1939 оны есдүгээр сарын 1-нд буюу одоогоос 75 жилийн
тэртээ нацист Герман Польш руу цөмрөн орсноор хүн төрөлхтний түүхэн
дэх хамгийн их хор уршигтай, 60 гаруй сая хүний аминд хүрсэн дэлхийн II
дайн эхэлсэн гэж үздэг. Герман ЗХУ-тай байгуулсан Молотов-Рибентроппын
нууц гэрээний дагуу Польш руу халдан орсон бөгөөд ЗХУ ч Польшийн
тодорхой хэсгийг төдийгүй Балтийн гурван орныг өөртөө нэгтгэсэн билээ.
Франц, Их Британи есдүгээр сарын 3-нд Германд дайн зарласнаар Европт
шинэ том дайн эхлэх нь тодорхой болжээ.
Гэхдээ зарим түүхч дэлхийн II дайны эхлэл үүнээс нэлээд өмнө, 1937 оны долдугаар сарын 7-нд эхэлсэн Япон-Хятадын хоёрдугаар дайнаас улбаатай гэж үздэг билээ. Милитарист Япон Ази-Номхон далайд ноёрхлоо богино хугацаанд бататгаад зогсохгүй ЗХУ-д заналхийлж эхэлсэн байна. Зарлаагүй дайн гэгддэг Халхын голын ойр орчимд болсон томоохон тулалдаанд Зөвлөлт-Монголын цэрэгт бут цохигдсоныхоо дараа Япон 1939 оны есдүгээр сарын 4-нд Европ дахь зөрчилдөөнд ямар нэг байдлаар оролцохгүй гэдгээ мэдэгдэж, улмаар есдүгээр сарын 15-нд ЗХУ-тай гал зогсоох тухай гэрээг үзэглэсэн юм.
Ингэснээр, их дайны гол талбар Азиас Европ руу нэгмөсөн шилжсэн түүхтэй. Халхын голын тулалдааны дараагаар Япон улс ЗХУ, Монгол бус Зүүн-өмнөд Ази, Номхон далайн арлууд руу анхаарлаа хандуулсан ажээ. Энэ нь хожим ЗХУ-д хоёр бус ганцхан фронтод хүчээ төвлөрүүлж нацист Германы цэрэг 1941 оны сүүлчээр нийслэл Москвад тулж ирээд байсан түгшүүртэй үед Алс дорнодын армиасаа 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчийг татан оролцуулах боломж бүрдүүлсэн гэдэг.
Харин милитарист Япон энэ үеэр ЗХУ-ыг буулган авахаар эсрэг бүх хүчээ дайчлан давшилж байсан өөрийн холбоотон Германд туслан манай хойд хөршийн эсрэг хөдлөхөө Москваг эзлэгдэх хүртэл азнаж, 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Перл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг гэнэт довтолсон билээ. Ингээд, дэлхийн II дайны гал Монголоос холуур, Европ болон Номхон далайд дүрэлзэж, дайны төгсгөлд л Японыг бууж өгтөл манай хилээс ойр болсон байна. Японыг дарах дайнд манай цэргүүд ч мөн гар бие оролцсон билээ.
Б.БАРС
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих