Олон мянган хүнд орон сууц, бизнес, лизингийн өндөр хүүтэй зээл олгодог тэднийг мөнгө хүүлэгчид гэж нэрлэхэд нэг их буруудаад байх зүйл үгүй. Цаг үргэлж хамгийн ашигтай бизнест тооцогддог банкны эзэд нийгэмд хамгийн их нөлөөтэй баян эрхмүүдийн тоонд зүй ёсоор ордог билээ. Өдгөө үйл ажиллагаа, эд хөрөнгө, мөнгө төгрөг, оффисын байраас гадна реклам сурталчилгаагаараа ч ширүүн өрсөлдөх болсон банкуудын жинхэнэ эздийн талаар өгүүлье.
"Худалдаа хөгжлийн банк"-ийг
гадна, дотны хувьцаа эзэмшигчид хамтран эзэмшдэг. Гол хувьцаа эзэмшигч болох "Global investment and development” компани нийт хувьцааны дийлэнх хэсгийг буюу 65 хувийг эзэмшдэг ба үлдсэн 35 хувийг "U C Global investment” ХХК, экс тэргүүн хатагтай О.Цолмон болон бусад 63 хувьцаа эзэмшигчийнх. Тус банкны дэд захирлаар О.Цолмон хатагтайн дүү О.Орхон ажилладаг гэдэг яриа бий. Харин ерөнхийлөгч нь Рандолф Коппа хэмээх харь иргэн. Гүйцэтгэх захирал нь Б.Мэдрээ. ТУЗ-ийн дарга нь "сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг, уг зөвлөлийн бүрэлдэхүүнд О.Цолмон багтдаг гэнэ билээ. Дашрамд дурдахад эрхэм гишүүн "Женко” Х.Баттулга, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр хамтарч ажилладаг гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байгаа юм. Олны үг ортой гэдэг дээ, уул нь.
Анх "Улаанбаатар” сангийн нэр дээр улсын төсвөөр байгуулагдаж байсан "Улаанбаатар” яваандаа хувьчлагдсан гэдэг. Тус банкны 80 хувийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга "сахал” Д.Эрдэнэбилэг эзэмшдэг гэсэн цуу үг байдаг. Ер нь тэгээд "сахал” Д.Эрдэнэбилэг, Женко Х.Баттулга хоёр хамтдаа гурван ч банк эзэмшдэг хэмээх ойлголт нийгэмд байдаг юм билээ. Тус гурван банкны нэг нь "Улаанбаатар” банк болж таарч байна.
"Капитрон” банкийг
анх талийгаач ШО-гийн гэр бүлийнхэнтэй "Петровис”-ын Ж.Оюунгэрэл үүсгэн байгуулж байсан гэдэг. "НИК”-ийг авахдаа Ж.Оюунгэрэл хатагтай "Женко” Х.Баттулгаас их хэмжээний мөнгө зээлсэн өрөндөө "Капитрон”-ыг өгснөөр тус банкны хувьцаа "Женко”-гийн гарын хүн гэгддэг "сахал” Д.Эрдэнэбилэгийн гарт төвлөрөх болсон тухай хэвлэлийнхэн бичдэг. Тэгэхээр эл банкны жинхэнэ эзэн нь "Женко” байх магадлалтай. Гэхдээ "Капитрон”-ы 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ эзэмшдэг гэсэн.
"Голомт” банк
уг нь "Бодь” группийн нэг салбар байсан. Гэвч 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай дөрвөн банкны нэг болох "Голомт” одоо С.Баясгалан, УИХ-ын гишүүн М.Зоригт нарын мэдэлд оччихоод буй. Аль 1990-ээд оны дунд үеэс Монголын оюутны холбоонд бие сэтгэл, гар хөл нийлэн зүтгэж явсан анд нөхөд 3-4 жилийн өмнөөс хамтран ажиллахаа больж, С.Баясгалан, М.Зоригт нар банкаа, Л.Болд, Л.Болдхуяг гэдэг ах, дүү хоёр группээ авсныг бид мэднэ.
"Эрэл” банк
бол "Эрэл” группийн харьяа банк. Харин уг группийг Б.Эрдэнэбат гэгч эрхэм 100 хувь эзэмшдэг. Энэ ноёнтонг Эх орон намын дарга гэдгээр нь олон түмэн андахгүй сайн мэднэ. 2000 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулаад зогсохгүй Эрчим хүчний сайдын албыг хүртэл хашиж явсан сүйхээтэй эр бол чухам тэр. "Эрэл” банкны ТУЗ-ийн бүрэлдэхүүнд ноён Б.Эрдэнэбат, хүү Э.Жаргалангийнхаа хамт багтдаг. Өдгөө "Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын гэгддэг "Эх орон” намын сураг ажиг тасарчихаад буй. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуулиар хоосон хоцорсноос хойш тамга тэмдгээ авч, намын байраа цоожилчихоод сураг тасарсан гэдэг.
Тээвэр хөгжлийн банкны
49 хувийг монгол, 51 хувийг Швейцарь улсын иргэн Армин гэгч хамтран эзэмшдэг. Монголын талаас 49 хувийг нийлүүлэгч нь Монго банкны Европын холбооны төлөөлөгч Д.Энхжаргал, түүний ах Д.Энхтайван нар юм. Гэвч тэд 49 хувйн хувьцаагаа Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзадбалжирт бэлэглэсэн гэдэг. Тийм учраас энэ банкны жинхэнэ эзэн нь Ц.Нанзадбалжир гэсэн үг.
"Капитал” банкны
99,9 хувь "Бишрэлт холдинг” ХХК-ийн, 0.1 хувь нь "Таван эрдэнэ” ХХК-ийн эзэмшил. "Бишрэлт холдинг”-ийн ерөнхийлөгч Б.Ундармааг өнгөрсөн сонгуулийн өмнөх зургаан сарын хугацаанд БСШУ-ы дэд сайдын алба хашиж байснаар нь хүмүүс сайн мэднэ. Аав Т.Батбаяр нь "Капитал” банкны ТУЗ-ийн даргын алба хашиж явсан төдийгүй "Зоос” буюу Төрийн банкны 50 гаруй хувийг дангаараа эзэмшиж байсан нэгэн. Харин "Зоос” банкийг татан буулгахад ямар ч хэл ам гаргаагүй ба ясны эдийн засагч гэгддэг юм билээ. Тэгэхээр "Капитал” банк бол энэ гэр бүлийнх гэсэн үг.
"Хас” банк нь
"Тэнгэр” санхүүгийн нэгдлийн харьяа. "Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирлаар Монголын банкнуудын холбооны ерөнхийлөгч М.Болд ажилладаг. Энэ эрхмийн аав нь "олимпийн өвөө” гэж алдаршсан Ш.Магван гуай. Харин "Хас” банкны ерөнхий захирлаар Ж.Ганбаатар гэгч эрхэм 2012 оны 10-р сараас хойш ажиллаж буй. Тус банкны анхны үүсгэн байгуулагч нь Ч.Ганхуяг гэдгийг хүмүүс эс андах.
"Үндэсний хөрөнгө оруулалт”-ын
банкны 55,66 хувийг мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж , үлдсэнийг нь гадны хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Харин ТУЗ-ийн даргаар УИХ-ын гишүүн, аварга Д.Сумъяабазар ах нь ажилладаг. Тэрээр бөхийн зүлэг ногоон дэвжээгээ улс төр, бизнесийн талбараар солиод багагүй хугацааг үдсэн билээ.
Хаан банк
Тэгвэл Монголд хамгийн олон салбар нэгжтэй "Хаан” банкны хувь нийлүүлэгчдийн ихэнх хувийг гадныхан эзэмшдэг. Японы "Савада холдингс” ХХК 40.22, Хонконгийн "Эйч Эс Интернэйшнл” 12.76, Монголын талаас "Таван богд трейд” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан 22.35, түүний дүү Ц.Хулан 12.97 хувийг тус тус эзэмшдэг. Одоогоор "ХААН” банкны гүйцэтгэх захирлаар Япон улсын иргэн Норихико Като ажиллаж байгаа билээ. Банкны бизнест хүч сорьсон эрхмүүдийн жишгээр "ХААН” банкны хувь эзэмшигч монгол эрхмүүд ч мөн ахан дүүсээрээ байгааг эндээс харж болох юм.
А.Өгөөмөр
http://agshin.mn/News/2269
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих