Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал өчигдөр хаалтаа хийлээ.
Хэдэн өдрийн турш үргэлжилсэн их хурлын хаалтын ажиллагааны дараа
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан хийсэн мэдэгдэлдээ "2013 онд БНХАУ-ын
өмнө тулгарсан хамгийн том сорилт нь эдийн засгийг доош татах хүчин
зүйлс байсан" гэдгийг онцолсны зэрэгцээ 2014 онд нөхцөл байдал илүү хүнд
байхыг анхааруулжээ. Мөн 2014 онд тус улсын Засгийн газрын зүгээс
инфляциас сэргийлж, эдийн засгийн илүү чанартай, илүү тогтвортой
өсөлтийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлсэн.
Тодруулбал, ноён
Ерөнхий сайдын хэлснээр 2014 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний
өсөлтийг 7.5 хувьд барих, шинээр ажлын байр бий болгоход ихээхэн
анхаарах аж. Үүнээс гадна Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Көциан
чуулганы хаалтын үеэр сүүдрийн банк буюу банк бус санхүүгийн
байгууллагуудын эрсдлийг анхааралтай ажиглаж байгаагаа ч мэдэгдсэн
байна. Түүнчлэн БНХАУ-ын Засгийн газрын өрийн хэмжээ олон улсын
тогтоосон түвшнээс доогуур байгааг онцолсноос гадна тус улсын 154
иргэний зорчиж явсан онгоц сураггуй алга болсонд гүнээ харамсал
илэрхийлж, иргэдийнхээ хувь заяаны төлөө Засгийн газар санаа зовж
онгоцыг эрж хайх ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байна гэдгээ дуулгажээ.
Мөн эрэн хайх ажиллагааг үр дүнтэй болгохын тулд сансрын хиймэл дагуул
10-ыг ашиглаж байгааг дурджээ.
Г.УЯНГА

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих