2014 оны 8-р сарын 19-31 ны өдрүүдэд Орос-Монголын залуучуудын 4 дэх удаагийн "Ялалтын дөл” тойрон аялал Монгол Улсын дархан хил Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гараагаа эхэллээ.
8-р сарын 19-ны өдөр Оросын 46 оролцогчид Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирэх үед Монголын талын зохион байгуулагчид болох Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Хилийн шалган нэвтрүүлэх албаны удирдлага, аймгийн Засаг даргын Тамгын Газар, Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчид ба Алтанбулаг сумын иргэд хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Орос залуусыг угтан авах үйл ажиллагааны хүрээнд өмнөх тойрон аялалуудад амжилттай оролцсон оросын залуучууд, оролцогчдыг Халх голын 75 жилийн ойн медалиар шагналаа. Мөн төлөөлөгчдөд зориулан дуу хуураар бэлэг барьсан нь аяллын гарааг чимж, Орос оролцогчдын сэтгэлийг хөдөлгөлөө. Оросын зочдыг Сэлэнгэ аймгийн "Гүн нуур” амралтанд байрлуулан ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлсэн.
Монголын Залуучуудын Холбооноос Оросын залуучуудад зориулсан үдшийн цэнгүүн, галын наадмын үеэр Сэлэнгэ аймгийн Залуучуудын Холбооны тэргүүн Т.Тогтохбаяр болон бусад тэргүүлэгчид өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт сайтай ажилласны үр дүнд тойрон аялалд эхнээс нь дуустал амжилттай оролцох хүсэл эрмэлзлэлийг оросын залуучуудад төрүүлсэнжинхэнэ залуучуудын арга хэмжээ болж чадлаа.
2014 оны 8-р сарын 20-ны өдөр үдээс өмнө Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын төв талбай дээр Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөн, Оросын Эрхүү хотоос буухиачлан авчирсан "Мөнхийн гал”-ыг аймгийн удирдлагуудад хүндэтгэлтэйгээр гардуулж, ахмад дайчидаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Үдээс хойш "Ялалтын дөл” аяллын цуваа Дархан хотыг зорьсоноор Сэлэнгэ аймгийнхан зочдоо үдэн гаргалаа. Дархан-Уул аймгийн зааг болох Орхон сумаас эхлэх Дархан хотынхны угтан авалт эхэлсэн. Аймгийн удирдлагын төлөөлөл болон цэргийн ангийн удирдлагууд оросын төлөөлөгчдийг тавгийн идээ, дуу хуур, талархалын үгээр угтан, Дархан хот руу хөдөлсөн юм.
Нийт Дарханчууд болон цэргийн ангийн бие бүрэлдэхүүн, соёл урлагийн уран бүтээлчид "Дархан 50 цогцолбор”-ын талбай дээр хүндэтгэл үзүүллээ. Ирсэн ахмад дайчдын дунд 1939 оны Халх голын байлдааны амьд гэрч Шагдар гуай хүрэлцэн ирсэн байлаа. Оросын төлөөлөгчид уламжлал ёсоор түүнд ивээн тэтгэгч байгууллагуудын шагналыг гардууллаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаа уран бүтээлчдийн тоглолт, БХЯ-ны шагнал, урамшуулал болон Дархан хотын удирдлагын мэндчилгээгээр үргэлжилж ОХУ-аас суугаа эрхэм консул нийт оролцогчдод цаашдын аялалд нь амжилт хүслээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих