ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮН ОЛДОХГҮЙ НЬ
Тендерт оролцогчид ховордох нь. Мөнгө цохидог томчуул хэмээн цоллуулдаг ч уул шугамандаа зам, гүүр, барилга, орон сууцыг барих гол эзэд нь тэд. Гэвч өнгөрсөн жилээс эхлээд л Монголын санхүүгийн ертөнцөд мордохын хазгай нүүрлэж, мөнгө олдог, үржүүлдэг, улсад тушаадаг хэн бүхний халаасыг хямрал нэгжсэн юм. Бүр тодруулаад хэлбэл, гадаад мөнгөн дэвсгэртийн төгрөгтэй харьцах ханш өндөрт хадаж, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөөд байна. Эдийн засгийн хөгжлийн яамнаас ам.долларын ханш энэ онд 1384 төгрөгт байна гэж мэдэгдсэн ч өчигдрийн байдлаар ханш 1775 төгрөгтэй тэнцэж байв. Оны эхний улирал шувтарч байхад онилсон бай нь бараг 400 төгрөгөөр хэтэрч зөрчихөөд байгаа нь энэ. Ингэхээр улсын тендерт уралдах нь ханшийн уналтын золиос болж уруудаж доройтохын цондон юм. Төгрөгийн ханшийн уналтаас болж компаниуд тендерт ялсан ч эхнээсээ ухрах болсон нь үүнийг харуулж байна. УИХ нь ч, Засгийн газар нь ч энэ онд ам.долларын ханшийг 1384 төгрөг байна хэмээн тодорхойлсон болохоор компаниуд бараа, бүтээгдэхүүнээ энэ ханшаар импортолъё гэхээр ганц "ногоон” тутмаас 400 орчим төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа юм.
Өнгөрсөн оны долдугаар сард 1400 орчим төгрөг байсан ханшаар тооцоод үйл ажиллагаагаа төлөвлөсөн компаниудын ажил бүгд нурсан гэдгийг "Өлзийт төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий хэлж байна. Тендер, эсвэл барилгын худалдан авах ажиллагаанд оролцсон хүмүүс ч оны эцэст 1750 төгрөгт хүрсэн ханшаас болж алдах нь алдаж, дампуурах нь дампуурсан болохоор 2013 он бизнесийнхэнд гамшгийн жил байлаа. Өнөөх гамшгийг нь "үйлдвэрлэгч” нь 1384 төгрөгөөр ханшийг тогтооно гэсэн төр, засаг байв.
АЛДАГДЛАА ХАЯГЛАХ ЭЗЭН ОЛДОХГҮЙ НЬ
Тендер, эсвэл худалдан авах үйл ажиллагааг тухайлаад авч үзвэл дунджаар 600 мянган ам.долларын үнэ хүрэх нь элбэг. 1400-1450 орчим төгрөгөөр ханшаа тооцоод үйл ажиллагаанд оролцсон компани гадагшаа тоног төхөөрөмжийнхөө төлбөрийг хийхээр валют худалдан авахад 1750 төгрөгт ханш хүрэхэд 300 төгрөгийн зөрүү гарна. 600 мянган ам.долларыг 300-гаар үржүүлэхээр 180 сая төгрөгийн алдагдалд орж байгаа хэрэг юм. Энэ бол зөвхөн нэг компанийн жишээ. Цаана нь үүн шиг олон арван аж ахуйн нэгж ханшийн өсөлтөөс болж үүдээ барихад ойрхон байна.
"2013 оны арваннэгдүгээр сарын эхний байдлаар Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 1738 төгрөг байхад 2014 оны төсвийн төлөвлөгөөнд ханшийг 1384 төгрөгөөр тооцоолсон нь эдийн засгийн төлөв сэргэх, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэх нөхцөл бий болох мэт харагдаж байна. Гэвч дэлхий нийтийн эдийн засгийн төлвийг ажиглахад гадаадын шууд хөрөнгө оруулалт болон дотоод эдийн засгийн төлөв тийм ч хурдан сэргэх боломж харагдахгүй байна” гэж энэ оны төсөвт хийсэн Нээлттэй нийгэм форумын тойм дүгнэлтэд дурджээ. Энэ нь манай улс валютын ханшийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн гэдгийг бас харуулж буй хэрэг юм. Олон талын судалгаа хийж байж, зах зээлийн хөрсөн дээр буусан ханш санал болгосон бол өнөөдөр энэ олон компани алдагдал хүлээгээ ч үү, үгүй ч үү.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДСЭН Ч ХАНШ СУЛРАХ УУ?
Валютын ханш ийнхүү чангарснаас болж өнгөрсөн онд Монгол Улс валютын нөөцөө багагүй сэгсрэхэд хүрсэн юм. Монголбанкнаас гаргасан энэ оны нэгдүгээр сарын тайланд дурдсанаар валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 40.1 хувиар буурсан байна. Гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэхгүй, мөнгөний урсгал татарчихаар дотоод эх үүсвэрээ ашиглахаас өөр боломж байгаагүй. Харин Засгийн газраас ханшийг сулруулах, үндэсний мөнгөн тэмдэгтийг сэргээх талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Саяхнаас хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа талаар дуулдах болов. Хэдийгээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, мөнгөний чимээ дуулдаж эхэлсэн ч валютын ханшийг бууруулахад олигтой дэмжлэг болохгүй хэмээн үзэх хүмүүс олон байна. Үйлдвэрлэлээ дэмжих, гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ экспортлох, худалдааны алдагдлаа бууруулах, төлбөрийн тэнцлээ эерэг дүнтэй гаргах зэргээр мөнгөөр хийх ажил мундахгүй. Ингэхээр валют орсон ч ууршаад алга болох магадлал өндөр байна.
Ж.ЦОГЗОЛМАА
polit.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих