Дэлхийн эдийн засгийн форум өөрийн жил бүр эрхлэн гаргадаг Өрсөлдөх чадварын индексийн 2014-2015 оны тайлангийн дүнг 9 дүгээр сарын 3-нд дэлхий даяар танилцуулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан тус байгууллагын түншээр 10 дах жилдээ ажиллаж буй Нээлттэй нийгэм форум энэхүү тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг танилцуулж байна.
Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна. Манай улс 2005 оноос энэхүү тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.
Монгол улс 2014-2015 оны тайлан судалгаагаар авбал зохих 7 онооноос 3.8 оноо авч өмнө онтой харьцуулахад бага зэрэг сайжирсанаар судалгаанд хамрагдсан 144 орноос 98-р байрт оржээ. Өнгөрсөн онд манай улс 3,7 оноогоор 107-р байранд орж байсан юм. Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд манай улс 3.2-3.9 оноо авсан нь өрсөлдөх чадварын хувьд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулж байна.
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангууд дээр үндэслэн нэгтгэв.
Өрсөлдөх чадварын индекс нь өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг юм. Үүнд, институциүдийн чанар, дэд бүтэц, макро эдийн засгийн орчин, эрүүл мэнд ба бага боловсрол, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр аш*иг, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ, бизнесийн төгөлдөршил, инноваци гэсэн үзүүлэлтүүд орно. Монгол улсын хувьд 2014 онд эдгээр 12 тулгуур үзүүлэлтээс 6 үзүүлэлтийн оноо дээшилсэн байна. Өмнөх онтой харьцуулахад дээд боловсрол ба мэргэжлийн сургалт 0,3 оноогоор, бизнесийн төгөлдөршил, эрүүл мэнд, бага боловсрол тус бүр 0,2 оноогоор, институциудийн чанар, макро эдийн засгийн тогтвортой байдал, бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг тус бүр 0,1 оноогоор өссөн байна. Эдгээр үзүүлэлтийн өсөлтөд дунд болон их дээд сургуульд хамрагдалт, математик, шинжлэх ухааны боловсролын чанар, ЕБС-ийн интернэтийн хэрэглээ, дотоодын нийлүүлэгчдийн тоо, чанар сайжирсан нь нөлөөлжээ. Харин технологийн бэлэн байдлын үзүүлэлт 0,3 оноогоор буурчээ. Эдгээр 12 үзүүлэлтээс институциудийн чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн боловсронгуй байдал, зах зээлийн хэмжээ гэсэн 4 үзүүлэлтээр авбал зохих онооны 50 хувьд ч хүрч чадаагүй байна.
Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангууд дээр үндэслэн нэгтгэв.
Азийн хөгжиж буй орнуудтай харьцуулахад манай улс эрүүл мэнд ба бага боловсрол, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, технологийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтүүдээр давуу байна. Харин дэд бүтэц, институциудийн чанар, макро эдийн засгийн орчин, бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үр ашиг, санхүүгийн зах зээлийн хөгжил, зах зээлийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдээр эдгээр орноос доогуур байна.
Өрсөлдөх чадварын индексийн 12 тулгуур үзүүлэлтийг бүрдүүлдэг 115 дэд үзүүлэлтээс манай улс 140 гаруй орноос 10 гаруй үзүүлэлтээр эхний 50 байрт багтсан нь тэмдэглүүштэй юм. Эдгээрээс дурдвал, цалин хөлс ба бүтээмж (14-р байр), цалин хөлс тогтооход уян хатан байдал (17), татварын нийт хувь хэмжээ (21-р байр), хөрөнгө оруулагчийн хамгаалалт (22-р байр), бизнес эхлэн эрхлэхэд шаардагдах журмын тоо (32-р байр), ДНБ-д эзлэх үндэсний хуримтлалын хувь хэмжээ (33-р байр) зэрэг юм.
Өрсөлдөх чадварын индексээр улс орнуудыг Заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагтай, Үр ашигт тулгуурласан эдийн засагтай, Инновацид тулгуурласан эдийн засагтай гэсэн хөгжлийн 3 түвшинд хуваан авч үздэг. Манай улс хөгжлийн доод түвшин буюу Заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагтай улс орноос хөгжлийн 2-р түвшин буюу Үр ашигт тулгуурласан эдийн засагтай түвшин рүү шилжиж буй орнуудын ангилалд багтсан хэвээр байна. Заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засагтай улс орны ангилалд Бангладеш, Камбож, Киргиз, Лаос, Мянмар, Таджикистан зэрэг өөрт заяагдсан хямд ажиллах хүч, байгалийн баялагт эдийн засаг нь тулгуурласан буурай хөгжилтэй 37 орон багтаж байна. Заяагдмал нөөцөд тулгуурласан эдийн засгаас Үр ашигт тулгуурласан эдийн засгийн түвшин руу шилжиж буй 16 орон байгаагаас дурдвал Азербайджан, Бутан, Кувейт, Молдав зэрэг улсууд байна. Манай улсын хувьд институциудийн чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал болон бизнесийн төгөлдөршил гэсэн үзүүлэлтүүдийг сайжруулах нь өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Үр ашигт тулгуурласан эдийн засагтай орон болоход чухал юм.
Өрсөлдөх чадварын тайланд тухайн улсад бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлсийг мөн тодорхойлон гаргадаг. 2014 оны судалгаагаар Монгол улсад бизнес эрхлэхэд саад учруулж буй хамгийн гол сөрөг хүчин зүйлсэд төрийн хүнд суртал, авлига, хээл хахуул, гадаад валютын зохицуулалт, мэргэшсэн ажиллах хүчний дутагдал, инфляци, бодлогын тогтворгүй байдал, санхүүжилт авах боломж зэрэг үзүүлэлт орсон байна.
Дэлхийд өрсөлдөх чадвараараа өндөр хөгжилтэй орнууд болох Швейцари, Сингапур, АНУ, Финлянд, Герман, Япон зэрэг улсууд эхний байруудад оржээ. Эдгээр орнуудын хувьд төрийн институциудийн үр ашигтай, ил тод байдал, макро эдийн засгийн тогтвортой байдал, боловсролын чанар, бизнесийн төгөлдөршил, инноваци гаргах чадвар маш өндөр байна. Харин манай урд хөрш Хятад улс 4.89 оноогоор 28-р байранд, хойд хөрш Орос улс 4.37 оноогоор 53-р байранд орсон байна.
Эцэст нь дүгнэхэд Монгол Улсын өрсөлдөх чадвар өмнөх онтой харьцуулахад бага зэрэг сайжирсан боловч авбал зохих онооноос дөнгөж талаас илүү хувийг авсан нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар дорвитой өөрчлөлт гаргах шаардлагатай байгааг харуулж байна. Ялангуяа засаглалын асуудлууд болох институциүдийн чанар, үүн дотроо төрийн албан тушаалтны ашиг, сонирхлын зөрчлийн асуудал, төсвийн зарлагын үрэлгэн байдал, улсын хөрөнгийн ашиглалт зэрэг асуудлуудад нэн тэргүүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Өрсөлдөх чадварын индексийн дүн нь засгийн газар, бизнесийн болон иргэний нийгмийн байгууллагуудын дунд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд зохих хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих