Одоогоос 75 жилийн өмнө бидэнтэй мөр зэрэгцэн, монгол түмний төлөө ЗХУ-ын дайчид хоёргүй сэтгэлээр тусласан түүхтэй. Түүнээс БНМАУ-ын баатар, маршал Георгий Константинович Жуковын гавьяа их билээ. Тэрээр дайны жилүүдэд дивизээ удирдаж, дайсны бэхлэлтийг бут цохиж, шийдвэрлэх ялалтыг авчирсан юм. Харин түүнд зориулсан гэр музейг Халхын голын ахмад дайчид болон түүнийг бахархан дэмжигч ард түмний санаачлага, дэмжлэгээр Халхын голын ялалтын 40 жилийн ойн баярыг тохиолдуулан 1979 оны наймдугаар сарын 19-ний өдөр анх нээжээ. Музейг Г.К.Жуковын 1939-1940 оны хооронд гэр бүлээрээ амьдарч байсан байшинд нь байгуулсан байна.
Тус музей Батлан хамгаалахын харьяанд бие даасан үйл ажиллагаатай байсан бол 1990 оноос "Монгол цэргийн музей”-д харьяалагдах болжээ. Музейн хүндэтгэлийн танхимд түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлсийг тавьж, тэр хэвээр нь хадгалдаг. Өмсч байсан дүрэмт хувцас, малгай болон дайны талбарт ашиглаж байсан дуран нь хүртэл бий. Мөн хоёр орны төрийн далбаа болон "Эх орон, ард түмэндээ чин үнэнчээр зүтгэх нь миний эрхэм үүрэг юм” гэж Г.К.Жуковын хэлсэн үгийг музейн хананд мөнхөлжээ.
Ч.ГАНТУЛГА /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих