Монгол Улсын баатар цолны Алтан таван хошуу тэмдэгээр өчигдөрхөн энгэрээ мялаалгасан ахмад дайчин МАН-ын ахмад гишүүн Пунцагийн Шагдарсүрэн гуайтай ярилцлаа.
-Сайхан намаржиж байна уу Та. Юуны түрүүнд Монгол Улсын баатар цол тэмдэгээр шагнуулсанд баяр хүргье?
-Сайхаан. Та бүрэн сайхан намаржиж байна уу. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ үеэр Монгол Улсын баатар цол авсандаа туйлын баяртай байна. Төр засаг минь миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж, хүлээн авч байгаад өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнөөс талархаж байна. Би энэ шагналыг авч байхдаа энэ бол Монгол Зөвлөлтийн дайчдын байгуулсан гавъяаны бэлэг тэмдэг, мартагдашгүй түүхэн үйл явдлыг бэлэг тэмдэг гэж бишрэн бодсон шүү. Үнэхээр баяртай байна.
-Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч нь Та юм даа?
-Тиймээ. Ер нь миний үеийн хүмүүс ховордсон амьтад шиг л боллоо шүү дээ. Би амьдралд хөл тавихдаа л цэргийн дарга болно гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань ч биелэлээ олсон. Таны хэлсэн шиг би дайны түүхэн гэрч. Тиймээс төр засаг өндрөөр үнэллээ. Миний амьдралын 50 гаруй жил ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтголын төлөө зориулагдсан. Дайны цагт буу барин тулалдаж, харин энх тайван цагт олон улсын хэмжээнд Монгол Улсынхаа тусгаар тогнох байдлыг олон улсын хэмжээнд баталгаажуулах ажилд зүтгэсэн. Тухайн үеийг эргэн санавал одоо ч гэсэн миний зүрх үхэх шиг болдог. Ер нь японы цэргийн их хүчтэй монголын морин цэрэг дангаараа тулалдсан бол хүчин мөхөсдөх байсан. Япон танк, буу гэхчилэн техникийн хувьд биднээс хэд дахин илүү зэвсэгтэй байсан юм. Ийм үед Орос орон манай улсын тусгаар тогтнолыг баталгаажуулахаас эхлээд бүхий үед туслаж ирсэн. Ялангуяа Халхын голын байлдаанд 1936 онд байгуулсан гэрээнийхээ дагуу зөвлөлтийн нөхөд маань үнэнчээр дэмжлэг үзүүлсэн. Японы цэргийг Монгол Оросийн цэрэг арми мөр зэрэгцэн тэмцэж бут зохисон түүхтэй. Энэхүү дайнд монгол зөвлөлтийн цэргийн нэгдсэн командлагч домогт жанжин Г.К.Жуковийн удирдлаган дор тушаал биелүүлж явлаа. Энэ бол мартагдашгүй сэтгэлд үлдсэн дурсамжийн нэг.
-Таньтай хамт эх орныхоо төлөө халуун амиа зориулж явсан дайчдынхаа талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Би тэднийгээ дурсан санах их дуртай. Тэр тусмаа өнөөдөр бүр ч илүү санаж байна. Эх орон ард түмнийхээ төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан олон залуус бий. Дайн гэгч бол кинонд гардаг шиг амар зүйл биш. Нүд халтирмаар үйл явлууд өрнөж, хажууд бөмбөг дэлбэрч, би өөрөө ч бөмбөгдөлтөд өртөж, шархтаж явлаа. Суманд өртөх тохиолдолд алхам тутам тохиолдож байсан. Ард түмэн, эх орныхоо төлөө гээд дайнд халуун амиа өгсөн нөхдөө санахаар их харамсч, нулимс гардаг. Дайн гэдэг аймшигтай зүйл. Монгол эх оронд минь дахин хэзээ ч бүү тохиолдог гэж үргэлж бодож явдаг даа.
-МАН 93 жилийн түүхтэй. Харин таныг намаасаа хэдэн насаар ах гэж сонслоо?
-Би намаасаа хоёр насаар ах л даа. МАН-д би 21 настай залуухан хүү байхдаа элсэж байлаа. Түүнээс хойш 74 жил өнгөрчээ. Миний амьдралын замнал ололт, амжилт олон сайхан эрчүүдийн дэмжлэгээр явж ирсэн. МАН надад хүмүүжил боловсрол,туршлага бүхий л зүйлийг өглөө. Мөн миний өмөг түшиг байсаар ирсэн. Үүнийг намынхаа удирдлагууд хэлэхэд сэтгэлд таатай байна. .
-Таныг Х.Чойбалсан гуайн дэргэд 9 жил туслах нарийн бичиг хийсэн гэдэг?
-Дайны
дараа манай улсын Тусгаар тогтнол дэлхий дахинд бэхжиж, хүлээн
зөвшөөрөгдөж эхэлсэн. Тухайн үед дайнд сайн тулалдсан 5 хүнийг намын
төв хорооны мэдэлд шилжүүлнэ гэсэн байсан байгаа юм. Тэгээд
шалгаруулалтад би тэнцсэн. Ер нь манай хорооны сайд нар л голдуу дээд
тушаалд томилогдож байв. Манай хорооны эвлэлийн үүрийн дарга Тээврийн
яамны сайдаар томилогдож байсан санагдана. Би Х.Чойбалсан даргад чин
сэтгэлээсээ зүтгэж ажилласан даа. Намайг тухайн үед Х.Чойбалсан гадаад
харилцааны сургуульд явуулсан юм. Тэгээд 1953 онд Олон улсын харилцааны
дээд сургуулийн төгсөж ирсэн цагаасаа тэтгэвэрт гартлаа Монгол Улсын
гадаад харилцаа дипломат албант үнэнч шударгаар зүтгэж ирлээ. Би
Х.Чойбалсангийн амьдралын эцсийн мөчийг хүртэл хамт байсан юм шүү.
-Ярилцсанд баярлалаа. Танд урт удаан наслахыг хүсье.
Д.Анар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих