Хаалтын гэрээний хамгийн сүүлийн үеийн жишээнүүдээс дурдахад” Оюутолгой” ХК-ийг нэрлэж болох юм. Өмнөх Засгийн газрын үед тус компани сонины хэдэн нүүр дамжуулан компанийнхаа нэрийг бичээд, эсвэл арай гэж ямар нэг баяр болохоор "Баярын мэнд хүргэе” гээд тавиулахын тулд хэдэн сая төгрөг "цацдаг” байв. Тэр ч байтугай аль ч сонинд бичиж болдоггүй "С.Баярцогт” гэж хүн байв даа. "Байв” гэсний учир нь одоо түүнийг бичиж болдог болчихсон юм. Өчүүхэн миний хувьд гэвэл тэр лут хүнээс "Баян Намсрай” гэдэг нэг "бурхан” авсан нүгэлтэй юм. Тэр "Намсрай” нь "ажилладаг" ч юм уу, үгүй ч юм уу, би гоц баяжаагүй л байна.
Ингээд "хаалтын гэрээ” задарлаа. Пүү, пай л гээд байхаар нь хартал миний унших дуртай "том” сонин, үзэх дуртай "хүчтэй” телевизүүд бүтэн жилийн турш амаа 5-10 сая төгрөгөөр л хаалгадаг юм байна. Юун ч хямдхан юм бэ. Таван сая төгрөгийн өмнө хүлээх хариуцлага гэж юусан билээ. "Хуц” гэчихээд донгодоод байхад тэр гэрээг барьж яваад шүүхдээд юу олж долоох вэ. Тэгэхээр энэ бол ердөө л Засгийн газрыг ч, хэвлэл мэдээллийнхнийг ч муухай харагдуулах "зураг” юм биш үү.
Хятадын нэг компанийнхан сэтгүүлч миний биетэй уулзах санал тавьлаа. Айхавтар өндөр ашиг орлоготойгоо гайхуулж байна. Манай компанийн тухай бичиж болохгүй шүү л гэнэ. Тийм компани Монголд байсныг ч мэдээгүй би яаж тэдний тухай бичих билээ. Бараг л тэнэгийг минь гайхаж манай компанийн тухай муу муухай мэдээлэл гарвал чамтай ярина гэсэн үг. Хэдэн төгрөгний цалин авах вэ гэнэ. "Арван сая” гээд л аваад хаячихлаа. Одоо шуналтайгаар минь дуудаж эхлэв. Танай хэдхэн гол сэтгүүлчид жилд нэг саяыг өгөхөд чиний хэрэггүй болдог юм гэж байна. Болихгүй юу гээд бидний "хамтын ажиллагаа” өндөрлөв. Хөршүүд биднийг судалчихжээ. Монголын сэтгүүлчдийн үнэ цэнэ энэ. Зүүдэлсээр мөрөөдсөөр хүрсэн, насан туршдаа үл хагацах сэтгүүлчийг ингэж үнэлж байгааг харах сайхан гэж үү. Сэтгүүлчид ч яахав, өнгөрсөн он жилүүдийн алдаа, онооных нь "шагнал, шийтгэл” энэ гэж бодъё.
Ардчиллын тулгуур зарчмын нэгд мэдээлэл авах эрх чөлөө ордог байлаа. Одоо тулгуур зарчмаа сольчихсон юм шиг байна. Болсон үйл явдлыг бодитоор нь мэдээлэх, үүний үр дүнд уншигч, үзэгч өөрөө дүгнэлт хийдэг энэ эрх чөлөөг чухал гэж надад АН-ын "улаан хувьсгалчид”-ын анхдагч ах нар ухуулан хэлдэг байв. Харин одоо тэр ах нар Засгийн газрыг "удирдах” болсон байна. Бидний амыг хааж, "сайн мэдээ” л түгээ. Муу мэдээг "хаа” гэх болж мөнгө тараасан гэнэ. Сэтгүүлчид ямар Есүс биш дээ. Дандаа л сайн мэдээ тараана гэж юу байх вэ. Муу байвал муу, сайн байвал сайн л гэе л дээ. Үүнийг чинь л ардчилал гээд байгаа биз дээ.
Сэтгүүлзүйн салбарт арав гаруй жил ажиллалаа. "Аймаар мангас” гэгддэг Н.Энхбаярын үед ч цагдаа, тагнуулын газраас утсаар асууж ч байгаагүйсэн. Гэтэл одоо аль нэг дүүргийн цагдаагийн газар, ТЕГ-аас ярьж байна гэсэн хүмүүс "Ир, ирэхгүй бол баривчилна”, "Энд, тэнд уулзъя, өнөөдөр төрсөн өдөр чинь биз дээ” гээд ярих боллоо. Надад аймаар байна. Би "од” биш гэдгээ, "од” болохгүй гэдгээ мэддэг. "Од” болохыг ч хүсдэггүй. Харин "од” болох хүсэлтэй ажлаа муу хийдэг хүмүүст саад хийгээд байгаа минь таалагддаггүй бололтой. Үүнийг л хэлж, бичиж болохгүй юм бол ардчилсан улс орон гэж яриад яах юм бэ.
"Даанч дээ, очиж очиж Ардчилсан намынхан олуулаа болчихсон үед ийм айхавтар цензуртай болчих гэж” гэдэг үгийг дэндүү олон хүний амнаас сонслоо. "Арай ч дээ, шинэчиллийн Засгийн газрынхан хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээ хийлээ гэж үү” гэхээс ой гутаж байна. Зөвхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ гэрээг хийсэн бололтой юм. Яам, агентлагууд, улстөрчид тус бүр хийж байгаа гээд бод доо. Өнөөдөр сэтгүүлч хүн орон сууцанд орохоор "Хэн байр өгөв” гэж харддаг. Хэн ч өгдөггүй юм. Хөдөлмөрөөрөө авдаг. Тэгээд ч "Сэтгүүлч хүн орон сууцанд амьдарч болохгүй” гэсэн хууль байхгүй. Сэтгүүлч хүн гадаадад амрахад, сэтгүүлчийн хүүхэд "British School”-д суралцаж болохгүй мэтээр хардах нь утгагүй. Яагаад сэтгүүлч хүн ур чадвараасаа шалтгаалан хөдөлмөрөө өндөрөө үнэлүүлж болохгүй гэж. Сэтгүүлч хүн бас баян нөхөр, эсвэл эхнэртэй байж болохгүй юу.
Сэтгүүлчдэд сайхан амьдрах цаг ирсэн. Гэхдээ чадвартай бол, хөдөлмөрөө зөв үнэлүүлж чаддаг бол сэтгүүлч биш хүмүүстэй ижил боломжтой. Хатуухан хэлэхэд тэр хаалтын гэрээ гэж яриад байгаа, бүтэн жил амаа хаалгасан гэж яриад байгаа 5-10 сая төгрөгөөр нэг орой хоол идчихээр хэмжээнд бид очсон. Нүдээ нээсэн, "гартаа доллар барьж үзсэн”. Тиймээс "Ерэн хэдэн оны өлсгөлөнгийн он жилүүдийнх шигээ хэвлэл мэдээллийнхний амыг хааж болно гэж бүү андуур! гэж эрх баригчдад хэлье. Очиж очиж Ардчиллынханд ардчиллын тулгуур зарчмыг алдана гэж төсөөлсөнгүй. Эрх чөлөө гэдэг эрхэм үгийг шүлсэндээ хахаж цацан хэлдэг тэд эрх мэдэлд оччихоод мэдээлэл авах, тараах эрхэд халдана, тэр эрхийг хулгайлна гэж бодсон бол "Санасны чинь гарз” гэж хэлье. Хүсэл зорилгоо нэгтгэе. Энэ бол зөвхөн Х.Бат-Ялалт гэдэг хувь хүнтэй нэгдэх хэрэг биш. Бид эрхийнхээ төлөө нэгдэж байгаа хэрэг юм.
Ж.Мөнхбаяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих