1930-аад оны эхээр Зүүн хойд Ази, ялангуяа Монголын дорнод хөрш болсон Манж Го болон Хятадын нутаг дэвсгэрт өрнөсөн их гүрнүүдийн геополитикийн олон жил үргэлжилсэн өрсөлдөөнд Япон, Орос хоёр товойн гарч, Монгол Улс геополитикийн түшиц газар болохын хувьд тэдгээр орны гео-улс төрийн бодлогод нэн чухал байр суурь эзлэх болсон юм. Тиймээс Монголын газар нутаг Оросын хувьд Ази дахь бамбай халхавч, Японы хувьд Алс дорнод, Манжуур, Байгалийн районд нөлөөний хүрээгээ тэлэх стратегийн нэн чухал орон зай гэж тооцогдож байлаа.
Монгол орон XX зууны эхний хагаст дэлхийн болоод бүс нутгийн нөлөө бүхий их гүрнүүдийн ашиг сонирхлын талбар болж байв. Зөвлөлт гүрэн Монголтой харилцахдаа өөрийн үндэсний аюулгүй байдлын эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж байв. И.Сталин чухамхүү энэ эрх ашгийн үүднээс Зөвлөлтийг талархан дагагч, үл дагагч гэж Монголын удирдлагыг хоёр хуваагаад үл дагагсад гэж үзсэн хэн бүхнийг хэлмэгдүүлэн хядаж, залхаан цээрлүүлсэн билээ. Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт гарсан нь маш олон хүчин зүйлийн харилцан үйлчлэлийн үр дагавар байсан бөгөөд тодорхойлогч хүчин зүйл нь их гүрнүүдийн геополитикийн сонирхол байв. Орос орны геополитикийн ашиг сонирхлыг Монголд хэрэгжүүлэхэд хамтын удирдлагын зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн субъект биш, харин Зөвлөлт Орос Улсын төлөө үнэнчээр зүтгэх хэн нэгэн улс төрийн зүтгэлтэн байхад л хангалттай байв. Тэр нь Х.Чойбалсан болов. Тэрээр их баривчилгаа эхлэх ажлыг нарийн төлөвлөгөөтэй эхэлжээ.
1937 оны есдүгээр сарын 10-нд ДЯЯ-ны сайд Х.Чойбалсан, дэд сайд Б.Лосол, сургагч Чопяк нар До яамны ажилтнуудыг цуглуулж хэлсэн үгэндээ "Гэндэн, Дэмид нар Японд урвасан байна. Бид сонор сэрэмжээ өндөр байлгаж хувьсгалын эсэргүү дайсны тагнуултай хайр найргүй тэмцэл явуулан устгана. Хорт хэрэг нэгэнт илэрсэн тул заримыг нь баривчлаад байна. Одооноос эхлэн идэх хоол, унтах нойроо хасаж, дайсанд цохилт өгөх болно. Бидэнд яаралтай хэрэг байгаа учир ажилдаа шууд орно.... Энэ ажлыг таслах хүн байж болохгүй” хэмээн хатуу тушаасан байдаг.
Х.Чойбалсан цэргийн томоохон дарга нарыг Засгийн газрын ордон (одоогийн МУБИС-ийн байр) "Дүрэмт хувцас, одон медаль, буу сэлмээ зүүгээд ир” гэсэн зар тараан хууран мэхлэх аргаар цуглуулж байгаад 1937 оны есдүгээр сарын 10-ны бямба гарагын шөнө 73-ыг нь баривчилснаар өргөн хүрээтэй улс төрийн хядлага, их хэлмэгдүүлэлт эргэлт буцалтгүй болсон байна.
Өмнө дурдсан 115 хүний нэрсийн дотор 22 нь цэргийнх байхаар заасан байтал Чойбалсан 40-ийг баривчилсан төдийгүй цэргийнхэнд онцгой хэрцгий хандсан байна.
Тийнхүү Цэргийн яамны удирдах бие бүрэлдэхүүн, өндөр дээд тушаалын генерал, офицеруудыг баривчилснаар Чингисийн Монголын баатарлаг цэрэг түүхэндээ анх удаа удирдах бие бүрэлдэхүүнгүй болон хувирсан байна.
1937 оны аравдугаар сарын 2-нд гурван хүний бүрэлдэхүүнтэй "Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг шүүхээс гадуур бий болгож, хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрхийг олгосноор Монгол Улсад өргөн хүрээтэй улс төрийн хядлага эргэлт буцалтгүй эхэлжээ. Тус комисс 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл ердөө л жил хагасын хугацаанд 25800 хүний "хэрэг”-ийг таслан хилсээр шийтгэжээ. Эдгээрийн 19 мянга орчим нь лам нар байсан бөгөөд 17 мянгыг нь буудан алахаар ялласан байна.
Үүнээс үзвэл Монгол Улс, үндэстний эсрэг яргалал үйлдэгчдийн хатгах жад, хангинах зэвсгийн торгон үзүүр чухамхүү лам нарын эсрэг чиглэсэн нь тодорхой бөгөөд давын өмнө бурхны номонд боловсорсон эрдэмт хувраг, хутагт, хувилгаадыг сорчлон барьж, хороохоор улайрч байсан нь түүхэн үйл явцаас харагдана.
Тийнхүү 1930-аад онд БНМАУ-д "хувьсгалын эсэргүү” нарын эсрэг тэмцлийг тууштай хийх үүрэг даалгаварыг Коминтерний дээрэнгүй "гео” үзэл суртлын удирдагч И.Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголын эрх баригчдад удаа дараа өгч, зарим тохиолдолд биелүүлсэнгүй хэмээн зэмлэн буруушааж, илэрхий зааварлан тушааж, ятган шаардаж, элдвээр дарамталж байж гүйцэлдүүлэх харгис бодлого баримталж байсан нь хоёр улсын удирдагчдын хэд хэдэн удаагийн уулзалт ярианы явцад И. В. Сталины хэлсэн үг, яриа, байр сууриас тодорхой илрэн гарч байлаа.
Тухайлбал И.В. Сталин 1933 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн яамны сайд С.Довчин, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир нартай уулзсан уулзалт дээр "Лам нар чинь улсын доторхи улс гэсэн үг байна. Чингис хаан бол үүнийг хүлцэхгүй, тэднийг бүгдийг хядах байсан” гэж зааварлажээ.
Үүнээс хойш ч Сталин лам нарыг устгах асуудлыг дараа, дараагийн уулзалт дээр дахин давтан тулган шаардсаар байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн уулзалт дээр "Үндэсний хүчирхэгжил лам нарын хүчирхэгжилтэй зэрэгцэн байх нь тааршгүй зүйл юм. Лам нар бол …уналтын бүтээгдэхүүн мөн. Чингис хааны үед лам нар байгаагүй. Монголд лам үүсч хөгжсөн нь Монгол гүрний уналттай холбоотой” хэмээн онцлон сэнхрүүлэхийг оролджээ. Сталин энэ үгийнхээ дараа "лам нарын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэгч Засгийн газар шаардагдаж байна. Ийм Засгийн газар бидний холбоотон байх болно” хэмээн өөрийн байр сууриа тулган хатуу мэдэгджээ.
Тийнхүү Монголыг монголоор нь багалзуурдуулах их гүрний бодлого эрчээ авч, Сталины хүсэл, шаардлагыг биелүүлэх улс төрийн хядлага 1937 оны намар Чингисийн Монголын гал голомтыг сахисан БНМАУ-д өрнөсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдал болсон юм.
Үг дуугүй буудаад байвал "Оросууд монголд зарлаагүй дайн хийж байна” хэмээн ар, өвөр монголчууд төдийгүй дэлхий дахин жигших учир тэр хядлагаа халхлах зорилгоор "Лхүмбийн хэрэг”, "Гэндэн, Дэмидийн хэрэг” гэх мэт нэртэй, аль болох олон хүнийг баривчлан гэсгээж болохуйц хэргүүдийг зохиож, түүндээ хүмүүсийг олноор нь хоморголон хядах аргыг сонгон хэрэгжүүлсэн байна. Тэрхүү алан хядах далд дайндаа Монголд Х.Чойбалсанг "нохойд барьдаг мод болгон” ашиглажээ. Х.Чойбалсан бол тэр үед ноёрхож байсан Сталинизмын дарангуйллын бүтээгдэхүүн бөгөөд түүний буруу нь Сталинд үнэнч дуулгавартай зарц мэт үнэнчээр зүтгэхээс П.Гэндэн, А.Амар, Ж.Лхүмбэ нарын зүтгэлтнүүд шиг татгалзахгүй байснаар үл барам элэг нэгт Монгол ахан дүү нараа хайр найргүй хядсан аллагын Монгол дахь дээд удирдагч байсан явдал мөн.
1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол Улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН-ын удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болов.
Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ. Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртсөн нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
Монголын түүх, эдийн болон оюуны соёлын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан үндэстний дархлаа, урлагийн хосгүй үнэт дурсгалууд, 767 сүм хийд сүйрэлд автаж, Монголын нийгмийн оюун санааны амьдрал, соёлын өв сан, хэв заншил, нийгмийн харилцааны ёс журамд асар их гарз хохирол учирсан байна.
Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг "үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилгыг "сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон урьгалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд хүргэжээ. Ийм учраас Монголд дахин улс төрийн их хэлмэгдүүлэлт, хэлмэгдлийн алдаа дахин давтагдах ёсгүй юм.
1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуультай болж эрх зүйт төр төлөвшин, хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан хууль, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Үүний хамт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, холбоод ажиллаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн аливаа илрэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодитой хүчин гэж үзэж болох юм. Хэдийгээр эрх зүйт төрийн тогтолцоо бүрэлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч, хөгжлийн түвшин доогуур, хүн амын амжиргааны төвшин дорой, нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа энэ үед улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага юм.
Нөгөөтэйгүүр улс төрийн нам, бизнес, ашиг сонирхлын бүлэглэлүүдийн өрсөлдөөн нь улс төрийн соёл, эрх зүй, монгол зан заншлын наад захын хэм хэмжээнээс хэтэрч, улмаар улс төрийн улайрсан өрсөлдөөн антагонизмд хүрэхэд ойрхон болоод байгааг улстөрчид өөрсдөө ухаарахгүй бол оройтно шүү гэдгийг анхааруулья. Учир нь "төрийн махны машин” нэг л ажиллаад эхэлвэл хэлмэгдүүлсэн, хэлмэгдсэн бүхэн тэр машиндаа өртдөгийг 1930-аад оны төрийн террорын түүх харуулнам бус уу?
Тийм аюултай учраас Монголын жирийн иргэдээс эхлэн улстөрчид, төрийн бодлоготон хүн бүр хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө хичээх учиртай. Үүний хамгийн гол баталгаа нь Монголынхоо төлөө эе эвээ эрхэмлэхэд л оршино.
Д.ХОРОЛДАМБА
ЦАУЗБУК-ын Судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан, доктор
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих