүрэвхүүгийнх гэнэ. Ц.Сандуй даргын зөвшөөрсөн хугацаа өдгөө дуусчээ. Харин Богдын ордон хамгаалуулж, дэмжүүлсэн ч юмгүй балгас болж хоцорсон байна. Хэзээ мөдгүй нурж унах гэж буй Монголын төрийн хийгээд соёлын үнэт өв болох энэ "ордон”-ы талаар дуу гаргаж буй хэн ч алга. Соёлын асуудал орхигдлоо хэмээн орилсоор байгаад байгуулсан Яамны сайд ч таг чиг байх ажээ. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулж, МАН-аас Лениний музейн барилгыг "хурааж” авах үеэр Засгийн газрын төлөөний хүн байсны хувьд "Энэ бол соёлын хүчирхийлэл” хэмээх сүржин мэдэгдлийг хийж байсан Ц.Оюунгэрэл нурах дөхсөн Богд хааны ордныг бол тоодоггүй бололтой. Уг нь ач холбогдол, эрэмбэ зэргээрээ Лениний музейгээс хэд дахин дээгүүрт тооцогдох учиртай Богдын энэхүү ордныг гаргуунд нь гаргаад хаях эрх Ц.Оюунгэрэл сайдад байхгүй л баймаарсан.
Б.Дамдин-Очир
polit.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих