Манай улс далайд гарцтай болсноор эдийн засагт эерэгээр нөлөөлнө хэмээн эдийн засагчид хэлж байна. Түүнчлэн олон улсын нийт худалдаа эргэлтийн 70 орчим хувь далайн тээврээр хийдэг аж. Энэ талаар Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын мэргэжилтэн Б.Энхдэлхийтэй ярилцлаа.
-Манай улс далайд гарцтай болох талаар яриад нэлээд удаж байна. Танайх хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай захиргаа 2001 оноос хойш ажиллаж байна. Хөлөг онгоц бүртгэлийг Сингапурт явуулж байгаа. Мөн дотоодын усан замын чиглэлд Хөвсгөл далайгаар аялал хийж байгаа том болон жижиг онгоцонд хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн 2013 оны эхний улиралд БНСУ- ын далайн тээврийн "Саммок шиппинг” компанитай хамтарсан компани байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн онд манай улсын 10 хүнийг сонгон тус улсын 100 хувийн тэтгэлгээр Солонгосын загас агнуур, далайн тээврийн технологийн институтэд гуравдугаар зэргийн далайчин бэлтгэх ангид суралцуулж байгаа.
-Сурч байгаа хүмүүс хэдийд ирэх вэ?
-Одоогоор танхимын хичээлээ үзэж дуусаад үйлдвэрлэлийн дадлага буюу зургаан сарын хугацаатай хөлөг онгоцны дадлагын ажлаар их далайд гарсан байгаа. Дадлагын хугацаагаа дуусгаад тэд Монголын анхны далайчид болох юм. Бид далайн тээвэр эрхлэх боломжтой болсноор энэ салбарт газрын баялгаа их далайгаар тээвэрлэн гуравдагч оронд нийлүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна.
-Хамтарсан компанийн талаар тодруулахгүй юу?
-Өнгөрсөн оны гуравдугаар сарын 2-нд Засгийн газрын хуралдаанаар Солонгосын далайн тээврийн "Саммок шиппинг” компанийг Монгол Улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтарсан компани байгуулах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Тиймээс манай талаас "Монголиан Транспортэйшн Гейт” компанийг сонгон өнгөрсөн нэгдүгээр сарын 9-нд Монгол-Солонгосын далайн тээвэр, ложистикийн чиглэлд хамтын ажиллагааны тав дахь удаагын уулзалтын үеэр хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ үеэр Зам тээврийн яамны дэд сайд Х.Ержан, БНСУ-ын Загас агнуур, далайн хэргийн яамны дэд сайд Жон Ки Жонг нар уг хамтарсан компанийн үйл ажиллагааг дэмжих, далайн тээвэр, ложистикийн чиглэлд хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ингээд энэ оны хоёрдугаар улиралд багтаан туршилтын тээвэр хийхээр төлөвлөсөн.
-Одоогоор туршилт хийсэн тухай ярихгүй байна?
-ОХУ-ын төмөр замыг ашиглан БНАСАУ-ын боомтоор дамжин далайд тээвэр хийх юм. Тодруулбал, Улаанбаатараас-ОХУ-ын "Хассан боомт”-БНАСАУ-ын "Ражин боомт” гэсэн маршрутаар далайгаар тээвэрлэх юм. Нэг үгээр хэлбэл Ражин боомтоор дамжин далайд гарцтай болж байна гэсэн үг. "Ражин боомт” ачих, буулгах гурван зогсоолтой. Нэгдүгээр зогсоолыг БНХАУ түрээсэлдэг. Харин гурав дахийг нь ОХУ түрээсэлж байгаа юм.
-Түрээсийн төлбөрт хэдэн төгрөг төлдөг вэ?
-Хамтарсан компаниас түрээсийн төлбөр гарна гэсэн үг.
-Туршилтын тээвэр удааширч байгаа шалтгаан юу вэ?
-Бид Оросын талтай тохиролцоонд хүрч чадаагүй байна. Хаагуур, яаж явах вэ гэдэг маршрутаа гаргаж байгаатай холбоотойгоор хугацаа бага зэрэг хойшилж байна. Мөн туршилтын тээвэрт "Шарын гол” компанийн угаасан нүүрсийг тээвэрлэхээр болсон. Гэтэл тус компанийн нүүрс угаах тоног төхөөрөмжөө угсарч байгаа гэсэн. Ийм шалтгаанаар хугацаа удааширч байна. Гэхдээ энэ ондоо багтаад туршилтаа явуулна.
-Далайд гарцтай болсноор эдийн засагт үзүүлэх нөлөөллийг тодорхойлооч?
-Дэлхий дээр хийж байгаа нийт тээврийн 70 хувь далайгаар явж байна. Тиймээс бидэнд том боломж.
-Бид далайд гарцгүй учраас хоёр хөршөөс хараат байгаа гэдгийг эдийн засагчид хэлдэг. Тиймээс бидэнд далайд гарцтай болох давуу тал бий юу?
-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш энэ чиглэлээр нэлээд анхаарч ажиллаж байна. Хамтарсан компани байгуулсан нь эхний алхмаа хийсэн гэж хэлж болно. Түүнчлэн БНХАУ-ын дарга Си Зиньпин ирээд тус улсын найман боомтыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсан. Энэ мэтчилэн ажлууд хийгдэж байгаа гэж ойлгож болох юм.
-Тухайлбал?
-Ляонинг муж-Дандун боомт, Далиэн боомт, Зинжоу боомт, Инкоу боомт, Хөбэй муж-Чинхуандау боомт, Хуанхуа боомт тэгээд Тяньжин боомт
-Далайд гарцтай болсноор нүүрсний үнийг өсгөх боломж бий юу?
-Одоогийн байдлаар үүнийг судалж байна. Туршилтын тээврээр нүүрсийг ямар зардлаар тээвэрлэхийг тогтоох юм. Тиймээс ч бид туршилтын тээвэрт илүү анхаарч байгаа.
-Эдийн засагт бодитоор хувь нэмрээ оруулахын тулд ямар ажил хийж байна вэ?
-Бид өөрсдийн нөхцөл бололцоог дайчлан, боломжтой гарцыг хайж байна.
Д.ОЮУНЧИМЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих