Монгол эмээлийн загвар зохион бүтээгч А.Саруулболдыг дугаарын зочноор урилаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Танд эртний эмээлүүд бий гэж сонсоод зорьж ирлээ?
-Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг А.Саруулболд гэдэг. Архангай аймгийн уугуул. "Мөнгөн завъяа” дэлгүүрт эмээлийн наймаа эрхэлээд 14 жил болж байна. Манай дэлгүүрт эртний ховор загвартай эмээлүүд бий. Монгол хүн эртнээс морио дээдэлж ирсэн. Монгол хүнийг морьгүйгээр, морийг эмээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс өөрийгөө бусдад хэрэгтэй, буянтай ажил эрхэлдэг гэж боддог шүү.
-Таныг эмээл зарахаас гадна бас эмээлийн загвар зохион бүтээдэг гэж сонссон?
-Одоо цаг үе хөгжиж байна. Үүнийгээ дагаад эмээлийн загвар хүртэл өөр болсон. Зарим хүмүүс эртний эмээл сонирхдог байхад одоогийн залуус арай чамин, орчин үеийн хийц сонирхох нь бий.
Гэхдээ эмээлийн загвар зохион бүтээнэ гээд хаана ч байхгүй зүйлийг өөрөө зохиогоод зурчихдаг юм биш. Хуучны эмээлүүдээс санаа авч, хээ хуарыг нь урладаг. Ер нь хуучны загварыг нь алдагдуулахгүйг хичээдэг юм.
-Та өөрөө урладаг юм уу?
-Би зөвхөн зургийг нь гаргадаг. Эмээл урладаг тусгай хүмүүс бий.
-Хаана байдаг юм бэ?
-Ихэнх нь хөдөө байдаг юм. Одоо үед хотод эмээлийн модтой нухалдаад суух завтай хүн ховор болжээ. Харин ёс уламжлалаа дээдэлдэг, морь, малтай ойрхон, хөдөө орон нутагт л жинхэнэ урлаачид байна. Ялангуяа манай Архангайд олон бий шүү. -Та эмээлийн хуучны загварыг алдагдуулахгүйг хичээдэг гэлээ. Ер нь монгол эмээлийн ямар загварууд байдаг юм бэ?
-Дарьганга, Батноров, Боржигон гэсэн үндсэн гурван хийц бий. Эдгээр загварууд эртнээс бидэнд уламжлагдан ирсэн. Өнөөдөр хийж байгаа эмээлүүд ч эдгээр загварын улбаа юм.
-Эдгээр хийцүүд хоорондоо ямар ялгаатай вэ. Жишээ нь, дарьганга хийцийн тухай тодруулаач?
-Хамгийн эртний хийц гэж ойлгож болно. Ханан хээ, давхар хийцтэйгээрээ онцлог. Эртний нүүдэлчин монголчууд өөрсдөө энэ загвараа урлаж, хэрэглэдэг байсан түүхтэй. Хөдөөгөөр ч энэ загварын эмээлүүд түгээмэл тархсан байдаг.
-Зөвхөн энэ гурван хийцээр л эмээл урладаг юм уу. Шинэ, орчин үеийн загвар гаргаж болдоггүй юм уу?
-Манай дархчууд шинэ загвар гаргаж байгаа. Хуучны урлаачдаас дутахгүй, сайхан загваруудыг гаргаж байна. Гэхдээ энэ гурван хийцийг хүмүүс сайн мэддэг, хийцийг нь биширч, гайхдаг учир эдгээр загварыг л илүү сонирхдог юм.
-Энэ гурван хийц харахад их төстэй юм. Яаж ялгах ёстой юм бэ?
-Батноров хийц нь гурван давхар цохилттой, цутгуур хийц юм. Газар газрын онцлогоос шалтгаалаад хоорондоо ялгаатай. Батноров бол хэнтийн Тожил дарханы хийц. Дарьганга бол Сүхбаатар аймгаас гаралтай.
-Танд хамгийн хуучны гэвэл ямар эмээл байгаа вэ?
-Төв халх, Боржигон хийцийн эмээл бий. Хөөмөл хийцтэй, суварган товруу, хазаартай эмээл байна. Мөн Дарьганга хийцийн хуучин хатан эмээл байгаа. Эмэгтэй эмээл гэж ойлгож болно.
-Эмэгтэй эмээл нь арай жижиг, чамин юм уу даа?
-Ер нь харьцангуй жижиг байдаг юм. Ихэвчлэн ясан хяртай, жижиг тоногтой байдаг. Бүсгүй хүн суухад зориулагдсан, харагдах үзэмж нь ч чамин байгаа биз.
-Гурвалжин, дөрвөлжин тоногтой эмээл харагдаж байна. Энэ Архангайн хийц байх аа?
-1960-аад оны үед Самбуу дарханы урласан эмээл. Олон нутагт тархсан даа. Одоо ч нутгийн хүмүүс өргөн хэрэглэдэг юм. Гурвалжин, дөрвөлжин тоногтой гэхээр хүн бүхэн андахгүй. Хуучны сайхан эд.
-Эмээл дээр урласан хээнүүд өөр өөр байна. Бүгд бэлгэдлийн чанартай юу?
-Уулан хээ, усан хээ, өлзий хээ, үүлэн хээ гээд бүгд өөр, өөрийн бэлгэдэлтэй. Жишээ нь, цэцгэн хээг зөвхөн эмэгтэй эмээл дээр урладаг юм. 12 луутай эмээл эр хүнд ээлтэй гэдэг юм билээ.
-Эмээлийн анхны хийц гэж байдаг юм уу?
-Анхны эмээл гэсэн ойлголт бараг байдаггүй юм. Дээр үед монголчууд зургаан цагаантай, ясан хяртай эмээл хэрэглэдэг байсан гэх юм билээ. Харин сүүлийн жилүүдэд мөнгөн тоноглолтой эмээлийг түлхүү хэрэглэдэг болсон. Дархчуудын хийц ч нийгмээ дагаад өөрчлөгдсөн байдаг.
-Эмээлийн чимэглэл, хээг хийхэд хэр хэмжээний мөнгө ордог бол?
-Одоо сайхан том эмээлүүд хийдэг болж. Өмнө нь сүртэй их мөнгө ордоггүй байлаа. Нэг эмээлд 200-аад лан мөнгө орох тохиолдол бий. Харин одоо долоон килограмм мөнгөөр хазаар, ташуур, хударгатай нь урладаг юм. Би сая Ерөнхийлөгчийн ивээл дор зохиосон "Адуучин” наадамд очоод ирлээ. Ховор эмээлүүдээ дэлгэсэн.
-Та бас саяхан Архангай аймагт болсон Айрагны баяраар үзэсгэлэн гаргасан. Хүмүүс хэр сонирхож байна?
-Хүмүүс их сонирхож байна лээ. Давхар хярласан, утсан сүлжмэл хазаар, хударгатай, нэлээд том, жижүү дөрөө, жүрмэн угалзтай, давхар булигаран гөлөмтэй эмээлээ хүмүүст сонирхууллаа. Энэ загвар өмнө нь хэд, хэдэн удаа хийгдэж байсан. Гэхдээ ховор, чамин загварт тооцож болно шүү.
-Хөдөө, орон нутгийн залуус мориноос мотоциклийг илүүд үздэг болсон шиг санагдах юм?
-Тийм тал ажиглагддаг. Гэхдээ айрагны баяр болон "Адуучин” тэмцээнийг үзэхээр морьтой залуус их ирсэн байна лээ. Тэд "машинтай биш морьтой наадъя” гэж ярьж байсан. Монгол хүний хувьд үеийн залуустайгаа тийм зүйл яриад суухад надад ч сайхан байлаа. Манайхан чинь морио унаж, монгол дээлээ эргээд өмсдөг болж байна. Энэ бахархууштай.
-Монгол эр хүн эмээлээ яаж дээдэлж, хүндлэх ёстой вэ?
-Монголчууд морио дээдэлдэг ард түмэн. Тэгэхээр эмээлээ ч ялгаагүй дээдэлдэг гэсэн үг. Эмээлийг би монгол эр хүний эдэлж, хэрэглэх ёстой зүйлийн нэг гэж боддог. Ялангуяа бүрэн тоноглолыг нь зүүгээд явахад ямар сайхан хийморьлог, жавхаатай харагддаг гээч. Эртнээс монголчууд эмээлээ үүдэндээ тавьдаггүй байлаа. Үргэлж гэрийнхээ хойморт тавьж, дээдэлдэг байсан түүхтэй.
-Эмээлийн хээг яаж сийлдэг юм бэ?
-Дан гар аргаар сийлж байна. Энэ чинь монголчуудын брэнд шүү дээ. Манай улсаас өөр эмээл хийдэг, хэрэглэдэг ард түмэн ховор болов уу. Морины соёлыг дагаад асар том түүх, соёл явж байна. Энэ бол ирээдүйн залууст түүх болж үлдэх юм. Манай хотынхон адууны соёлоосоо хөндийрөөд байна. Харин хөдөө бол тэр зүйл жинхэнэ монголоороо хөгжсөн байдаг.
-Танай дэлгүүрт орж ирснээс хойш том мөнгөн аяга сонирхол татлаа. Миний хувьд өмнө нь ийм том, чамин аяга харж байгаагүй юм байна?
-Диаметрийн хувьд 46 см, багтаамжийн хувьд таван литр ордог юм. Таван килограмм мөнгө орсон аяга даа.
-Хээ нь их сонин юмаа?
-Утсан сүлжмэл хээтэй, тойруулаад найман тахилыг бэлгэдсэн байгаа. Харин дунд нь нацагдорж хээг урласан, чамин хийцтэй эд. Хүндэтгэлийн идээ хийхэд зориулагдсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих